Монголд анх удаа зүрхний хэм алдагдлын эмгэг цэгийг хөлдөөх аблаци эмчилгээг нэвтрүүллээ

2023 оны 09 сарын 20

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2016 онд анх зүрхний хэм судлалын электрофизиологийн лабораторийн аппарат, тоног төхөөрөмжийг ЭМЯ-ны нэг тэрбум, тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, суурилуулан зүрхний хэм алдагдлын оношлогоо эмчилгээг эх орондоо анх удаа эхлүүлж байсан түүхтэй.

Тэгвэл өдгөө тус эмнэлгийн Зүрхний хэм судлалын төвд зүрхний хэм алдагдлын үеийн пейсмекер эмчилгээг жилд 300 орчим, мөн түлэх хэлбэрийн аблаци эмчилгээг 180 орчим тохиолдолд хийж байгаа бөгөөд дэлхий нийтэд хэрэглэгдэж байгаа зүрхний хэм алдагдлын үеийн бүх төрлийн суулгац эмчилгээг бүрэн нэвтрүүлээд байна.

Зүрх судасны шалтгаант нас баралтын эрсдлийн нэг нь зүрхний хүнд хэлбэрийн хэм алдагдал болох тосгуурын жирвэгнээ өвчин бөгөөд тархинд цус харвалт үүсгэх, зүрхний гэнэтийн нас баралтыг бий болгох зэргээр өвчлөл нас баралтын тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа юм. Тиймээс зүрхний хэм алдагдлын үед эмгэг сэрэл өгч буй цэгийг илрүүлэн, хөлдөөх замаар засах эмчилгээний технологийг Монгол Улсад шинээр нэвтрүүлж, тосгуурын пароксизмаль жирвэгнээ оноштой зургаан эмчлүүлэгчид амжилттай хийлээ.

Тус эмнэлгийн Зүрхний хэм судлалын төвийн эмч мэргэжилтнүүд цаашид энэ төрлийн оношлогоо эмчилгээг бие даан хөгжүүлэх боломжтой болсноор иргэд, үйлчлүүлэгчид эх орондоо харьцангуй хямд өртгөөр хийлгэх, эрүүл мэндтэй холбоотой эдийн засгийн эрсдэлд орохоос сэргийлэх, уг тусламж үйлчилгээг авах зорилгоор гадаад улсад зорчих  урсгалыг тодорхой хувиар бууруулах ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(213.55.224.238) 2023 оны 09 сарын 20

Үнэхээр мундаг байга шүү. Та бүхэндээ баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе

0  |  0
Top