УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас УИХ-д ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Уг төсөлтэй танилцаж амжсан уу. Таны байр суурь ямар байгаа вэ?
-Ерөнхийдөө эхнээс нь танилцаж л байна. Сая Мөнгөний бодлого хэлэлцсэн. Төсөв хэлэлцэх нь өөрөө хуулийн хугацаатай, 11 дүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Гэхдээ одоогийн байдлаар хараахан Байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдэж эхлээгүй байна. Ирэх жилийн төсөв маш их алдагдалтай болж байгаа. сүүлийн хэдэн жил дандаа алдагдалтай төсөв оруулж ирсэн. Энэ алдагдлыг нь гадны өр, зээлээр л бүрдүүлдэг. Ирэх жил 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар оруулж ирсэн байсан. Төсөв нь маш их тэлсэн байна. Нийтдээ 27 орчим их наяд төгрөгийн зардалтай, 2.1 их наядын алдагдалтай байна лээ. Ингээд алдагдалтай төсөв оруулж ирээд батлаад байхаар Монгол Улс, Засгийн газрын өр л нэмэгдээд байна гэсэн үг. Уг нь хамгийн нэгдүгээр зорилго бол төсвөө алдагдалгүй батлах ёстой юм.
-ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга болгохоор болж, оронд нь Б.Энхбаяр гишүүнийг сайдаар томиллоо. Энэ томилгоог та юу гэж харж байна вэ?
-Нийслэл дээр маш ойлгомжгүй байдал үүсээд энэ өвөл иргэд маань маш хүнд байдалтай өвөлжих дүр зураг харагдаж байна. Энэ оны төсөвт 320 тэрбум буюу маш их мөнгийг суулгаад, нэмээд Түгжрэл хариуцсан шинэ сайдын орон тоо бий болгосон. Гэтэл үр дүн нь ийм л байдалтай байна. Үүнээс авлига, албан тушаалын хэрэг ямар их гаарсан нь харагдаж байна. Үүнийх нь илрэл нь ногоон автобусны худалдан авалт. Өмнөх улаан автобус дээр ч асуудал байгаа гэнэ. Түүнээс өмнө ч автобуснуудын он сольсон асуудал байгаа юм байна. Жижиг тэргэнд GPS суулгаад маш их мөнгө иддэг сүлжээ байсан байна. Солонгос улсын зарим иргэд автобусны тендерт арваад жилийн өмнөөс оролцож, янз бүрийн автобус нийлүүлээд явж байсан байна. Энэ мэтчилэн авлигатай тэмцэнэ гээд сайхан сайхан юм ярьдаг ч тэр нь амьдрал дээр огт хэрэгжихгүй байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Үүнийх нь горыг нийслэлчүүд маань өөрийн амьдралаар үүрэх гэж байна. Өөрт нь ойрхон болоод ирэхээр иргэд шууд мэдэрч эхэлж байгаа юм. Түүнээс биш цаана нь олон жил бугласан өчнөөн авлига, албан тушаалын идээ бээр байгаа. Тэдгээр нь тэр бүр мэдрэгдэхгүй л байна гэж бодож байна.
-Нийслэлд энэ өвөл тодорхой цэгүүдэд хагас коксжсон түлш түлнэ гэсэн нь бас хэл амтай л байх шиг байна?
-Туршина гэсэн нь маш муухай сонсогдож байгаа юм. Өмнө нь ч гэсэн туршиж байсан бололтой байна. Одоогийн хэрэглэж байгаа сайжруулсан шахмал түлшээс ялгарч байгаа утаа хортой байна гэдгийг хүмүүс хэлээд байдаг. Үндсэн хуульдаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан боловч дарга нарын авлига, хулгай, ажлаа хийж чадахгүй байдлаас болоод ард түмэн энэ эрхээ зөрчүүлж байна шүү дээ. Хүний элэгнээс дэлхий дээр бараг байхгүй бодис хүртэл илэрч, хүмүүсийн цуснаас хар тугалга илэрч байна. Олон улсын байгууллагууд анхааруулга өгөөд эхэлчихсэн. Үүн дээрээ нэмээд ахиад туршилт явуулна гэж мэдэгдсэн. Иргэдээ туршилт хийдэг хулгана, харх шиг бодож болохгүй л дээ. Өөрсдийнх нь сонгосон сонголт нь л юм даа.
