Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж холимог тогтолцоонд шилжүүлснээр УИХ-ын гишүүдийн тоог 126, намуудын саналын босгыг гурван хувь болгон намсгасан. Парламент дахь төлөөллийн тоо нэмэгдэж, намын саналын босгыг таван хувиас гурван хувьд намсгахаар гуравдагчдын орон зайд байгаа улс төрийн намын дарга нар УИХ-ын гишүүн болчихсон мэт хөөрч явна. Зарим дарга нь бүр парламентад бүлэг байгуулчихсан, чуулганы хуралдаанаас завсарлага авч, сэрүүн зүүдэлж явна. Ингэхээс ч өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Нэгдүгээрт, Сонгуулийн тухай хуулиар дээрх зохицуулалтуудыг хийсэн. Хоёрдугаарт, эрх баригчдын нэр хүнд түмэн олны дунд тийм ч сайнгүй байгаа. Гуравдугаарт, АН нь өдгөө ч учраа олоогүй, өнөөх л өвгөдийнхөө гар хөл болсон залуусаар удирдах багаа бүрдүүлсэн нь зодоонтой хэвээрээ сонгуульд оруулахыг харуулж байна. Энэ нь хэнд ашигтай вэ гэхээр гуравдагчдад таатай нөхцөл бүрдүүлж өгнө. Тиймдээ ч гуравдагчдын цөс нь хөөрч, цус нь буцалж байна. Хөөрч буцлахаас ч яахав. Гагцхүү энэ гурван таатай нөхцөл бүрдсэн сонгуульд гуравдагчдын зүгээс ямар намууд парламентад орж ирэх вэ гэх асуулт хариултгүй байна. Үүнд хариулт өгөхийн тулд иргэдийн аж амьдрал, тэдний хандлага, санаа бодол, эрдэмтэн судлаач, шинжээчдийн байр суурь гээд олон зүйлийг харах, ажиглах болно. Тиймээс энэ л нийгмийн хандлага дээр суурилж, ирэх парламентын иж бүрдлийг зураглах гээд үзье.
МОНГОЛ АРДЫН НАМ
Эрх баригчдын нэр хүнд иргэд олон нийтийн дунд тийм ч сайнгүй байгааг нуух хэрэггүй. Учир нь эрх баригчид хөөсөрсөн өндөр тоо хэлж, том том стратеги ярьж, энд тэнд шав тавьж байхад иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт доройтож байгааг хөдөө гадаагүй ярих болсоноос үзэхэд үнэмлэхүй ялалт гэж лав үгүй. Уг нь АН өөдтэйхөн дарга сонгоод дориухан “ажиллагаа” явуулж байгаа бол МАН дангаараа засаглах хэмжээний суудал ч авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Даанч АН үнэхээр ургашгүй байна.
Түүнээс гадна 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа хийж эхүүлсэн том төслүүд нь эхнээсээ царцаж эхэлсэн. Тухайлбал, Дорноговь аймагт баригдаж буй Газрын тосны үйлдвэр, Дархан-Уул аймагт баригдаж буй Хөнгөн үйлдвэрийн паркаас эхлээд олон төсөл гацаанд байгаа. Гэтэл өмнөх төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй байж тэнгэрийн тоо хэлж, том төсөл ярихаар иргэдийн дургүй хүрч байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар намын нэрсийн жагсаалтад орохгүй, Манлайлагчид учраас бүгд тойрогт өрсөлдөнө” гэх байр сууриа илэрхийлсэн. Эрх биш татвар төлөгчдийн мөнгөөр тойргоо услаж, пиар хийж байгаа сайд нар бултаараа унахгүй байх. Гэхдээ л Засгийн газарт байгаа шантаажчин, концесчин, тендерчин сайдуудаас ялалт горьдох хэрэггүй. Генсек нь ийн зарласан учраас тэд тойрогт өрсөлдөж таарна. Магадгүй Намынх нь дарга ч бусад намын дарга нараа уриалан өрсөлдөх ч юм билүү. Одоо байгаа нөхцөл байдлаас харахад МАН парламентад давамгайлах байх. Гэхдээ дангаараа шийдвэр гарах ч боломжгүй хэмжээнд суудал авч болох юм. Магадгүй Засгийн газар ч цаг үеийн байдлаас болж хамтрахдаа ч тулах юм билүү. Нэг асуудал бий. Нэлээд эртнээс намын пиар технологийн шинжтэй, тодорхой үе шаттай “сонсгол” зохион байгуулж, хэвлэл мэдээллээр нэг тунхагласан Хөгжлийн банк, нүүрс, бусад тендер концессийн гэх хэргүүд бий. Одоогоор бол жараахайн төрлийн нөхөдтэй зууралдаж байна. Жинхэнэ эзэд тодрох эсэхээс МАН-ын сонгуулийн дүн ихээхэн хамаарна. Үүнийг намын пиар сонгууль угтсан ажиллагаа төдий болгож, хэдэн жараахай “намнаад” өнгөрөх юм бол ард түмэн дүнгээ тавьж л таарна.
