Монголын баялаг дэлхий нийтэд ил болж, улс гүрэн дамнасан уул уулхайн корпорациуд уралдаж эхэллээ. Оюу толгойн гэрээ алдагдал ихтэй батлагдаж, монголчууд тэнд ажиллаж байгаа Рио Тинто, Айвенхоу майнз зэрэг компаниудыг царайчилж, чихэр горьдсон хүүхэд шиг хушуугаа цорвойлгон суухаас өөр замгүй болов бололтой. Таван толгой ч мөн иймэрхүү замаар явж байх шиг байна. Уг ордын Зүүн Цанхийн хэсэгт гадаадын компаниудыг оруулахаар болсон. Нээлттэй сонгон шалгаруулалтаар Хятад, Орос, Америкийн компаниуд тодорлоо. Өмнөд Солонгосын компаниудын нэгдэл энэ удаа ялагдал хүлээж буй. Хятадууд аль эртнээс дотоодынхоо нүүрсний ордуудыг хааж, 70 жилийн дараа ашиглана гэж байна. Тэдэнд Монголоос маш хямд үнээр нүүрс авах нь илүү ашигтай гэнэ. Хятад санаа гэж үүнийг л хэлдэг ажээ. Хятадууд манай хамгийн сайн хандивлагч, хөрөнгө оруулагчаар шалгарсан нь ч алсын иймэрхүү санааны үүднээс тэр шүү дээ. Манайхан Хятад руу нүүрс гаргахдаа дэлхийн жишигээс хамаагүй доогуур үнэ санал болгож байгаа. Хятадууд Африкаас нүүрс авахдаа тонн тутамд нь 200 доллар төлдөг бол Монголд дөнгөж 48-78 доллар өгч байгаа. Монголын төр, засаг үүнийг тоож байгаа юм алга. Шулуулах тавилантай улс шүү дээ гэх нь холгүй таг чиг байх нь даанч уйтай агаад гашуудалтай. Хятадууд Таван толгойг ашиглахдаа төмөр зам тавина гэлээ. Оросууд ч мөн Сибирьтэй холбосон төмөр зам барихаар төлөвлөөд байна. Алсдаа Монголд ашигтай. Гэхдээ бас болгоомжлох зүйл их. Оросууд Таван толгойн нүүрсийг Хятад болон өмнөд, зүүн өмнөд Азийн орнууд руу гаргана. Монголын компаниудтай өрсөлдөнө гэсэн үг. Америк ч бас ийм л бодолтой байгаа. Хятад бол асар том зах зээл. 2035 он гэхэд тус улсын эрчим хүчний хэрэглээ 75 хувиар өснө. Хилийн бүсдээ цахилгаан станцуудыг олноор барьж байна. Үүндээ Монголын нүүрсийг ашиглана. Манай ураныг ч тэд сонирхож байгаа. УИХ-ын гишүүн С.Оюун саяхан “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Монголд Хятадтай харилцах төмөр зам хэрэгтэй. Гэвч Хятадын уул уурхайн компаниуд стратегийн ордуудыг хууль бусаар булааж авах сонирхолтой байгааг үгүйсгэх аргагүй” гэжээ. Энэ нь зөвхөн түүний дүгнэлт биш юм. Монголын олон шинжээч, мэргэжилтнүүд ингэж үзэж байгаа. Хятадуудын хандлага ч үүнийг батлаад өгөх шиг болж байна. Тэд манай экспортын 84 хувийг хангаж, ашигт малтмалын төрөл бүрийн олборлолт явуулж байгаа. Таван толгойн нэг хэсгийг Хятадууд ашиглахдаа Орос, Америкчуудаас илүү их орлого олохыг эрмэлзэнэ. Ер нь эдгээр гурван улсын компаниудын өрсөлдөөн Монголын улс төрчдийг гартаа оруулах замаар олз ашгаа өсгөх нь гарцаагүй. Манайхан ч мөнгөний төлөө тэдний ар өврөөр одооноос гүйж эхэллээ. Компаний засаглал, улс төрийн эрх мэдэлтэй ийнхүү холилдов. Эндээс хэн их баяжих нь одоогоор бүрхэг ч гэсэн улс төрийн эрх мэдэлтнүүд маань яваандаа мөнгөөр бөөлжих нь холгүй юм болох биз. Учир нь Таван толгой бол төрийн мэдлийнх. Төр хэзээ ч сайн менежер байж чаддаггүйг бид Эрдэнэт, Монголросцветмет зэргээс харж, муу ч гэсэн ойлгодог боллоо. Төрийн өмчийн компаниудад улс төрийн томилгоо маягаар намуудаас хүн томилогддог нь нууц биш. Эрдэнэт гэхэд л МАН-ын саалийн үнээ болсон. Тэнд өнгөрөгч өвөл МАН-ын тодотголтой 10 гаруй хүн томилолт өвөртлөн очсон шүү дээ. Тэгвэл Таван толгойн Зүүн цанхийн хэсэгт хэдийгээр дээрх гурван улсын компани мөнгө босгож ажиллах хэдий ч ард нь манай улс төрийнхөн л нуугдаж байх болов уу. Ингээд бодохоор бас Орос, Хятад, Америкийн бизнесийнхэн манай улсын эрх ашгийг хаан боогдуулах үе ч ирэх л байх даа.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )