Оюун ухаант хүнийг чухамхүү “оюун ухаант”, басхүү “хүн” болгосон хэд хэдэн тодорхой шалтгаан, хэд хэдэн нөхцөл байдал байдаг. Байгалийн дасан зохицол, байгалийн шалгарал зэрэг нь одоогоор магадгүй хамгийн бодот шалтгаан, тайлбарын нэг мөн билээ. Хэт хүчгүй, хэт хурдгүй, өөрөөр хэлбэл байгальд тэсэн үлдэх, амьд гарах магадлал туйлын дорой “хүн” хэрхэн өнөөгийн ертөнцийг бүтээгч, тодорхойлогч, жолоодогч болсон нь харин хэл яриа, сэтгэхүй, ухамсар, нийгэмшилтэй шууд холбоотой байна. Овог аймаг, суурин хот гэх зэргээр нийгэмшсэн нь бидний хөгжлийн шууд үндсийн нэг болсноос гадна нийгэмшил, хэл яриа, оюун сэтгэлгээ харилцан нэгэндээ нөлөөлсөөр өдгөөг хүрчээ. Үүнийг бид товчоор нийгмийн ахуй ба сэтгэлгээний харилцан хамаарал гэж тодорхойлдог. Оюун ухаант, ухамсарт хүний сэтгэлгээний өвөрмөц илрэл бол урлаг бөгөөд тэр дундаа үгийн урлагийн үүсэл, хөгжил нь өөрөө хүн төрөлхтний бүхэл түүх, оршихуйн илэрхийлэл мөн.
Үгийн урлаг үүсэн бий болсон цагаас эхлээд хүрээлэн буй орчин, амьдралын утга учрыг тодорхой хэмжээгээр нээхийг, тайлбарлахыг зорьсоор өнөөг хүрэхдээ дүрслэл, дүр, үзэл санааны өвөрмөц бас баялаг түүхэн уламжлалыг үлдээсэн байна. Зөвхөн өрнө дахины соёлын хүрээгээр жишээлэхэд бурхад тэнгэрийг туйлчлан үзэж, огтхон ч үл эргэлзэн дагасан домгийн дүрээс бурхдад эргэлзэж, хувь тавилангийн таашгүй байдалд эмгэнэсэн Эдип, Прометейг хүртэл, бүхнийг эрхшээгч эзэн бурхны гунигт тааллаас хүн төвт бадрангуй үзэл хүртэл, мэдлэгийн хүчийг эзэмшин өвлүүлж хөгжүүлснээр хувь тавилангаа өөрөө гардах тухай соён гэгээрлийн нэвтэрхий толиос дэлхийн сүйрэл нь хүн төрөлхтөн болох тухай, бидний хувь тавилан ёроолгүй зовлон тухай үзлийг хүртэл өөрчлөгдөн хувирч, үзэл санаа-үзэл баримтлал-үзэл суртлын илэрхийлэл болсон дүр өөрчлөгдөж иржээ. Дүр, дүрслэлийн өөрчлөлт нь нэг талаар урлагийн динамик мөн чанарын илэрхийлэл бол нөгөө талаар уламжлал шинэчлэлийн хамаарлын баталгаа, нийгмийн ахуй болоод бодгалийн сэтгэлгээний нөлөөллийн илэрхийлэл болдог. Мөнхүү илэрхийлэл нь юуг, хэрхэн, яаж илэрхийлэхдээ дүрслэлийн, цаашлаад дүрийн, цаашлаад үзэл санааны өөрчлөлтийг шууд гаргадаг байна.
