Дүрмээрээ тоглохоо зогсоохгүй бол зөв бичдэг хүнгүй болох нь

2023 оны 09 сарын 28

Сүүлийн хэдэн жил хамгийн их төөрөгдүүлж, олон дүрэм дунд толгой эргүүлсээр сүүлдээ яаж бичихээ мэдэхгүй шахам болсны нэг шалтгаан нь байсхийгээд өөрчилдөг Монгол бичгийн зөв бичих дүрэм гэгчийн балаг болов. Нэг хэсэг заавал мөрдөх 700 үгийг бичих дүрэм гэгч гарсан, сүүлдээ түүнийгээ орхиж Журамласан тольтой боллоо. Өөрчилж байгаа нь нэр төдий. Эрвээхэйг эрвээхий гэнэ гэснээ буцаад эрвээхэй болж ч байх шиг. Төвд хэл, төвд ном гэж бичдэг байсныг Төвөд болгосон. Хэрэг дээрээ дэгдээхэйг дэгдээхий болгоод буцаагаад солиход Монгол Улсын хөгжилд хэр нөлөөтэй, үг хэл ямархан яруу тансаг болохыг мэдэхгүй. Харин балгаар нь баахан бичиг үсэгт тааруу залуу үетэй болж байна.

Бусад улс орныг харахад үсгийн дүрмээрээ “наадаж” буй тохиолдол харагдахгүй ажээ. Англиар гэрлийг “Light” гэж бичдэгээ gh-ыг нь авч хаяж гэнэ, оросоор Корова гэдгийг дуудлагадаа тохируулж Карова болгож гэж сонсоогүй биз ээ. Хятад зарим үгийн ханзаа өөрчилж гэнэ гэж дуулдаагүй. Хэчнээн жилийн өмнө тогтсон янзаараа л яваа. Хэрэв англи хэлний дүрмийг тонгочуулаад, орчин цагтаа нийцүүлж солино гэвэл дэлхий нийтээрээ хямрах биз. Хэдийгээр монгол хэлний зөв бичих дүрмийг өөрчлөхөд бусад улсад тэр бүр хамаагүй ч дотроо бол ихээхэн балаг тарьж, эх хэлээрээ зөв бичдэг хүн ховордох болов.

Ингэж үе үе монгол бичгийн дүрмийг өөрчилж буйн бурууг кирилл бичиг рүү бухдаг юм. Гэвч тэр бичгийн ачаар ХХ зууны дунд хавьцаа монголчууд бүгдээрээ бичиг үсэгт тайлагдсан давуу тал бий. Кирилл бичгийг орос бичиг хэмээн адалдаг боловч бүр Х зууны дундуур зүүн Болгарын Велики Преслав дахь хааны ордонд зохиогдсон, өдгөө Болгар, Украин, Беларусь, Орос, Македон, Серби зэрэг цөөнгүй оронд ашиглаж байна. Өнгөрсөн зууны Монголын уран зохиол, шинжлэх ухаан, техникийн гол бүтээлүүд энэ бичиг дээр хэвлэгдэж, нэгэн үеийн бичгийн өв соёлыг бүрдүүлж буй тул даруй орхих бас болоогүй биз ээ.

Харин дүрмийг нэг мөр сайн хэвшүүлээд, худам монгол бичигтэйгээ нэг хэсэгтээ хослуулан явж, цаашдаа үндэсний бичигтээ орсон шиг орох нь чухал мэт. Түүнээс биш монгол хэлний хэдэн эрдэмтний таашаалар үсэг бичгээ тонгочуулаад байвал тун удахгүй бичиг үсэгггүй шинэ үетэй болж мэдэх нь. Энэ жишээг холоос хайгаад байх ч хэрэггүй. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас 2023 онд авсан монгол хэлний шалгалтаар Улаанбаатараас 19, аймгуудаас 17 сурагч л 800 буюу бүрэн оноо авсан байдаг. Улс даяар 15807 сурагч шалгуулснаас ганцхан ангийн хэмжээний хүүхэд монгол хэлний шалгалтаа бүрэн өгчээ гэсэн үг.

