АН-ыг насаараа “мэрсэн” Ерөнхийлөгч, дарга, сайд гэсэн аснууд санал нэгдэн Л.Гантөмөрийг АН-ын даргаар тавьчихаад эрх ашгаа хангуулахын төлөө тарчлааж байна. Эрх баригч нам АН-ын даргад Л.Гантөмөрөөс өөр дүр зөвшөөрөөгүй гэх яриа ч оргүй зүйл биш бололтой. Тиймээс шинэхэн дарга өнгөрөгч наймдугаар сард АН-ын Үндэсний бодлогын хороог хуралдуулж, нэг Тэргүүн дэд дарга, 15 дэд дарга сонгосон. Бүгдийн эрх ашгийг хангах ам өчгөө өгсөн даргад үүнээс өөр сонголт байхгүй. Ингэж л тэр зөвшөөрч гар барилцсан аснуудын төлөөллийг оруулж ирэх гэж дороо 16 толгой залан үйлээ үзэж байна. Бүхий л шатандаа шинэчлэл нэрээр фракцуудын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр шахам томилсоор байгааг хаа хаанаа мэднэ. Саяхан таван Зөвлөхөө томиллоо. Мөн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөө сонголоо. Өдгөө нийслэлийн АН-ын даргыг сонгох “сунгаа” ил далд өрнөж байна. Харин Ерөнхий нарийн бичгийн даргыг талууд тохиролцож чадахгүй орхисон. Тэгэхээр учраа олохыг хичээх АН дотор болж буй үйл явдлаас тоймлон хүргэхийг зорилоо.
АН-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛОГОО 15 ДЭД ДАРГААСАА НЭР ХҮНДТЭЙ БАЙНА
АН-ын дарга Л.Гантөмөрийн орон тооны зөвлөхүүдэд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Г.Ганбаатар, комедиан Н.Амаржин, Физикийн ухаан доктор Н.Тэгшбаяр, жүжигчин Ж.Баясгалан, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Бадарсан нарыг албан ёсоор томилсон нь олон нийтэд 15 Дэд даргаасаа илүүтэй таалагдаж байгаа бололтой. Энэ нь тэднийг АН-ын даргад зөвлөөд зогсохгүй салбар салбарынхаа болон иргэдийн төлөөлөл байж чадна гэж үзэж байгаа хэрэг. Арга ч үгүй. Г.Ганбаатарын хувьд орон нутагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан, орон нутаг, иргэдийн ахуй амьдрал сайн мэдэх хүний нэг учраас тэдний төлөөлөл, зөвлөх байж болно гэж үзсэн бол Н.Амаржинг залуусын төлөөлөл байх хэрэгтэй гэх үүднээс оруулж ирсэн болов уу. Харин Физикийн ухааны доктор Н.Тэгшбаярын хувьд салбартаа агентлаг, газар удирдан ажиллаж байсан туршлагатай эрдэмтэн учраас шинжлэх ухааны зүгээс үнэтэй зөвлөгч байж чадна гэж үзжээ. Л.Гантөмөр дарга Шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшил асар хурдтай давшиж яваа өнөө үед эрдэмтэн докторуудын байр суурь юу юунаас чухал хэмээн үзсэн нь ирээдүйд гэрэл гэгээ нэмж байна гэдгийг намын гишүүд, дэмжигчид хэлж байна.
Түүнчлэн Д.Бадарсанг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдийн төлөөлөл болдог учраас тэдний дуу хоолойг АН-ын даргад хүргэж, зөвлөж чадна гэж үзсэн. Үүнээс гадна жүжигчин Ж.Баясгаланг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байж энэ тал дээр чадварлаг зөвлөгч байна гэж үзсэн аж. АН-ын даргын Зөвлөхүүдийн томилгоог харж байхад 15 дэд даргаасаа илүүтэй нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь цаашид олон жил үймээнтэй явсан АН-ын рейтингэд ч эерэг нөлөө үзүүлж таарна.
НИЙСЛЭЛИЙН АН-ЫГ ЦЭГЦЛЭХЭД Э.БАТ-ҮҮЛ ТЭРГҮҮТЭЙ ӨВГӨД СААД БОЛОХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ
АН дотоод фракцуудынхаа эрх ашгийг хангах үүднээс нэг Тэргүүн дэд дарга, 15 Дэд дарга сонгоод улс төрийн үйл ажиллагаанд идэвхийлэн орсон. Фракцуудын ч юу байхав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нарын хүмүүс удирдлагын багт байрлал эзэлсэн. Хаанаас ч тэсэрч мэдэх бөмбөгнүүд өвгөдийнхөө үгээр бөмбөрч явна. Одоо нийслэлийн АН-ыг цэгцлэхээр хэлцэл хийж байна. Хэлцэл хийж байна гэсний учир нь аанай л дээрх гурван эрхмийн эрх ашиг энд хүрч очно. Одоогийн байдлаар Ц.Баатархүү, М.Тулгат, Д.Бадарсан нарын нэрс албан ёсоор яригдаж байгаа.
Нийслэл хэмээх том айлын АН-ын бүтцийг шинэчлэхгүй цааш явах арга байхгүй. АН 2012 онд түүхэндээ анх удаа Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, хөөрөхдөө Э.Бат-Үүлд нийслэлийн АН-ыг өгчихсөн. Үүнээс хойш тасралтгүй уруудсаар байгаа гэхэд болно. Үүний дараа хотын АН-ыг УИХ-ын гишүүн асан Д.Баттулгад өгсөн. Ахиад 2021 онд Э.Бат-Үүлд өгснөөр улам бүр уруудсаар өнөөдөрт ирсэн. Тэгэхээр нийслэлийн АН-ыг өвгөдийн гараас салган авч, өөд татах цаг нь болсон. Нийслэлийн АН бол яах аргагүй том бүтэцтэй байгууллага. Тэд намын даргын нөлөөллөөс ангид буюу есөн дүүргийн төлөөлөл орж Нийслэлийн намын хороо хэнийг даргаар томилохоо өөрсдөө шийддэг бүрэн эрхтэй. Тиймдээ ч АН-ын дарга Л.Гантөмөр нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн талаар хэлэхдээ “Олонхийн дэмжлэг авч чадсан хүн нь намаа удирдах ёстой. Түүнээс Л.Гантөмөр шууд нийслэлийн намыг удирдана, дүүргүүдийг удирдана гэвэл миний стратеги гаргах ажил яагаад ч амжихгүй” гэсэн байна лээ. АН-ын дарга хэдийгээр ийн байр сууриа илэрхийлж байгаа ч өнөөх л өвгөдийн зодоон үргэлжилж байгааг анзаарч болно. Тэд нийслэлийн АН-ын дарга байтугай баг хорооны АН-ыг өөрийн байлгахыг зорьдог хүмүүс. Тухайлбал, Д.Бадарсангийн хувьд Э.Бат-Үүлийн суудлаа уламжлан өгөхөөр бэлтгэсэн хүн гэхэд болно. Тэрбээр Э.Бат-Үүлийг Хотын даргаар ажиллаж байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллан мандаж байв. Зарим талаараа хэтэвч ч нэг болчихдог ахан дүүс гэдэг. Тиймээс АН-ын гишүүд дэмжигчид нийслэлийн АН-ыг цэгцлэхэд Э.Бат-Үүл тэргүүтэй өвгөд гай бололгүй байхыг сануулсан юм.
АН-ЫН 15 ТОЛГОЙ ХААШАА ХАРЖ АЖИЛЛАХАА САЯ НЭГ ЗАРЛАЛАА
Өнгөрөгч баасан гарагт АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт шинээр томилогдсон 15 дэд дарга ямар чиг үүрэгтэй ажиллах талаар мэдээлэл өглөө. Түүнээс бус анх томилогдохдоо чухам ямар чиглэлээр юу хийхээ ч мэдэхгүй 15 Дэд дарга томилогдож, сарын дараа чиг зүгээ гаргаж байна гэсэн үг. Шуудхан хэлэхэд фракцуудын эрх ашгийг хангахын тулд ямар ч стратеги төлөвлөгөө байхгүй 15 Дэд дарга томилсон гэсэн үг. Зүйрлэвээс “Чингис” бондын мөнгийг ямар ч төлөвлөгөөгүй босгож тараачихаад, тэр нь Хөгжлийн банкны гэх их хэргийг босгоод буй. Үүн лугаа зүйл болсон.
