Нийслэлийн залуучуудын ууган байгууллага-Улаанбаатарын хотын ХЗЭ-ийн хороо байгуулагдсаны 100 жилийн ойн төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2023 оны долоодугаар сарын 24-ний өдөр А/841 тоот Захирамж гаргаж, түүхэн ойд зориулсан нэгдсэн арга хэмжээнүүдийг цувралаар зохион байгуулж байна. Ойн арга хэмжээг “Нийслэлийн хөгжил -залуучуудаас” уриан дор зохион байгуулж байгаа юм.
Уг ажлын хүрээнд "Залуучуудын байгууллага, залуучуудын хөгжил, хандлага" сэдвээр үе үеийнхэн оролцсон эрдэм шинжилгээний бага хурал болж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран оролцож, тус газрын дарга Ө.Ган-Өлзий үйл ажиллагааны үеэр илтгэл тавив.
Эрдэм шинжилгээний бага хуралд дүүргүүдийн залуучууд, их, дээд сургууль, коллежийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл, залуучуудын байгууллагын ахмад ажилтнуудаас оролцож Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ж.Рэнцэн-Амгалан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор/Ph.D/ Б.Энхмандах нар хөтлөн явуулсан юм. Бага хурлын үеэр өнөөгийн залуусын өмнө тулгамдаж буй олон асуудлыг эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн багш нар хөндөн ярилаа. 1990 оноос өмнө Монголын нийгмийн хөгжлийг залуучууд түүчээлж, үйлдвэр аж ахуйн газрууд байгуулж, хөдөө аж ахуйг хөгжүүлж байсан бол шинэ нийгэмд шилжсэнээр залуусын өмнө цоо шинэ зорилт, сорилтууд тулгарч ирснийг илтгэгчид дурдаж байв. Монгол Улс хэзээнээсээ залуусын орон байсан, 2000-д оны эхээр нэг үе энэ тоо ялимгүй буурч ирснээ сүүлийн үед дахин нэмэгдэж, 15-34 насны, ид хийж бүтээх үеийн залуус хүн амын ихээхэн хувийг эзлэх болжээ. Монголын хүн амын 60 хувийг 15-64 насныхан эзэлж, голч нас 27,9 байгаа бөгөөд 28-аас доош насныхан ийм олонтой өөр орон дэлхийд байхгүйг доктор/Ph.D/ Б.Энхмандах илтгэлдээ тэмдэглэв.
Өнөөгийн залуусын хувьд ажилгүйдэл, архидалт, үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэл, авлига хээл хахууль хавтгайрсан байдал хөгжиж дэвжихэд нь ихээхэн саад болж байгааг хуралд илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачид дурдаж байлаа.
Түрүүчийн нийгмийн үед оюутнууд бүгд улсаас тэтгэлэг авч суралцдаг байсан бол өнөө үед эцэг эх нь төлбөрийг нь хийдэг, зээл авч сурдаг, тэтгэлэг авдаг, эсвэл өөрөө цагийн ажил хийж төлбөрөө бүрдүүлдэг зэрэг олон хэлбэр, зэрэглэлтэй болсон. Оюутнуудаар цагийн ажил хийлгэдэг зарим байгууллага алдагдлаа тэдний цалингаас суутгаж нөхөх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлдэг. Бага хөлсөөр ажиллуулдаг гэх мэтээр тэднийг хохироож, зарим оюутан цагийн ажилдаа түүртэн хичээл завсардах зэрэг хүндрэл багагүй тохиолдох болжээ. Мөн аав ээж нь нөлөөлөх зэргээс болж буруу мэргэжил сонгодгоос үүдэн хичээлдээ дургүй болох, сурах идэвхгүй байх, сургуулиа орхих байдал ч гардаг байна. МСҮТ-д охид элсэх тоо буурч, их, дээд сургуульд сурахыг эрмэлзэх болжээ.
Баян, ядуугийн зааг холдож, улстөрчид, бизнесийн дээд хүрээнийхэн, содон хүмүүс буюу бөхчүүд, дуучид зэрэг хүмүүс хөрөнгө хогшлоороо дээшээ тасарч, ядуус олширч, нийгмийн ачааны ихэнхийг дааж явах учиртай, өдгөө нийт иргэдийн 58 орчим хувийг эзэлдэг дунд давхрагынхан тун амархан доод түвшин рүү гулсаж болох эгзэгтэй нөхцөлд байгааг ч тэд ярьцгаав. Залуусын цалин хэтэрхий бага, бүр ажлын хөлсийг нь өгөхгүй тохиолдол ч гардаг, улс төрийн намаар ялгаварлан ажлаас халдаг, ажлын байр хүртээмжтэй бус, улирлын чанартай ажиллуулаад явуулдаг, танил тал харж ажилд авдаг зэргээс шалтгаалан эх орон, үр хүүхдээ орхин гадагш цагаачилж ажиллах нь түгээмэл болсон. Залуус улс төрийг тэр бүр сонирхдоггүйгээс сонгуульд оролцохдоо хойрго, дундаас дээш ахмад насныхан сонголт хийдгээс болж залуусын ирээдүй хохирдог. Тиймээс залуу үеийнхэн ирээдүйнхээ төлөө сонгуульд заавал оролцож, төр, засгаа эмхлэх ажилд идэвх гаргах учиртайг хуралд оролцсон залуусын төлөөлөл дэмжиж буйгаа илэрхийлцгээв.
Цаашид залуучуудын хөгжлийг дэмжих цогц болон тусгайлсан хөтөлбөрүүд гаргаж хэрэгжүүлэх, ажлаар хангах талд анхаарах, залууст ёс зүй, соёл төлөвшүүлэх чиглэлийн ажил өрнүүлэх, сошиал ертөнцийн эх захгүй мэдээлэл дундаас зөвхөн өөрт хэрэгтэй, эерэг мэдээллийг сонгон олж авах зэрэгт залуусыг сургахад анхаарах ёстойг эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид тэмдэглэцгээсэн юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
80955877