Аймгуудаас Хөвсгөлөөс дөрвөн сурагч бүрэн оноо авсан нь хамгийн дээд үзүүлэлт болж, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Төв аймгаас тус бүр хоёр сурагч 800 оноо авсан. Булган, Говь-Алтай, Говьсүмбэр гээд сурагчид нь төрөлх хэл дээрээ бүдэрчихсэн аймаг ч цөөнгүй.

Даарин дээр давс үрэх гэгчээр уран зохиолын хичээлийг үгүйсгэх болсон нь эх хэлээсээ салах бас нэг шалтгаан болсон. Дэлхийн сонгодог зохиолуудыг төрөлх хэлээрээ уншуулж, монголоороо яруу сайхан найруулан бичсэн Д.Нацагдорж, Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Ч.Лодойдамба, Д.Намдаг тэргүүтэй сод зохиолчдын бүтээлтэй танилцуулж, уран зохиолын цагийг тавиухан олгодог бол бичиг үсэггүйчүүдийг нэмэх алдаанд тэгтлээ хүрэхгүй байв.

Засгийн газраас эхлээд холбогдох яам, газрууд нэгийг бодож, үсгийн дүрмээ сольж тоглодог байдлыг нэг мөр зогсоохгүй бол жилээс жилд зөв бичиж мэдэхгүйчүүдийн тоо өссөөр аман дээрээ монголоор ярьдаг ч үг холбож үсэг хэлхэж чадахгүй бүхэл бүтэн үетэй болох цаг ирж явааг санууштай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Алтанцэцэг БТА(103.57.95.248) 2023 оны 10 сарын 02

Ямар хүн, ямар дүрэм эсэргүүцэж байгаагаа ч мэдэхгүй\n хүмүүс амныхаа зоргоор бурж байна.\n Дүрэм өөрчлөгддөггүй.\n Өнөөдөр ЦД гуайн зохиосон дүрмийг мөрдөж байна.\n Энэ элдэв юм яриад байгаа хүмүүс ЦД гуай , түүний\n зохиосон дүрмийг эсэргүүцэгчид юм.

0  |  0
mongolchuudaa(59.153.115.49) 2023 оны 09 сарын 29

latin bichigruu hurdan shiljitsgeey! oros kiril usegees bolj mongolchuud orosiin koloni shig haragdaj bn!

1  |  1
Зочин(202.55.188.117) 2023 оны 10 сарын 02

Монгол хэлнии дүрмээр мүүнчид тоглосон.агуу Ц.Дамдинсүрэнгиин дүрэмииг яагаад бүдэгрүүлэв.сонин шүү цаана нь улс төр бга.шинэ үсгээр түвшин ахиснаа ухрал т гэж солиорсон.тэрнии ачаар монгол хүүхдүүд унших бичиг уран зохиол мэддэггуй.монгол зохиолыг хэнээр ч төсөөлөхгүй.гадаадын сонгодогииг гарри поттер гэж боддог.

2  |  0
Зочин(59.153.112.103) 2023 оны 10 сарын 02

Тийм шүү болимоор бна үг хэллэг хазгай сонин хэлэгдээд бна хуучинд нь оруулсан нь дээр

3  |  0
(172.56.200.187) 2023 оны 10 сарын 02

Энэ шинэ дүрэм зохиогоод байгаа новшнуудад 1д ямарч боловсрол алга 2 т монгол улсыг цаагуураа хорлоод байна уу даа гэж боддог боллоо. ... Хэдэн бор юм олох гэж ингэдэг юм боловуу наагуур бодоход.

3  |  0
нарангэрэл(66.181.160.57) 2023 оны 10 сарын 02

яг үнэн шүү манайд мнгэж бичдэг одоо танай үед ийм болчихсон юм уу гээд бөөн алдаатай бичлэлтэй болчихсон ш дээ

4  |  0
Top