Хүн бүрийн дотор нялхаараа, эрх бяцхан жаал бий. Хэлж, ярилцаж л байхгүй бол зөв байсан ч бурууддаг жамтай гэх үг нь сэтгэлд мөнхлөгдөж билээ. Дунд ангиа төгсөөд ахлах ангид орох хавар анги даасан багш маань ууртай, ааштай гэгдэх Түүх, нийгмийн багш байлаа.
Хичээлийн эхний өдөр шинэ анги, шинэ хүүхдүүд, шинэ багш гээд танихгүй орчин угтав. Дотроо энэ ангид идээшихгүй нь дээ гэж бодохын зэрэгцээ багшийн ууртай гэмээр хөмсгөө зангидсан царай руу харахаас ч айж сандарч билээ. Ингээд нэг мэдэхэд л эхний улирал дуусч хоёр дахь улирал эхлэв. Энэ үед ууртай царайтай багш маань аав шиг минь дотно санагдаж, хэзээ ч дасахгүй мэт байсан ангийн хүүхдүүд минь гэр бүл шиг дотно санагдаж эхэлсэн.
Инээж уурлаж, баярлаж гунигласан гурван жил харвасан сум шиг өнгөрсөн. Анги даасан багшийн минь мэргэшсэн мэргэжил нь Түүх, нийгмийн багш ч гэлээ англи хэл бэлдүүлж, математик зааж, амьдралын ухаанд сургаж, хичээлийн дараа анги нийтийн хийсэн сайн, саар үйлдлийн тухай үглэхэд ядаргаатай, залхуутай санагдаж байсан ч эргээд бодоход эгэлгүй ухаанд суралцуулж, амьдралд сургаж байжээ.
Хичээл хоцорч тасалсан хүүхдийг загнахдаа ч “Яагаад хичээлээ тасалсан”, “Яагаад хоцорсон” гээд цаад учир шалтгаан нь юу болохыг мэдэхийг эрмэлзэнэ, бүр мэднэ. Сэтгэл зүйч биш аталлаа, сэтгэлд нь дэм болж ухаанд нь ухаан болдог байлаа. Хүүхэд бүр унтаад хоцордоггүй, хичээлээ таслья гэж тасалдаггүй. Заримдаа амьдралд нь саад бэрхшээл тулгарч, өөрийнх нь шийдэж чадахгүй олон асуудал тулгарч түүнийгээ шийдэх аргыг олохгүй үедээ хичээлдээ ирэхгүй тасладаг гэж хэлж билээ. Багш минь хүүхэд бүрийг сэхээтэн, гэгээнтэн болгоогүй ч хүүхэд бүрийг хүн шиг хүн болгож. Хүсэл тэмүүлэлтэй болгосон юм. Багшийн минь хүүхдийг гэх сэтгэл аугаа хийгээд энэрэнгүй билээ.
С.НОМИНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )