Нийслэлд болж байгаа 20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ-д өнөөдөр манай тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэй +70 кг-д Монголын анхны дэлхийн аварга Мягмарын Сугар эхний тойрогт ОХУ-ын Дарья Николаеваг 2:1 ялж, дараагийн тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга, ДАШТ-ий 4 медальт, тивийн 4 удаагийн аварга Колумбийн Кастелло Валентинаг 6:2 ялсан. Хэсгийн аваргын төлөө Канадын дэлхийн аварга Пфаффтай барилдаж, ялагдсан ч хүрэл медалийн төлөө Казахстаны Асеельтэй тун хүнд барилдаан хийж, 4 минут цаг сунгасны эцэст ялалт байгуулан өнөөдрийн хоёр дах хүрэл медалийг авчирлаа.
Барилдааны дараа М.Сугар “Дэлхийн АШТ-ээс анх удаа медаль авч байснаасаа хойш арван жилийн дараа ахин медаль авсандаа баяртай байна. Би 2019 онд Дорноговь аймагт клуб байгуулсан. Манай клубт 40 орчим хүүхэд бэлтгэл сургууль хийж байгаа. Дорноговь аймгаасаа ирж оролцоод хүрэл медаль авлаа. Өрсөлдөгч нар их сайн байлаа. +70 кг-ын жинд орсон чинь арай л том том хүмүүстэй барилдлаа. Хүрэл медалийн төлөө нэмж цаг сунгаад нийт арваад минут барилдаж байж Казахстаны тамирчныг буулгаж авлаа” гэж ярьсан юм.
Сэтгэгдэл ( 0 )