Эдгээр 15 толгойг дурдахад О.Алтангэрэл Хүний эрхийн бодлого хариуцсан дэд даргааар, Р.Амаржаргал Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан дэд даргаар, П.Батчимэг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого хариуцсан дэд даргаар, Ж.Баярмаа Гадаад харилцаа, Соёлын бодлого хариуцсан дэд даргаар, С.Буяндэлгэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого хариуцсан дэд даргаар, П.Галиндэв Зам, тээврийн хөгжлийн бодлого хариуцсан дэд даргаар, Ц.Жадамбаа Мэдээллийн технологи, Хүнс ба эмийн бодлого хариуцсан дэд даргаар, Ш.Жандос Төсвийн бодлого хариуцсан дэд даргаар, И.Мөнхжаргал Боловсрол, шинжлэх ухааны бодлого хариуцсан дэд даргаар, Э.Одбаяр Эрчим хүчний бодлого хариуцсан дэд даргаар, Ч.Өнөрбаяр Хууль зүйн бодлого хариуцсан дэд даргаар, Т.Пүрэвхатан Байгаль орчин, аялал жуулчлалын бодлого хариуцсан дэд даргаар, Ш.Түвдэндорж Батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого хариуцсан дэд даргаар, Ц.Уртнасан Хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлого хариуцсан дэд даргаар, Р.Эрдэнэбүрэн Барилга, хот байгуулалтын бодлого хариуцсан дэд даргаар тус тус томилогдсоноо сая л мэдэж, зарлалаа.
АЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДСӨН "АНХНЫ ДОЛОО"
Аливаа улс төрийн хүчний дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаас тухайн намын ялалт ялагдал ихээхэн хамаардаг. Тиймээс АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох хуралдаан өчигдөр болж өнгөрсөн Эртнээс “сунгаа” ил далд өрнөсөн. Энд аанай л акулууд өөрсдийнхөө хүмүүсийг тавихаар тал талд “ажиллагаа” явуулсан.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, тус холбооны Дэд тэргүүнээр ажиллаж байсан Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Ц.Уянга, Н.Одонгуа нарын есөн бүсгүй анх өрсөлдөнө хэмээн нийгмийн сүлжээнд гарч ирсэн юм. Харин нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үеэр Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар нэрээ татсан. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар бол эдгээр долоон бүсгүйгээс үзүүр түрүү булаалдахаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, холбооны дэд тэргүүн асан Б.Жаргалан нар үлдэнэ гэдгийг дуулгаж байсан. Нийгмийн сүлжээнд ч “дордохын долоон нэр дэвшигч” хэмээн егөөдөж байгаа харагдсан. АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёр эртнээс "өрсөлдсөн" гэхэд болно. Одоо Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа дахин нэрээ дэвшүүлж өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн.
Өрсөлдөгчдөөс АН-ын дарга Л.Гантөмөрийн уясан Б.Жаргалан чамгүй өнгөтэй байгааг дуулгасан. Тийм ч учраас Б.Жаргалан “Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, Ардчилсан намын эв нэгдлийг бэхжүүлэх бат итгэл үнэмшил, чин зорилгодоо жигүүрлэн нийгэмд бугшсан бусармаг бүхний эсрэг ачааны хүндийг үүрч байгаа эмэгтэйчүүдтэйгээ хамтран тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэн 2024 оны бүх шатны сонгуульд ялалт байгуулахын төлөө Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгааг хамтдаа эхлүүлье, хамтдаа өөрчилье” хэмээн цахим орчинд байр сууриа байн байн илэрхийлж байсан юм. Өрсөлдөгч нар дунд Х.Баттулгын нэг биш хоёр байна гэх хардлага ч явж байв. Тухайлбал, А.Адъяасүрэнгээс гадна Д.Үүрийнтуяа өрсөлдөж байгааг хэлнэ лээ. Харин дугаар шилжих мөчид Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч тодроогүй байлаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Хятадын иргэн даргатай АНус намаа магтан дуул даа