Эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг орнуудын жагсаалтыг Ройтер агентлагийн захиалгаар шинжээчид гаргажээ.
Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс. Энэ бүс нутагт байнга дэгдэж байдаг дайн байлдаан эмэгтэйчүүдийг хэзээд фронтын шугамд байхад хүргэдэг байна. Хүчирхийлэл байнга гарах бөгөөд харгис хэрцгий байдгийг НҮБ-ын судлаачид урьд өмнө байгаагүй үзэгдэл гэж нэрлэжээ. Хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь амиа алдаж, ДОХ-ын халдвар авч, үлдсэн нь эцэггүй хүүхэдтэй хоцордог байна. Мөнгө, тээврийн хэрэгсэл, холбоо харилцаагүй тэдэнд үхлээс ангижрах арга үгүй аж.
Пакистан. Тус улсын хил орчмын омгуудын эмэгтэйчүүд эрчүүдийнхээ үйлдсэн гэмт хэргийн шийтгэлд хэсэг бүлгээрээ хүчирхийлэлд өртдөг байна. Бас эмэгтэй улс төрчид, хүний эрхийг хамгаалах байгууллагуудын ажилтнууд хуульчдын эсрэг чиглэсэн шашны хэт давруу үзлийн шинэ давалгаа, хүн амины хэрэг газар авсан байдаг аж.
Энэтхэг. Эдийн засаг нь эрчимтэй хөгжин цэцэглэж байгаа ч тус улсын эмэгтэйчүүдийн байдал сайнгүй хэвээр байна. Албан ёсны мэдээнээс үзвэл Энэтхэгт өдөр бүр 500 мянга орчим удаа үр хөнддөг. Эрт дээр үеийн өв залгамжлах хүү төрөхөөс өмнө хорвоод мэндэлсэн охин үрийг хороодог заншил өнөө ч байсаар байна. Ядуу гэр бүлд жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл байдаггүй, тиймээс эмэгтэйчүүд нь өв залгамжлагч төрөн төртөл хүүхэд гаргасаар байна. Охид төрсөн цагаасаа ирээдүйн нөхрийн гэр бүлийн хүн, хэмжээлшгүй их зардлын эзэнд тооцогддог бөгөөд тэдэнтэй хэрхэн харьцах нь ойлгомжтой юм.
Афганистан. Шинжээчдийн санал нэгдсэнээр энэ улсын эмэгтэйчүүд хамгийн хүнд нөхцөлд аж төрж байгаа бөгөөд тэдний эрх бусад аливаа улсын эмэгтэйчүүдийнхээс хамгийн их зөрчигддөг байна. Афган эмэгтэйчүүд дунджаар 45 насалдаг. Тэдний дийлэнх олонх нь бичиг үсэг тайлагдаагүй. Тус улсад хагас цаг тутамд нэг эмэгтэй төрж байгаад нас бардаг аж. Гэрийн хүчирхийлэл газар авсан бөгөөд эмэгтэйчүүдийн 87 хувь нь үүнээс болж зовж шаналдгаа мэдэгджээ. Афганистан бол амиа хорлосон эмэгтэйчүүдийн тоо амиа хорлосон эрэгтэйчүүдийн тооноос олон байдаг цорын ганц улс ажээ.
Ирак. АНУ халдан довтолсноор Саддам Хусейны дэглэм халагдсаны сацуу тус улсад ардчилал олон асуудал дагуулжээ. Арабын орнуудын дунджаас дээгүүрт ордог байсан бичиг үсэгт тайлагдсан байдлын түвшин хамгийн муу үзүүлэлтэд хүртэл буурчээ. Учир нь эцэг эхчүүд охидоо хулгайлагдах, хүчирхийлэлд өртөхөөс болгоомжлон сургуульд явуулахгүй байхыг илүүд үздэг болж. Урьд нь эрхэлсэн ажилтай байсан эмэгтэйчүүд гэртээ сууж байна. Нэг сая гаруй эмэгтэй орон гэрээ орхин шилжин суурьшиж, олон сая эмэгтэй амь зуухаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа ажээ.
Судан. Шинэ хууль дүрэмтэй болсны ачаар тус улсын эмэгтэйчүүдийн байдал арай дээрдсэн ч, Дарфурын буюу баруун Суданы эмэгтэйчүүдийн байдал дордсон байна. Хулгайлах, хүчирхийлэлд өртөх, хүчээр нүүлгэн шилжүүлэх гээд 2003 оноос хойш нэг сая гаруй эмэгтэйчүүдийн амьдрал сүйджээ.
Балба. Эрт гэрлэлт болон төрөлт угаас хоол унд муутай байдаг улсын эмэгтэйчүүдийн аминд хүрч байна. 24 эмэгтэйн нэг нь жирэмсэн байхдаа, эсвэл төрж байхдаа нас бардаг аж. Нөхөрт гараагүй охидыг нас бие гүйцээгүй байхад нь худалдах ч явдал гардаг байна. Бэлэвсэн болсон эмэгтэй “бокши” буюу “шулам” гэсэн нэр хоч авбал ялгаварлан гадуурхалд өртөж, үлдсэн амьдралаа хэцүүхэн өнгөрүүлдэг ажээ.
Нефтиэр баян Саудын Арабад эмэгтэйчүүдтэй нөхрөөрөө тэжээлгэсэн бэртэгчний адил харьцдаг байна. Машин жолоодох, эсвэл олны өмнө эрчүүдтэй харилцан ярих эрхгүй тэд хатуу хориг хязгаарт баригдан, хатуу шийтгэл амсан амьдардаг аж.
Сомали. Байнгын эмх замбараагүй байдал, төрийн дэглэмийн сул дорой байдал нь гэр бүлийн түшиг тулгуур хэмээн эртнээс тооцогдож ирсэн Сомалийн эмэгтэйчүүдийг цохилтод оруулсан байна. Нийгэм нь хуваагдсаны улмаас эмэгтэйчүүд өдөр бүрхүчирхийлэлд өртөж, хүүхдээ тээж байхдаа хангалттай анхаарал халамж хүртдэггүй, зэвсэглэсэн дээрэмчдийн халддагад өртсөөр байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )