БАЙР СУУРЬ | Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгуулийн талаар...

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

Ардчилсан намын дэргэдэх АЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгох VI Их чуулган өчигдөр болсон. Энэхүү сонгуульд нийт есөн хүн нэр дэвшээд байсан ч хоёр нь нэрээ татсанаар долоон хүн тунаж үлдсэн юм. Ингээд тус чуулганы үеэр АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн төлөөллөөс байр суурийг нь авснаа хүргэж байна.


Ц.УЯНГА: СОНГУУЛЬ  ШУДАРГА ЯВАГДАНА ГЭСЭН  ИТГЭЛ ТӨРӨХГҮЙ БАЙНА

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр/өчигдөр/ Ерөнхийлөгчөө сонгоно. Энэхүү сонгуульд нэр дэвшиж байгаа хүний хувьд та өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?

-Хүмүүсийн дийлэнх нь мэдэж байгаа байх. Миний хувьд Ардчилсан намыг сонгож, гишүүнээр элсээд хоёр сар гаруйн хугацаа л өнгөрч байна. Нэг ёсондоо дөнгөж үүдээр нь орж ирчихээд зогсож байгаа гэсэн үг. Би өмнө Ардчилсан намыг сонгож, элсэх болсон шалтгаанаа зөндөө илэрхийлсэн.

Манай улсын ардчилалын байдал маш эмзэг байдалд хүрчихсэн. Хувь хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн чөлөөт байдал зөрчигддөг байдал нь бараг хэвийн үзэгдэл болчихсон. Бүр цаашилбал, улс орны тусгаар тогтнол, бие даасан байдал, ардчилсан гэсэн статуст хүрдэл сөргөөр нөлөөлөхуйц байдлаар яригдаад, нийгмийн маргаан болчихсон яюж байгаа. Яг ийм эмзэг цаг үед хэрвээ Ардчилсан нам байр сууриа олоод, институцынхээ хувьд улс төрийн тавцандаа хүчтэйгээр эргэн гарч ирэхгүй бол улс төрийн тэмцэл алдагдана. Хэрэв ингэвэл 3-4 үеэрээ улиран сонгогдслло байгаад Засгийн эрхэнд нэг гарсан улс төрийн хүчний нэг хэсэг хүний баг огт өөрчлөгдөхгүй. Харин манайд өнгөрсөн хугацаанд байсан багууд ямар байсныг өнөөдөр бүгдээрээ харж байна.

-Яг ямар байна вэ, таныхаар?

-Улс орноороо нэг улсын хүчирхийлэлд орох эрсдэл ч байгаа шүү дээ. Ийм болоход нь тухайн үеийн Ардчилсан намын лидерүүд байж төрийн өндөр дээд албан тушаалд хүргэсэн хүмүүс гар бие оролцсон. Тэр нь манай нам дотор үзэл санааны зөрчил үүсгээд хямрал тэмцэлд оруулж, нийгмийн итгэлийг алдсан. Гэхдээ цаанаа хүн бүр ямар ч байдлаар юугаа ч алдсан байсан гэсэн алдаж болохгүй цор ганц зүйл нь үнэт зүйл, эрх чөлөө. Тийм ч болохоор нийгмийн зүгээс маш их хүлээлт байна. Биднийг олон нийт анхааралтай ажиглаж байна шүү дээ. Харин алдагдсан итгэлийг нь Ардчилсан нам олж авахын тулд хийх ёстой ажил бол шинэчлэл.

-Шинэчлэл гэдэг нь?

-Шинэчлэл гэхээр л дарга цэргийг солих, удирдлагын бүрэлдэхүүнд би чи байх гэсэн тохирооны асуудал огт биш. Яг ингэж чөлөөт өрсөлдөөнөөр гарч ирж манлайлж байгаа энэ цаг үеийн зоригтой шийдвэрүүд гаргаад явж байгаа хүмүүстээ боломжийг нь олгох ёстой. Харин үүнийг олгож болдог юм аа гэдгийг ердөө хоёрхон сарын өмнө хаалга тогшоод орж ирсэн би өөрийн биеэр харуулахыг зорьж байна. Ардчилсан намын эмэгтэйчүүдийн байгууллагын сонгууль, өрсөлдөөн дээр нийгэм даяараа нүд чих тавьж анхаарч байгаа нь ардчилалаар ямар их цангасныг харуулж байгаа юм. Тийм ч болохоор манай намын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгч нар хуучин явж ирсэн дов жалга, танил талаараа яваад нөгөө итгэлээ бүр мөсөн алдах уу. Эс бөгөөс энэ бүхнийг шинэчлээд, хамгийн сайн, шударгаар өрсөлдөж чадаж байгаа нэгэндээ боломжийг нь олгоод явах уу гэдгийг шийдэх юм. Мөн би өөрөө энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүдийг дэмжье, харж үзье гээд бүлэглэл, фракцид хуваагаад өөрсдийнхөө гар хөлийн үзүүрт гүйлгэдэг буруу соёлыг халж байж, өөрсдийн үнэт зүйлээ эмэгтэйчүүд гаргаж ирж чадах уу, үгүй юу гэдэг сорилтод өөрийгөө оруулж байна. Хоёрдугаарт, би өөрөө үнэхээр манлайлагч мөн үү, биш үү гэдгээ шалгаж байна.