Нэгэн цагт уран зохиолд бодот баримтыг уран сайханжуулах буюу уран сайхныг баримтжуулах, эс бөгөөс баримт уран сайхныг ижил төвшинд авч үзэх явдал түгээмэл байсан бол дэлхий нийтэд ХХ зууны хоёрдугаар хагасаас, монголын орчин үеийн уран зохиолд ХХ зууны сүүл үеэс эхлээд бодот баримт, түүхэн хэрэг явдлыг мөн бодот байдлаар урлах, дурсамж, намтар хэлбэрээр илэрхийлэх хандлага нэн түгээмэл болж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн “худал”, “уран” зүйлд итгэх нь дурлах нь зарим талаар багассан гэж болох талтай. Баримтат уран зохиол, дурсамж зохиол, нийтлэл уран сайхны зохиолын түгээмэл онцлог бол нэгдүгээр биеэс цуваа цагийн хүрээнд хүүрнэхэд оршдог. Чингэхдээ чухамхүү зохиогч өөрийн өнгөрүүлсэн амьдрал, ертөнцийг үзэх үзэл, өөрийнх нь “би”-г буй болгосон нийгэм, ахуйг өнөөгийнхөө өндөрлөгөөс эргэн харж нэг талаас өөрийгөө, нөгөө талаас нийгмийг нээн үзүүлдэг байна. Монголын уншигчдын сайн мэдэхээр Л.Түдэв, С.Дашдооров...Б.Золбаяр нарын эх нутгийн уянгын хүүрнэл, баримтат уран зохиол, нийтлэл уран сайхны уламжлалыг орчин үеийн уран зохиол, сэтгүүлзүйн 2000-аад оны үеийн тод төлөөлөгч Санзайгалсангийн Ууганбаяр “Алаг толгодын хууч” бүтээлээрээ үргэлжлүүлсэн нь чухамхүү өнөө цагийн баримтат уран зохиол, найрууллын содон үзэгдэл мөн. Энэхүү бүтээлийн гол дүр нь зохиогч, тодруулбал зохиогчийн хүүхэд нас, залуу үе бөгөөд ертөнцийг хүрээлэн буй ахуй, ёс заншил, нутгийн зон олноор дамжуулан танин мэдсэн хүүрнэл юм.
“Өвгөд минь” бүтээл “Өөрийгөө болон зарим нэг нөхдийг яруу найрагч хэмээн бодоход ичих өдөр бишгүй л байдаг. Гэхдээ утга, уран зохиолын энэхэн орон зайд ичиж айгаад явсан юм алга. Үзэг түшсэн нөхөдтэйгөө үгийн шидийг хайж, утгын чанад шаналж л явнам. Хамгийн гол нь говь тал тэрээх Алтанширээ нутагт минь яруу найраг шиг ярьдаг өвгөд олон байсан болохоор тэдний маань хэлж ярьж байсан нь үе үе санаанд буухад л ийн ичих бөлгөө” [Ууганбаяр С “Алаг толгодын хууч” Уб.,2016.10] хэмээн эхлэх ба “Би ийм л өвгөдийн дэргэд өсч, үгийг нь сонсч явсан. Тиймдээ ч энэ зэрэгтэй үзэг түшиж, үгийн шидэд өдгөө ч эрэл мухардаагүй яваа биз ээ” [мөн тэнд.17] гэж тодорхой байдлаас тодорхой дүгнэлтийг хажлага хэлбэрт оруулан төгсөнө. Зохиогчийн “...утга, уран зохиолын энэхэн орон зайд ичиж айгаад явсан юм алга”-ын тайлал нь төгсгөлд илрэх ба гол зүйл нь хэн олон байсан гэвэл өвгөд, тэд яаж ярьдаг байсан гэвэл яруу найраг шиг, хаана байсан гэвэл нутагт аж. Өөрөөр хэлбэл, зохиогчийн дурсамж, бодол, эргэцүүлэл, хүүрнэлийн гол утга нь “байсан”-д оршино. Энэхүү “байсан” нь нэг талаас цагийн жамыг илтгэх бол нөгөө талаас нийгмийн ахуй өөрчлөгдөхөд бодгалийн сэтгэлгээ өөрчлөгддөг, сэтгэлгээ өөрчлөгдөхөд хэл өөрчлөгдөхийн илрэл, баталгаа болжээ. Өөрөөр хэлбэл, дээрх “байсан” нь чухамхүү байсан л аж. “Байсан” нь одоо оршин байхдаа зохиогчоор болон түүний “үзэг түшсэн нөхөд”-өөр дамжин байгаа аж. Магадгүй зарим талаар уламжлагдан үлдсэн тэрхүү “байсан” харин “тэрээх Алтанширээ нутагт” нь, нүүдэлчин ахуйтай хамт үлдэж шинэ “байгаа” болохын учир буй аж.