-Ард иргэдийн үү?
-Тийм, өөрсдийнх нь сонгосон сонголт. Нийслэлчүүдийн сонгосон сонголт ийм л байна. Гэхдээ бас Засгийн газар, МАН-ыг буруутгахгүй байж болохгүй. Яагаад гэхээр бусад улсад нийслэлийнхээ даргыг иргэд нь сонгодог. Гэтэл УИХ-ын гишүүн болсон хүн татгалзаад хотын дарга болж байгаа нь ард түмнийг бас л басамжлан доромжилж байгаа хэлбэр. Түүнийг нь сүүлдээ байх л ёстой зүйл шиг хүлээж авч байгаа нь иргэдийн тархиа хэр угаалгасныг ч харуулж байна. Тэр тэсвэр, тэвчээр нь сүүлдээ хаа хүрэхийг ч мэдэхэд хэцүү боллоо. Би энэ жилийн хаврын чуулган дуусаж байхад энэ үер усны дараа өчнөөн хүн өмч хөрөнгөөрөө хохирч, үүнийг дагасан өвчин их гарна гэдгийг хэлж байсан. Одоо “Авлига хороолол” л гэж байна. Өнөөдөр орон сууцны хорооллууд хүн амьдрах ямар ч боломж алга. Түгжрэлтэй, хөгшид нарлаад, хүүхдүүд нь тоглоод, залуучууд нь чөлөөт цагаа өнгөрөөх орчин байхгүй. Бетонон ширэнгэ босгосоор л байна. Наад захын стандарт хангахгүй байгаа. Гэсэн хэрнээ эрх баригчид дандаа ард түмнийг буруутгадаг. Авч байгаа арга хэмжээ нь гэвэл нэг даргыг нөгөөгөөр солиод л өнгөрдөг. Хариуцлагын асуудал огт яригддаггүй. Үүнийг Их Хурлын чуулган дээр цөөхөн хүн хэлж байх шиг байна. Тэдний нэг нь би. Үүнийг олон нийт харж байгаа байх. Ийм үйл явдлуудтай эвлэрээд байх нь өөрөө буруу.
-Шинээр Хууль зүй, дотоодын хэргийн сайд болсон Б.Энхбаяр бага насны хүүхэд хүчирхийлсэн тохиолдолд үүрүүлэх ялын хэмжээг нэмнэ гэж мэдэгдсэн. Танай намын бүлгийн хурал дээр ч танилцуулсан байх. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Олон нийтийн бухимдлыг багасгах, өөрсдөөсөө зайлуулахын тулд “Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг шиг байдлаар ажиллаж болохгүй л дээ. Ажлаа хийх гэж байгаа нь энэ л юм шиг байна. Судалгаа, тооцоотой, өмнөх туршлагаа харгалзан үзсэн хууль, эрх зүйн орчныг бий болгох ёстой болохоос биш зүгээр л нэг нөхөр сайд болж гарч ирээд тэгнэ, ингэнэ гэдэг. Хууль боловсруулах, батлах гэдэг чинь маш нарийн процесс. Манай хөрсөнд буух уу, нутагших уу гэдгээс эхлээд авч үзэх асуудал их байдаг. Хүмүүсийн анхаарлын төвд орох, тухайн үедээ улс төрийн ашиг хонжоо хайж хуулийг огцом өөрчлөх нь тийм ч сайн зүйл биш. Гэмт хэргийг багасгах, урьдчилан сэргийлэх, судалгаа тооцоотой, хөрсөндөө буух хуулийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж, гадны сайн туршлагыг авч хийх ёстой. Түүнээс биш дурын нэг нөхөр гарч ирээд попроод байж болохгүй л дээ. Үүнийг ч хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч байх шиг байна. Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сард авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж байна гээд нэлээд чангаруулсан хууль гаргалаа гээд ярьж байсан. Сэтгэлийн хөдөлгөөн, хийрхэлээр шийдээд явсан. Гэвч тэр хууль нь өнөөдөр хэрхэн үйлчилж байна вэ. Үүнтэй нэгэн адил олон нийтийн бухимдлыг дарах маягаар попорсон хуулиудыг батлах нь гэмт хэргийг гааруулах, далд хэлбэрт оруулах аюултай. Тиймээс л сайтар судалж, хэлэлцэж байж батлах ёстой юм. Эрх зүйн орчныг сайжруулах, ялын бодлогыг чангатгах шаардлага байна уу гэвэл байгаа.