-Сонгууль хэр шударга явна гэж харж байна вэ?

-Яахав, дөнгөж эхэлж байна. Гэхдээ өнөөдөр/өчигдөр/ энд болж байгаа үйл явцыг харахад энд оролцож байгаа хүмүүсийн өрсөлдөх эрхийг зогсоож байгаа байдалтай л байна гэж харж байгаа. Мэдээж би нотолж чадахгүй ч шударга явагдана гэсэн итгэл төрөхгүй байна. Нам үнэхээр үзэл санаан дээрээ нэгдээд эвлэрсэн үү. Эсвэл хуучин бугшсан арга барилаа шийдэлгүйгээр цаашид сонгууль гэдэг зүйлээр машинаа ажиллуулаад явах нь уу гэдэг сорилт л манай нам дээр ирж байна.

Д.ҮҮРИЙНТУЯА: БҮЛЭГЛЭЛИЙН АСУУДЛЫГ ДАГАВАЛ АРДЧИЛСАН НАМ ХЭВРЭГ БОЛНО

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн, сонгуульд оролцож байгаа хүний хувьд та байр сууриа илэрхийлээч?

-Манай Ардчилсан нам шинэчлэлийнхээ хоёр дахь давлагааг эхлүүлж байгаа. Үүнийхээ хүрээнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулганаар дараагийн удирдлагаа сонгох үйл ажиллагаа өнөөдөр/өчигдөр/ болж байна. Ер нь АЭХ маань намын дэргэдэх нэгэн тулгуур бүтэц байгууллага.

Тиймээс эмэгтэйчүүдтэйгээ намынхаа шинэчлэлийг ярина. Намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлээ хэрхэн, яаж хамгаалах юм. Сүүлийн үед манай нам дотор алдагдаад байгаа жендер харьцааны асуудлаа ч ярьж таарна. Эдгээрээр дамжуулж улс төрийн намд шинэ жишиг тогтоох, намынхаа шинэчлэлийг эмэгтэйчүүд бид манлайлж хэрэгжүүлэх зорилготойгоор би өөрөө АЭХ-ынхоо Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн. Мэдээж өнөөдөр надтай хамт нэр дэвшигч байгаа хүмүүс дотроо би хамгийн олон жил улс төрөөр явсан, туршлага хуримтлуулсан гэдэг талаараа хүүхдүүддээ өөрийнхөө мэдэх, чадах бүхнээ харилцан суралцах, түүхээ хуваалцах байдлаар оролцоно. Өрсөлдөгч гэхээсээ илүүтэй бид хамтдаа цаашдаа олон жил намдаа хамтдаа явж, олон манлайлагч эмэгтэйг араасаа дагуулна. Тиймээс улс төрийн манлайлал үзүүлэх ёстой гэж энэ удаагийн сонгуулийг харж байна. Энэ ч талаас нь хүмүүс харж, оролцоосой гэж бодож байгаа. энэ удаагийн сонгууль нэлээд богино хугацаанд явагдлаа. Гэхдээ энэ хугацаанд нийгэмд төлөвшсөн намын эмэгтэйчүүд нь юу хийж чаддаг вэ, ямар хэмжээний манлайлалтай вэ, ямар өндөр чадвартай эмэгтэйчүүд байдаг вэ гэдгийг харуулж чадаж байна. Дээрээс нь Ардчилсан нам ямар нэгэн шалгуур тавихгүйгээр бүтцийнхээ удирдлагын сонгуульд өрсөлдөх боломжийг бусаддаа олгодог вэ гэдгийг ч үзүүлсэн. Магадгүй гурван хоногийн өмнө элсээд бүтцийнхээ удирдлага, Ерөнхийлөгчид нь нэрээ дэвшүүлэн оролцож болдог нээлттэй нам гэдгийг харсан байх. Энэ нь ч цаашдаа улс төрийн намуудад шинэ соёлыг авч ирэх байх гэж бодож байна.