“Өвгөд минь” бүтээлд “Өдгөөгөөс хорь гаруй жилийн өмнө нутгийн буурал Очир гуайтай хээрийн бэлчээрт тааралдаж, дөрөө амсхийлгэн энэ тэрийг хөөрч суух” [мөн тэнд.10] хүүрнэгч “би” баатар гол дүр мэт боловч хүүрнэлийн явцад өвгөдийн яриа, туулсан амьдрал, амьдралын тухай эргэцүүлэл “би” баатрыг бүтээсэн нь харагдана. Амьдралыг таньсан, тэрхүү үзэлдээ гуйвшгүй бат зогссон өвгөдийн дүр нь дэлхийн уран зохиолын түүхэнд мэргэн ухаан, үнэнч байдал, сүр хүч, үнэнийг бэлгэдсэн нь цөөнгүй ба мөн уламжлалыг С.Ууганбаяр үргэлжлүүлжээ. “Өвгөд минь” өгүүллэг, нийтлэл, найруулал, хүүрнэлийн “Энэ цэцэгсийг хар даа. Наранд шатан угалзарч байгаа цэнхэр дөл дөө. Ёстой л тэнгэр өөд асан дүрэлзэж байна. Энэ цэцэгсийн наранд шатаж дүрэлзсэн хөх дөл дээш тэмүүлсээр тэнгэр нь ийм цэнхэр өнгөтэй ч байдаг юм билүү хэн мэдлээ... Нялх амьтны заяа их юм хойно доо. Энэ сайхан хөх тэнгэр нь дээш татаж, нутгийнх нь өвс ногоо өлмийг нь түшлээ” [мөн тэнд.10-11] гэсэн уран сайхны сэтгэлгээ
“Аялагхан талын цэцэгс өлмийд сөгдөхийг үзэх гэж
Асгарсан нулимсаа зангируулж ирлээ...” [мөн тэнд.9] хэмээн дүрслэл, дүр, үзэл санааны уламжлал болсон байна. Зохиогчийн уламжлан авсан, уламжлан үлдээхийг зорьж буй үзэл санаа, үзэл суртал, үзэл баримтлал нь эх орон, эх дэлхий мөн. Өнөөгийн жишгээр хүний эрхийг зөрчигч, нэр хоч өгөгч, үл бүтэх этгээдийн тухай гэж болох “Эрэлхэг” бүтээл нь бүхэлдээ амьдралыг танин мэдэх шинжтэй. Хэн бүхнийг хочлон, хэрэг бүхэнд орох Эрэмгий “Хүнийг төрхөөр нь бус үйлдлээр нь, дотоод мөн чанараар нэрлэх хэрэгтэй” [мөн тэнд.25] гэж сургана, тэгж ч амьдарна. Ингэснээр түүний хэн бүхнийг хочлох явдал нь нэг талаар ёс зүйн ба хүн ёсны хэм хэмжээг нэхсэн шаардлага, нөгөө талаар нийгмийн хүрээнд эргээд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хэрэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг талаас харахад өмнө байж л байсан, байж л байх мэт хочлох явдал нийгмийн хэм хэмжүүрт таарахаа байсан, нөгөө талаар өнөөгийн нийгэмд дотоод мөн чанарыг тайлах, тайлбарлах, танихыг хичээх багассан гэсэн агуулга. Тийм ч биз, үгүй ч биз, ямартаа ч зарим уламжлал, зарим хэрэг явдал үгүй болж, гээгддэг нь жам болохыг зохиогч ямар нэгэн хувийн дүгнэлтгүйгээр, амьдралын хэрэг явдал дунд өгүүлжээ.