АРДЧИЛСАН НАМ
АН учраа олж, суудлаа эзлэлгүй найман оныг угтахад бэлэн болжээ. Өнөөдөр тамга тэмдэгтэй гэх дарга сонгосон хэдий ч дотоод зодоон байсаар. Л.Гантөмөр АН-ын дарга гээд сууж байгаа ч цаана нь өнөөх хорчин өвгөд нь хэвээрээ байгаа. Арга ядахдаа нэг Тэргүүн дэд дарга, 15 дэд дарга сонгон фракцуудынхаа эрх ашгийг хангалаа хэмээн хөдөлсөн. Гэвч намын дарга, Тэргүүн дэд дарга, 15 дэд даргын дунд эрх ашгийн томоохон зөрчил үүсэж мэднэ. Үүсэх шалтгаан нь АН-ын удирдах бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ гэсэн гурван нөхрийн төлөөний хүмүүс л эксүүдийнхээ дохио зангааг хүлээн, яахаас ч буцахгүй сууна.
Энд Л.Гантөмөр тэргүүтэй 17 дарга АН-ыг удирдах биш дээрх гурван нөхрийн л эрх ашиг явна. С.Баярцогтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МоАХ хэзээ ч АН-ын даргад зөвшөөрөөгүй учраас ийнхүү Тэргүүн дэд гэх албатай үлдсэн. Харин экс Ерөнхийлөгчид маань Л.Гантөмөрийг зөвшөөрсний цаана томоохон тохиролцоо бий байх. Тэд МАН-ын удирдлагуудтай Л.Гантөмөрийг гар бариулчихсан ч байж мэднэ. МАН, “Женко” хоёр С.Баярцогтыг хэзээ ч АН-ын даргад зөвшөөрөхгүй нь ойлгомжтой байсан. Тэгэхээр ийм л “Утсан хүүхэлдэй” дарга нэртэнтэй сонгуульд орно гэдэг байж болохгүй асуудал. Иргэд олон нийт хэдийгээр ардчилал нэр эсгэж байгаад нь АН-ыг дэмждэг болохоос бус Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар болон тэдний гар хөл Л.Гантөмөрийг хэзээ ч дэмжихгүй. Сонгууль болтол чамгүй хугацаа байгаа ч нөхцөл байдал нэг их дээрдэхгүй. Уруудаж л мэднэ. Хэрвээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн поп зан хөдлөөд тойрогт өрсөлдөнө гээд зарлачихвал Л.Гантөмөрийг хөлдөө чирнэ. АН-ын дарга “Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө” гэгчээр тойрогт өрсөлдвөл ялалт байгуулахгүй. Яагаад ч ялалт байгуулахгүй.
ИРГЭНИЙ ЗОРИГ, НОГООН НАМ
Сонгуулийн санал өгөх хуудсан дээр дөрөвдүгээрт эрэмбэтэй ИЗНН-аас гарцаагүй төлөөлөл орж ирнэ. Нэг биш орж ирнэ. Энэ нам нь 2000 оны эхээр байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа парламент, Засгийн газрын түвшинд төлөөлөлтэйгөөр төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлага бүхий улс төрийн хүчин. Сонгогч олон мунхаг биш. Тэд УИХ, Засгийн газрын хэмжээнд хүрч ажиллах зангараг бүхий удирдлагатай, гишүүдтэй улс төрийн хүчин хэрэгтэй гэдгийг ухамсарлаж байгаа. Үүнээс гадна улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байгаа ИЗНН удирдах бүрэлдэхүүндээ шинэчлэл хийж, нэр цэвэр, төрийн албаны дадлага туршлага бүхий хүмүүсээр бүрдүүлж байгааг эх сурвалж хэлнэ лээ.
