ХӨВСГӨЛ I Далай ээжийн сургууль 100 нас хүрлээ

2023 оны 07 сарын 21


Монгол Улсын Ерөнхий боловсролын ууган сургуулиудын нэг Хөвсгөл аймгийн Хатгалын 12 жилийн дунд сургуулийн 100 жилийн ойг улсын их баяр наадмын дараа залгуулан тэмдэглэлээ.

Хөвсгөл далай ээжийн хөвөөнд нэгэн зууны өмнө үүдээ нээсэн тус сургууль өвөрмөц сонин намтартай. Сургууль нээх шийдвэрийг Ардын Засгийн газрын 27 дугаар хуралдаанаас 1922 оны долоодугаар сарын 7-нд гаргаж, жил гаруйн дараа буюу 1923 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Хатгал харуулын Гаалийн хорооны дэргэд үүдийг нь нээжээ. Ардын засгийн анхны сургуулиуд монгол гэрт хичээллэж байсан бол Хатгалын сургууль өөр юм. Есөн цонх, таван тасалгаатай 711 лан, 90 пүнгийн үнэ бүхий байшинтай, гадуур хашаандаа асарт хаалга нэг, асаргүй хаалга нэгтэй тухайн үедээ тохилог орчинд Ж.Гомбосүрэн захиралтай, нэг багш, нэг ажилчин, 25 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Анхны 25 сурагч дотор Ц.Пүрэв, Л.Хүүжий, Б.Даш гэсэн гурван охин байв. Олон ястны өлгий Хөвсгөлийн дархад, урианхай, тува, буриад, хотгойд, халх хүүхүүдийн хэл ярианы аялга өөр өөр учир анхлан  шууд бичиг үсэг заахад хүндрэл үүсэж эхний хагас сард халх аялгад дасгах сургалт явуулсан талаар захирал Ж.Гомбосүрэн тэмдэглэн үлдээжээ. 
 


Эртнээс Хатгал нь өнөөгийнхөөр бол олон улсын худалдааны төвийн шинжтэй суурин байсан тул үүнээс ч өмнө орос бага сургуультай байсныг 1944 онд татан буулгаж Монголын талын мэдэлд шилжүүлсэн байна.

Хатгалын дунд сургуулийг 1944-1945 оны хичээлийн жилээс долоон жилийн, 1954-1955 оны хичээлийн жилээс арван жилийн, 2011 оноос 12 жилийн дунд сургууль болгож, 2012 оноос эхлэн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болгосон юм. Аялал жуулчлалын тулгуур төвийн гол зангилаа учраас ийнхүү тус сургууль англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болоод 11 жилийг үджээ. Өдгөө тус сургууль 40 гаруй багш, 750 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж буй ажээ.

Сургуулийнхаа ойгоор үе үеийн олон төгсөгч бодит хандив өргөсний дотор ахмад багш Я.Чулуунбаатарын санаачлагаар, түүнтэй хамт суралцаж төгссөн нэгэн ангийнхан болох 1976 оны төгсөгчид, мөн 1991 оны наймдугаар анги, 1985 оны нэгдүгээр анги, 1999, 2008, 2012, 2018 оны төгсөлтийнхний хандиваар сагсан бөмбөгийн 3х3-ын орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн талбайг байгуулж хүлээлгэн өгсөн нь сурагчдын хүсэн хүлээж байсан мөрөөдлийн талбай болж чаджээ.
 

Тус сургуулийн ахмад багш нарын нэг, Ардын боловсролын тэргүүний ажилтан Я.Чулуунбаатар 100 жилийн ойн нээлт дээр тавьсан илтгэлдээ “Түүх удах тусмаа улам үнэ цэнтэй болдог. Зуун жилийн хугацаанд энэ сургуульд ажиллаж, хөдөлмөрлөж, сурган хүмүүжүүлж, өөрийн бүхий л хүч хөдөлмөрөө зориулсан эргэн санахгүй байхын аргагүй олон хүнийхээ дурсгалыг хүндэтгэе. Миний бие цэнхэр далайнхаа хөвөөнд төрж өсөж, Хатгалын 10 жилийн дунд сургуульд суралцан төгсөж, багшийн мэргэжил эзэмшээд энэ хүндтэй сургуулиасаа ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж, 40 гаруй жил ажиллаад гавьяаны амралтад гарсандаа баяртай байдаг. Хатгал хот ид хөгжиж цэцэглэж байсан тэр сайхан үед өсөж өндийж, сурч хүмүүжсэндээ маш их баярладгийн зэрэгцээ Хатгалын сургуулийн тухай дурсахад тэр үед хамт суралцаж байсан найз нөхдийн минь царай зүс, хичээл зааж байсан багш нар, хамт олон, удирдлагууд өөрийн эрхгүй нүдэнд харагддаг. Анх надад А үсэг заасан багш Мядган, ахмад захирал Доржсүрэн, Өлзийбадрах, Монгол Улсын гавьяат багш математикийн Пүрэвжий, Товуу, гавьяагүй гавьяат агсан монгол хэлний Б.Нацагдорж, З.Нямжав, Л.Рагчаа, шатрын дэлхийн аварга Мягмарсүрэн, математикийн А.Цэвэлмаа, Д.Янжмаа, С.Бямбажав,  Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Жинжиймаа, Р.Механик, Чулуун, Д.Даш, химийн багш Т.Дорж, Отгоо, Отгожий, Цоодол, Ядамсүрэн, А.Таня, Шугам зургийн Чулуунбаатар, орос хэлний Я.Мөнхчулуун, Бадамгарав, улсын 100 метрийн гүйлтийн рекорд тогтоосон Б.Уртнасан, дуу хөгжмийн М.Баярмагнай гээд олон багшаараа бахархдаг. Намайг 1978 онд Багшийн сургууль төгсөж төрөлх сургуульдаа ирэхэд манай сургуулийн оргил үе, 1700 гаруй сурагчтай, 100 гаруй багш, ажиллагсадтай, 9-10-р анги нь 4-5 бүлэгтэй, тойргийн сумдын хүүхдийг хамран сургадаг өнөр өтгөн ам бүлтэй сургууль байлаа. Элсэлтийн шалгалтад Хатгалын хүүхдүүд аймагтаа айрагддаг байсан. Миний хувьд энэ сайхан сургуульдаа надад хичээл зааж байсан багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллахад бахархалтай ч юм шиг, сүрдмээр ч юм шиг санагдаж байж билээ. Ачит сургуулийнхаа тухай дурсаад дурсаад дундаршгүй. Зуун жилийн түүхтэй ууган сургууль минь улам хөгжин дэвжих болтугай” гэлээ.

Олон багш, төгсөгчид сургуулийнхаа түүхийг нэгтгэн харуулсан жинтэй үг хэлцгээсэн юм. Далай ээжийн сургуулийн 100 жилийн ой сурагч багачуудаа урамшуулахын зэрэгцээ эрийн гурван наадамтай, хүндэтгэлийн арга хэмжээтэй ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top