-Ардчилсан нам, УИХ дахь бүлгийн асуудал ер нь ойлголцолд хүрсэн үү. Одоо ямар байдалтай байна вэ?
-Мэдээж хэрэг Ардчилсан намын бүлэг, намын асуудал бол эрх баригчдын оролцоотойгоор ч гэдэг юм уу, ийм байдалд хүрсэн. Ард түмний хүсээд байсан сөрөг хүчний байр сууриа илэрхийлээд бурууг засаад, зөвийг дэмжээд явж байна уу гэвэл анхаарал хандуулах ёстой л гэж хэлмээр байна. Үүнийг олон нийт ч дүгнэх байх. Ямар ч байсан нам нэг болоод хууль дүрмийнхээ дагуу явж байна гэсэн зүйлийг бол би дэмжиж байгаа. Заавал хэн нэгэн хүн дарга байх албагүй. Дарга байна гэдэг чинь манлайллаа харуулах ёстой. Сөрөг хүчний байр суурь хоосроод, орон зай нь үгүйлэгдээд байна. Үүнийг ганц хоёрхон хүн хийдэг ажил биш. Намын бүлгийн хийдэг ажил. Нам, бүлгээ зөв зүйл дээр дэмжээд явна.
-Олон фракциа болиод нэгдсэн нэг нам болсон гэж яриад байгаа. Гэтэл 15 дэд даргатай болсон нь өнөөх л фракцуудын үл ойлголцолд аваачина гэх шүүмжлэл байна?
-Би бол хэтэрхий олон дэд дарга гэж бодохгүй байна. Улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах гэж байгаа албан тушаал биш шүү дээ. Эрх баригчид өнөөдөр дараагийн боловсон хүчнээ дэд сайд гэх мэт ямар ч хэрэггүй албан тушаал гаргаж ирж, түүндээ хүмүүсээ тавьж бэлдэж байгаа. Манай дэд дарга нар бол эрх баригчдын бэлдсэн хүмүүстэй өрсөлдөөд ялалт байгуулж чадах хүмүүс. Тэдэнд нам ийм боломж олгож байна л гэж ойлгох хэрэгтэй. Намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, намаа манлайлж ажиллах боломжийг олгосон. Манай нам чинь нэг хэсэг сайн, муу хэлээд байгаа Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, би гэх мэт хүмүүс МАН-ын хэнтэй ч гэсэн өрсөлдье гэдэг, Ерөнхий сайд, Их Хурлын даргатай нь өрсөлдөөд ялалт байгуулчихдаг үе байсан. Дэд дарга нараа тийм байгаасай гэж хүсэж, тийм байгаа байх гэж найдаж байна.
-Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, нийгмийн томоохон асуудалд манлайлж оролцохгүй байна гэсэн шүүмжлэл бий. Үүнтэй та санал нийлэх үү?
