Монгол Улсын нүүрсний экспорт 40 сая тонн давж, төсвийн орлого энэ оны долоодугаар сарын байдлаар жилийн өмнөхөөс 3.5 их наядаар өссөн зэрэг эерэг үзүүлэлтүүд бидэнд байгаа ч, эдийн засагт асуудал дагуулж болзошгүй гадаад эрсдэлүүд нэмэгдсээр байна. Өнөөдөр бид нүүрсний экспорт өдөр өдрөөр хэрхэн нэмэгдэж буйг харж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэлцэн шаагиж байх зуур экспортын гол түнш БНХАУ-ын эдийн засаг, тэрдундаа манай түүхий эдийг шингээдэг дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тогтворгүй байдал ноёлж байна. Хамгийн гол нь БНХАУ-ын эдийн засгийн тулгуур салбаруудад бий болоод буй уналтуудын үргэлжлэх хугацаа удаан байж болзошгүй талаар гадаад, дотоодын эдийн засагчид, судлаачид анхааруулан бичиж, хэлж ярьж байна.
БНХАУ-ын эдийн засаг сүүлийн хоёр арванд хурдацтай хөгжиж, багтаамж нь тэлэхийн хэрээр дэлхийн эдийн засаг дахь нөлөөлөл нь улам их болсон. Тиймээс ч энэ улсын эдийн засагт, дотоодод үүсээд буй асуудлууд богино хугацаанд шийдлээ олох уу, эсвэл ужиграх уу гэдэг нь зөвхөн бидэнд биш бусад улс орнуудад хамаатай юм. Өмнөд хөршийн эдийн засгийн уналт, бууралт хийгээд сэргэлтийн хооронд айхтар гал алдчихгүй байх арга зам юу байна вэ гэдэгт бид, тэрдундаа эрх баригчид анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Ялангуяа ирэх он сонгуулийн жил учраас 2024 оны улсын төсөвт үр ашиггүй зардлууд тусгах магадлал тун өндөр. Төсвийн зардлын багагүй хэсэг нь өнгөрсөн жилүүдэд улс орны хөгжлийг урагшлуулахад гэхээсээ эрх баригчдын дараа дараагийн сонгуулийн үйл ажиллагаанд зориулагдсан, тойрог услах маягийн зориулалтаар хуваарилагдаж ирсэн жишиг халагдалгүй өдийг хүрсэн.
Эхэнд хэлсэнчлэн, энэ жилийн тухайд төсвийн орлого өсөлттэй, эерэг үзүүлэлттэй байгаа ч орлогын үндсэн эх үүсвэр нь мөнөөх л цөөн нэр төрлийн түүхий эд тэр дундаа нүүрсний экспортоос голлон хамаарсан чигээрээ, орлогын эх үүсвэр доголон ийм нөхцөлд төсвийн зарлагын үр ашигтай байдлын талаар ярихаас гадна алхмууд хийх зайлшгүй шаардлагатай. Хэмнэлтийн хууль гэж баталсан ч, хэрэг дээрээ яам, агентлагууд нь энэ хуулиа мөрдөлгүй, зөрчсөн олон жишээг аудитын байгууллагаас танилцуулсан. Тэгэхээр хэмнэж, гамнана гээд бүхэл бүтэн хууль баталчихаад хагас дутуу мөрдсөн болж оромддог энэ бүтэц хэдхэн сарын дараа болох сонгуулиас цаадахыг буюу улс орныхоо эдийн засгийг бодох ёстой. Одоо гайгүй байгаа орлого ирэх онд татрах эрсдэлтэй учраас байнга л ярьдаг төсөв сан, мөнгөний бодлогын уялдаагаа хэрхэн яаж хангах юм гэдэг асуудал мэдээж анхаарал татна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнгөрсөн сарын 30-ны өдөр Сангийн яаманд очиж, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүлээлгэн өгч, төсөвтэй холбоотой хариуцлагын асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Спикер хэлэхдээ, “Төсвийн төлөвлөлтөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад үндэслэл болгон ашигладаг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг зөвхөн Засгийн газар дангаар бус УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулдаг байхаар хуульд тусгасан. Төсвийн төлөвлөлтийг буруу тооцоолж, төсвийг баталж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн зарцуулсан бол уг албан тушаалтанд хариуцлага тооцох нөхцөлийг хуульд тусгаснаар сахилга хариуцлагыг чангатгаж өгсөн” гэж тодотгосон. Сангийн сайд Б.Жавхлан “Сангийн яам төсвийн төслийг боловсруулахдаа ил тод, нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн юм.
Энэ оны төсвийг өнгөрсөн оны сүүлээр хэлэлцэх үед, Төсвийн байнгын хорооноос төсөв дэх олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гэсэн ч хэлэлцүүлгийн хүрээнд, төсвийн төслийн ус шүүсийг сайтар шахаж чадсан уу гэвэл, тийм биш. Төсөв төлөвлөх, боловсруулах үйл явц ил тодын шаардлага хангасан хэмжээнд хүрч хэвших шаардлагатай л даа. Спикер болон сайд, дарга нарын хэлж байгаачлан төсвийн төлөвлөлтийг буруу хийж, үр ашиггүй зарцуулсан этгээдүүдэд хариуцлага тооцох хуулийн зохицуулалт нь Хэмнэлтийн хууль шиг алаг цоог юм болоод өнгөрөхгүй гэх баталгаа байхгүй. Эдийн засаг гадаад эрсдэлээс, БНХАУ-ын эдийн засгийн уналтаас хамааран эвгүйтэж болзошгүй байгаа ийм үед сонгуулийн жил угтсан төсвийн төсөлд хаа хаанаа нэн хянамгай хандах хэрэгтэй болов уу.
Сэтгэгдэл ( 1 )
SEKSDNEE XALYYTSI80955877