Нийслэлийн "Мөсөн өргөө"-нд 20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ амжилттай үргэлжлэн явагдаж байна.
"Улаанбаатар 2023” дэлхийн аваргын тэмцээний нэгэн онцлох зүйл бол манай сайн дурын ажилтнууд байгаа. Тэд энэхүү тэмцээнийг зохион байгуулахад том үүрэгтэй оролцож байгаа билээ. Ингээд сайн дурын ажилтан Ч.Пүрэвсүрэнтэй уулзан ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Намайг Ч.Пүрэвсүрэн гэдэг. 16 настай. Жюү жицүгийн 2023 оны ДАШТ-ий сайн дурын ажилтан. Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн сурагч. Англи, япон хэлтэй.
-Яагаад спортын тэмцээнд сайн дурын ажилтнаар ажиллах болов?
-Гадаад хэл сурч байгаа хүний хувьд тухайн хэлээрээ харилцах шаардлагатай байдаг. Хэдэн удаа сайн дурын ажилтнаар ажилласны дараа өөрийгөө хүмүүстэй харилцах дуртай юм байна, туслах дуртай юм байна гэдгээ ойлгоод сайн дурын ажилтнаар ажиллахаар шийдсэн.
-600 гаруй тамирчин оролцож байгаа Дэлхийн аваргын том тэмцээнд оролцож байгаа сэтгэгдэл ямар байна?
-Үнэхээр их баярлаж байна. Энэ том тэмцээний нэгэн хэсэг болж байгаадаа баяртай байна. Хоёрдугаарт, бага зэрэг сандарч байна. Учир нь гадаадын зочид миний хийж байгаа үйлдлээр монгол хүн ямар байдаг, монгол хүүхдүүд ямар байдгийг дүгнэнэ. Зан чанар, ёс суртахууныг дүгнэх учир жаахан сандралтай байгаа. Спортын тэмцээн дээр анх удаа ажиллаж байна. Бидний ажил тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө эхэлсэн.
-Гадаадын тамирчид, зочид мэдэхгүй юмаа та бүхнээс асууж тодруулж байгаа. Тэд Монголын талаар ямар сэтгэгдэлтэй байна? Анзаарав уу?
-Анх ирэхэд нь бороо орж байсан болохоор цаг агаар хүйтэн байна гэж хэлж байсан. Дараа нь төсөөлж байснаас өргөн уудам газар нутагтай юм байна гэсэн. Ер нь тэдэнд их таалагдаж байгаа. Степпе Аренагийн гадна ч их уудам газартай тул их гайхаж байсан.
-Жюү жицүгийн талаар мэдлэгтэй, ойлголттой болсон уу?
-Ер нь хараад оноо ингэж өгдөг, дүгнэдэг юм байна гэж мэддэг болсон.
Сэтгэгдэл ( 0 )