-Үүнтэй бол санал нийлнэ. Би түрүүн хэлсэн. Манай мөнхийн хоёр хөрш чинь нэр төдий сөрөг хүчинтэй байдаг байхгүй юу. Бараг нэг намын системтэй гэж болно. Яг энэ загварыг Монгол Улсад оруулж ирж байна. Өнөөдөр бид яг л нэг намын дарангуйлал, тэр дотроо нэг хэсэг хүмүүсийн дарангуйлалд байна шүү дээ. Нөгөө хүмүүс маань миний нэрлэдэгээр “Охин нам”-ыг бий болгож, зориуд тэтгэж, тэжээж гаргах гэж оролдож байна. Манай намыг дагуул нам болгож байна. Өнөөдөр эрх баригчдын хуудуутай бүхнийг ард түмэн л гаргаж ирж байгаа. Ногоон автобусны асуудлыг ХҮН, АН гаргаж ирсэн гээд булаацалдаад байгаа нь инээдтэй асуудал. Замын-Үүдээс автобус бариад ирсэн жолооч л олон нийтийн сүлжээнд тавьсан. Түүнээс биш намууд сөрөг хүчнийхээ байр суурийг эзлээд ингээд явж чадахгүй. Зүгээр л дагуул, охин нам болчихоод жижигхэн зүйлсээр хөөцөлдөж байна. Энэ нь ард түмний хувьд чамлалттай харагдаж байгаа. Нөгөө талаар зориуд хараат хүмүүс буюу гэмт хэрэгт орооцолдсон гэж үзэж байгаа хүнийг нөгөө намынхаа удирдлагаар тавихыг оролдож байна. Тавьж ч байгаа. Тийм болохоор нөгөөдүүл нь нийгмийн хүлээлтэд хүрч, гарч ирээд чөлөөтэй ажиллаж чадахгүй байна. Ийм алдаануудаа бид засаж залруулах ёстой гэж боддог. Нийгэмд ил болоод байгаа муу, муухайгийн дэргэдүүр огт болоогүй юм шиг, барьцаалуулчихсан юм шиг бүгд дуугүй байж болохгүй. Ардчилсан нам дотор над шиг хүмүүс байгаа. Ямар нэгэн байдлаар барьцаалагдаагүй, гэмт хэрэг наймаалцах шаардлага байхгүй, нэр цэвэр хүмүүсийн тоонд бид орж байна. Тийм хүмүүсийг аль болохоор хавчих, гадуурхах янз бүрийн байдлаар эрх барьж байгаа нам ажиллаж байна. Үүнийг даван туулаад гараад ирэх, над шиг явчих хүн цөөхөн бий. Зөв, шударга байх чинь энэ нийгэмд өдрийн од шиг болчихсон. Гэмт хэрэг, хулгай луйвар, авлига, албан тушаал наймаалцах үзэгдэл нь ердийн мэт болчихсон. Гэвч зөв шударга нь цөөхөн байна. Тэр тусмаа дуугардаг, бурууг нь хэлдэг, улс орноо зөв явуулах юм сан гэж боддог, ард түмнийхээ дуу хоолой болдог хүмүүс үнэхээр их шаардлагатай байна. Ялангуяа УИХ-ын хэмжээнд ард түмний дуу хоолой болдог хүмүүс олон болох хэрэгтэй. Бага ч гэсэн хугацаа үлдсэн. Аль болохоор гэрэл гэгээ нэмэх ёстой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
Энэ балайг яалтай билээ
эрх чөлөө гэж шуналдаа живчих бол яае гэхэв хохчино болж дээ
Энэ ганбат чинв байгаа м уу
oo tuum uu? mangar bidonoo uureed udacgyi zaulnaa chi
durtai zuileerer hob yarihiig AN in gishuun gej heldeg bololtoi.Um buriig esergutseh estoi gej boddog iim setgehguitei Hun bn
Энэ одоо юу гээд гоншигноод хэнд тунирхаад байдаг амьтан бэ? Дагахгүй л байлдаа
Баярцогт Гантөмөр нар чинь угаасаа Сү.Батболдын сугны үснүүд шдээ
элбэгдоржийн гавьяагаар Ардчилсан нам Ардын намын дэвсгэр болсоон ккк
АН-ын Ганбат, Пүрэвдорж нар дахин сонгогдоход боломжийн
АН нам чинь “Охин нам” болчихсон юм байна гэж ойлголоо. Мэдээгүй байсан шүү. Баярлалаа. “Охин нам” -н дарга Лу.Гантөмөрт амжилт.
Элий балай юм хуцаад байхаар зайл