Улс төрийн 20 гаруй жилийн түүхтэй ИЗНН-аас 4-5 хүн парламентад орж ирэх боломж бий. Гэхдээ сайн баг бүрдэж, бренд гэж болох нэрэндээ дүйхүйц ажиллаж чадвал амжилт үзүүлнэ. Бренд нэр бий болгоход зүтгэсэн хүмүүс нь ч муугүй нэр нүүртэй алба хашиж байсан. Тухайлбал, ИЗНН-ын даргаар ажилласан С.Оюун гэхэд УИХ-д гурав сонгогдож, Гадаад хэргийн болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар тус тус ажиллаж байсан бол мөн даргаар ажиллаж байсан Ц.Ганхуяг ч УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан туршлагатай нэр цэвэр байв. Өдгөө даргаар сонгогдоод байгаа Б.Батбаатарын хувьд ч дүүрэг, нийслэлийн хэмжээнд иргэдээ төлөөлөөд зогсохгүй УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилогдон ажилласан нэр цэвэр, туршлага бүхий улстөрч. Ямартай энэ улс төрийн хүчин айсуй парламентад нэгэн шинэ өнгө байх нь дамжиггүй.
ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ
Өдгөө парламентад нэг төлөөлөлтэйгөөр улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ХҮН-аас хүссэн хүсээгүй төлөөлөл парламентад орж ирнэ. Магадгүй суудлынхаа тоог нэмэж таарна. ХҮН-ыг парламентад төлөөлж байгаа Я.Доржхандын хувьд сайнтай муутай л УИХ-ын гишүүний дөрөв дэх жилээ угтаж байна. Үүнээс үл хамааран, Б.Найдлаагаас эхлээд олон жил улс төр хийсэн туршлага бүхий эрдэм боловсролтой, нэр цэвэр ид дунд насны олон хүн энэ намын удирдах багийг бүрдүүлдэг нь сонгогчдоос яах аргагүй оноо авчирдаг.
Өнгөрөгч 2020 онд яагаад хэн ч мэдэхгүй Я.Доржхандыг сонгов гэхээр дээрх хүчин зүйл л нөлөөлсөн. Нөгөө талаар “Зөв хүн-Электорат эвсэл” байгуулан сонгуульд орсон нь ч зөв болсон байх. Айсуй сонгуулиар ийн эвсэл болон ороод ирэхэд алзахгүй. Дангаараа орсон ч энэ улс төрийн хүчин гурван хувийнхаа босгыг чөлөөтэй давж таарна. Хэрвээ зөв улс төр хийвэл энэ намаас аанай л 4-5 хүн орж ирнэ. Саяхан гэхэд л нэр цэвэр нам нам дамжаагүй загвар өмсөгч залууг эгнээндээ багтаахаас эхлээд сонгууль угтсан ажиллагаа явж байна.
ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ НАМ
ШИНЭ нам нь Сонгуулийн санал өгөх хуудсан дээр нэлээд хойгуур 33-д эрэмбэ эдлэх шинэхэн улс төрийн хүчин хэдий ч иргэд олон нийтийн дунд чамгүй байр сууриа эзлэн, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэд өөрийн гэсэн үзэл баримтлалын индэр дээрээс Төрд сануулга өгч, академик түвшинд үйл ажиллагаа явуулах болсоор хэдэн оныг үдсэн. ШИНЭ нам анхнаасаа удирдах багаа бодлогын түвшинд байгуулахдаа нийгмийн салбар бүрээс эрдэмтэн мэргэдийн төлөөлөл бүрдүүлж ажилласан.
Сүүлийн үед Анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон ШИНЭ намыг сонгож, өдгөө “Хавдаргүй Монгол” хэмээх аяныг Хөвсгөл аймагт эхлүүлчихсэн явна. Энэ мэтээс харахад улс төрийн туршлагатай, эрдэм мэдлэгтэй кадрууд МАН-ыг орхиж ШИНЭ намыг сонгож байна гэдэг ямар нэгэн санаандгүй хэрэг биш. Улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй хэвийн явж ирснээс гадна сүүлийн үед сонгуулийн кампанит ажилдаа зохион байгуулалтай орж байгаа бололтой. Санал өгөх хуудсан дээр нэлээд хойно бичигдэх шинэ тутам улс төрийн хүчин нь чухам яагаад ийнхүү гуравдагчдын орон зайд тодорч байна вэ гэхээр бас л шалтгаан бий. Үүнийг анх УИХ-ын гишүүн асан Л.Болд, Ж.Батзандан нар байгуулж, байгуулсан хоёр гишүүн нь МАН-ынхантай нийлж, “Шударга тав” хэмээх жүжгийн гол дүрд чадварлаг тоглосон учраас ийнхүү индэр дээр гаргаж ирсэн. Харин үүний дараа ШИНЭ намын даргаар ажиллаж байгаа Ц.Гантулга нь намын удирдах бүрэлдэхүүн, гишүүдэд чамгүй анхаарал тавьж, байгуулагдсан цагийн өнгийг нэмж чимсэн үү гэхээс унагааж бүдгэрүүлээгүй. Тэгэхээр энэ өнгө төрхөө хадгалаад сонгуульд ороход бас 2-4 төлөөлөл парламентад суулгах боломжтой.
ЖИЧ
Энэ бол иргэд олон нийтийн санаа бодол, зарим эрдэмтэн судлаач, шинжээчдийн байр сууринд тулгуурласан таамаг. Чухам яагаад улс төрийн 37 нам байхад тавхан намын төлөөллөөс бүрэлдэх парламент зурав гэх асуулт бас л дагалдана. Тэгэхээр ерөөсөө сонгогчдын санаа бодол энд давамгайлна. Юуны өмнө дурдахад БНН-ын Б.Жаргалсайхан, Үнэн ба зөв намын А.Отгонбаатар гэх мэт нөхдийг ард түмэн арай ч сонгохгүй байх гэж найдна. Ийм балай нөхөд цагийн цагт л гудамжинд хашхирч байдаг хойно, үгүй байх. Тэгээд ч Б.Жаргалсайхан татвар төлөгчдийн 14 тэрбум төгрөгийг зээлж авчихаад есөн жил нэг төгрөг төлөөгүй хэрнээ “Би зээлээ төлөхгүй” хэмээн Төрийн ордноос сонгогч олныг доромжилж сууна. Дээр дурдаж зураглаад байгаагаар гуравдагчдын зүгээс УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд ялалт байгуулчих нам хараахан харагдахгүй байна. Хэрвээ тэд сонгуульд эвсэл болж орсон тохиолдолд улам л хүчирхэг болох байх. Харин дан дангаараа сонгуульд орсон тохиолдолд парламентад орсны дараа бүлэг байгуулж болох юм. Гэхдээ 2012 оны сонгуульд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-д бүлэг байгуулж, Засгийн газарт хамтарч байсныг мартаж болохгүй. Магадгүй бусад намуудад ганц нэгэн алдартай, нэр цэвэр хүн орж ирэхээр иргэд тухайн хүнийг бодож нам дугуйлж болох юм. Жишээ нь, БНН олигтойхон нэр нүүртэй хүн намдаа элсүүлж сурталчилгаагаа анхаарахгүй бол Б.Жаргалсайхныг харж хэзээ ч БНН-д санал өгөхгүй. Энэ мэт олон түмэн ганц нэг гайгүй гэсэн хүнээ харж санал өгч байгаад гурван хувийн босго даваад ороод ирэх ганц нэгэн нам байхыг үгүйсгэхгүй. Орж ирлээ ч ганцаараа нэг буланд хашихчаар байгаад дуучин С.Жавхлан шиг үлдэх байх. Уг нь МҮАН хэмээх бренд шахуу нэрийг Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр булшилчихсан, түүнээс парламентад суудал авах эрэмбэтэй нам. Гэхдээ харж л байя. Сонгуулийн саналын хуудсан дээр гуравдугаарт эрэмбэлэгдэх Ногоон нам гэж эртний “эдлэл” бий. Үүнд бол гурван хувийн босго давах магадлал байгаа ч улс төрийн үйл ажиллагаагаа огт идэвхжүүлэхгүй байна. Нөгөө талаар нам эзэмшигч нь парламентад орох нь чухал биш намаа түшиглэн тойрог, саналын наймаа хийх нь илүү ашигтай байдаг бололтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Сонголтоо зөв өгөхөд бэлдэцгээ, сохор, дүлий, сэтгэл зүрхний гажигтай хүмүүсээс татгалз.Хуж эрлийзүүдийг хуугаар нь арчиж хая. Хулгай хийсэн этгээдүүдийг шоронд хорьж, шонд дүүжил, Найр наадам, шоу цэнгэлээ багасгаж эрүүл бай. Эрүүл биенд саруул ухаан оршино.Саруул ухаан мэргэн сонголт хийнэ.\nАМЖИЛТ.