Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод жюү жицүгийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр тус тэмцээний нээлтийн ёслол болж, Олон улсын жюү жүцүгийн холбоо (JJIF)-ны ерөнхийлөгч Грек улсын иргэн Панагиотис Теодоропоулос мэндчилгээ дэвшүүллээ.
“Монголын Жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгч, Монголын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч, 2023 оны Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч,
Эрхэм тамирчид, шүүгчид, дасгалжуулагчид, Хүндэт нөхөд, ноёд, хатагтай нараа
Жюү жицүгийн дэлхийн шилдэг тамирчид Улаанбаатар хотноо хуран цуглаж, Монгол орны баялаг түүх, өв соёлтой танилцах түүхэн үйл явдал тохиож байна. Олон жилийн бэлтгэл сургуулилт, томоохон сорилт бүхий тэмцээн уралдаануудын үр дүнд бий болсон дэлхийн чансааны барилдаанаа үзүүлэхээр тамирчид маань сэтгэл догдлон хүлээж байна. Тэд маань спорт, ур чадвар, нөхөрлөлийн төлөө нэгэн дээвэр дор эвлэлдэн нэгдэж, энэхүү Спорт Ордон Жюү жицүгийн онгодоор ийнхүү хөглөгдлөө.
Олон улсын жюү жицүгийн холбооны гишүүд бид тамирчид та бүхэнд шударга өрсөлдөөнийг бий болгох, өөрсдийн онцлог ур чадваруудаа харуулах талбар, мөрөөдлөө биелүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхааран ажилладаг. Тийнхүү, тамирчдаа, өнөөдөр та бүхний тэмцэлдэх талбар бэлэн боллоо.
Олон улсын жюү жицүгийн холбоо нь улс төрөөс ангид байж, хүний нэр төрийг сахин хамгаалахад чиглэсэн энх тайванч нийгмийг дэмжих зорилго тавин ажилладаг спортын анхны холбоо юм. Бид улс төрийн хувьд төвийг сахиж, хүн төрөлхтний эв нэгдэлтэй хөгжилд жюү жицүгийн хувь нэмрийг оруулахыг эрхэм зорилгоо болгодог.
Спортын ёс зүй, шударга тоглолт, харилцан хүндэтгэл, анд нөхөрлөл гэдэг нь тэмцээнд оролцож буй тамирчдаар дамжин биеллээ олдог үнэт зүйл юм. Бид тамирчдаа хамгаална. Бид тэмцээнээ ч хамгаална. Бид дэлхийн бүх иргэнд хүндэтгэл, хамтын оршин тогтнол, эв найрамдлын сайн сайхныг хүсэж буйгаа илэрхийлэхийн сацуу, дэлхийн бүх улс төрийн удирдагчдад хандан аль ч зөрчилдөөнөө тамирчдын нуруун дээр биш, улс төрийн шууд яриа хэлэлцээгээр дамжуулан тайван замаар шийдвэрлэхийг хүсэх хүсэлтээ үүгээр мөн илгээж байна.
Эрхэм нөхөд өө,
Монголын жюү жицүгийн Холбоо, зохион байгуулагчид, Азийн жюү жицүгийн холбоо, мөн бид бүхнийг Монгол Улсад халуун дулаанаар угтан авч буй сайн дурын ажилтнууддаа гүнээ талархал илэрхийлье.
Бүх тамирчдадаа тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье.Баярлалаа”
Сэтгэгдэл ( 0 )