-Сонгуульд өрсөлдөгч нар нэрээ дэвшүүлснээс хойш та бүхнийг хэн нэгэн хүнийх, эсхүл ямар нэгэн фракцийнх гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар бичсэн. Хэрэв та Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд нэг хүн, эсвэл ямар нэгэн фракц бүлэглэлээс хараат бусаар ажиллаж чадах уу?

-Ардчилсан нам нэг хэсэг хугацаанд нэлээд хнүд үеүдийг туулж дууслаа. Бидний хувьд салж, нийлээд явж байгаад сая нийлсэн. Үүнээс хойш цаашид бид намаа бэхжүүлье, хүчтэй болгоё л гэж бодож байвал ингэж олон салахаасаа илүүтэй үнэт зүйл, үзэл баримтлал, Үндсэн дүрэм дээрээ нэгдсэн хамт олон болох хэрэгтэй. Ингэж чадвал цаашдаа улам илүү хүчирхэг болох учиртай. Харин ямар нэгэн хүний үзэл бодол, бүлэглэлийн асуудлыг дагавал Ардчилсан нам хэврэг болно гэдгийг өнгөрсөн хугацааны сургамжууд бидэнд хангалттай харуулсан. Миний хувьд гэвэл Ардчилсан намынхаа нэгдлийг хангах намын даргын Сонгуулийн хорооны даргаар ажиллаж, бүх бичиг баримтыг нь бүрдүүлж, бүртгэх ажлыг зохион байгуулж оролцсон. Одоо бол харин би аль нэг фракцид хамаарахгүй. Цаашдаа бид эв нэгдэлтэй байж, Монгол Улсад баруун төвийн үзэл баримтлалтай намыг жинхэнэ утгаар нь төрүүлэхийн тулд энэ тал дээрээ түлхүү ярьж, улс орноо яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлого дээрээ нэгдэх ёстой. Ингэж байж Ардчилсан нам маань дараагийн шинэчлэлийн ажилдаа орно гэж харж байгаа. Тийм ч болохоор эмэгтэйчүүдийн байгууллагаа аль нэгэн фракцгүйгээр толгойлж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

-Танай намын эмэгтэйчүүдийн байгууллага өмнөх жилүүдэд хэр ажиллаж ирсэн гэж та үздэг вэ?

-Шинэчлэнэ гэхээр өмнө нь муу ажиллаж байсан юм шиг ойлгож болохгүй. Тухайн цаг үеүддээ түүхэн үүргээ гүйцэтгээд л ирсэн. Энэ удаад Ардчилсан нам анх удаагаа дээд удирдах байгууллагадаа 330 сум, есөн дүүргээс нийтдээ 30 эмэгтэйг сонгосны нэг нь би. Ер нь манай эмэгтэйчүүд гарсан улстөрч нар ард түмэн, нийгэмд хамгийн их үнэлэгддэг хүмүүс байдаг. Яг өөрсдөөрөө тэцэж гарч ирдэг. Энэ утгаараа Ардчилсан нам эмэгтэйчүүдээ сонсож, нэр дэвшүүлж чаддаг нь харагддаг. Тийм ч болохоор эмэгтэйчүүд маань өнгөрснийг ярих гэхээсээ илүүтэй дараагийн шинэчлэлийг хэрхэн хийх юм, тэр манлайлалд хамтдаа яаж хүрэх юм гэдгээ л ярина.

-Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?

-Бид бол намын дэргэдэх байгууллага, тусдаа төрийн бус ч юм уу, улс төрийн нам биш. Тиймээс намдаа яаж улс төрийн дэмжлэг үзүүлэх вэ, яаж эмэгтэй манлайлагч нарыг гаргаж ирэх вэ, намаа хэрхэн ялалтад хүргэх вэ гэсэн бодлогыг л ярих ёстой. Түүнээс биш төрийн бодлогод нөлөөлнө, асуудлыг шийднэ, тусдаа үйл ажиллагаа явуулна, төсөв хөрөнгөтэй байна гэдэг зүйлийг ярихгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top