Монголын уран зохиолд үзэл санааг тодруулах дүр, дүрийг тодруулах дүрслэлийн өвөрмөц сэдэв бол наадам мөн. Монгол наадмын үүсэл гарвалыг үл нуршин өгүүлэхэд 1921 оны ардын хувьсгалтай холбоотойгоор засаг захиргааны шинэ хуваарь үүссэн байдаг. Ингэснээр засаг захиргааны нэгж бүрт зохион байгуулагдах болсон наадам нь монгол түмний цугларал, монгол соёлын илэрхийлэл, монгол үндэстний дархлаа болсон билээ. Мөнхүү дархлаа, соёл, цугларал нь хувь хүнд онцгой нандин дурсамж үлдээдгийг бид монголын орчин үеийн уран зохиолын түүхээс бэлхнээ харж болохын адил, алаг толгодын “Сумын наадам” хуучаас мэдэх, мэдрэх боломжтой. “Би” баатар болон түүний орчин тойрныхны наадам буюу социалист монголын нэгэн сумын наадам, дурсамж нь бүхэлдээ тухайн улсын хэдэн үеийн дурсамж болсон нь өнөөгийн өндөрлөгөөс хальтхан харахад харамсалтай мэт хэдий ч нөгөө талдаа нийгмийн үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшлийн ижилсэл болох юм.
“Сумын наадам” өгүүллэг, нийтлэл, дурсамж, хууч, аман түүх хэдийгээр өсвөр насны “Би” баатрын нүдээр наадам гэсэн онцгой явдлыг тухайн үеийн амьдрал, ахуйн эгэл жирийн байдлаар дамжуулан хүүрнэх хэдий ч онцгой үйл явдалд эгэл бас жирийн мөч, байдал үгүйг харуулжээ. Нөгөө талд энэ нь зохиогчийн үзэл баримтлал болж амьдрал ба хүнийг, байгаль ба ахуйг, цаг үе ба үйл явдлыг бүхэлд нь хайрлах, онцгойгоос эгэл жирийн хүртэлх бүхий л үйл явдал, цаг үе нь өөрөө амьдрал хэмээх туйлын онцгойг бүрдүүлдэг болохын тодорхойлол болж чадсан байна. Зохиолч С.Ууганбаярын “Алаг толгодын хууч” нь бүхэлдээ нүүдэлчин ахуйн уламжлалт зүйлсийг дүрслэлийн гол хэрэглүүр болгож “би” баатрын дүрийг гаргасан, “би” баатрын төлөвшил, дурсамжаар дамжуулан нүүдэлчин сэтгэлгээ, үндэстний онцлогийн тухай үзэл санааг гаргажээ. Хүрээлэн буй орчин, нийгмийн ахуйн нөлөөнд төлөвшдөг бие хүний сэтгэлгээний нэгэн өвөрмөц илэрхийлэл болох утга зохиол нь хүн төрөлхтний нийтлэгийн зэрэгцээ үндэстний тусгай, үндэстний ерөнхийн зэрэгцээ бие хүний тусгайн илрэл болдог. Туулсан амьдралаараа ертөнцийг танин мэдсэн, түүнийгээ баримтат хүүрнэлээр илэрхийлсэн, илэрхийлэхдээ алсран одож буй нүүдэлчин ахуй, түүний өвөрмөц сэтгэлгээнд суурилсан “Алаг толгодын хууч” нь “Орчлон ертөнц дээр аж төрөн нийгмийн харилцаанд оролцогч хүний сэтгэл санаа, ургуулан бодох чадвар, өөрийн төлөө болон бусдын тулд хийж байгаа үйл нь эцсийн эцэст нэгэн зорилготой байдаг. Тодруулбал хорвоогийн элдэв үзэгдэл, юмсын мөн чанар, шинж байдал хүмүүсийн харилцааны олон талт зүйлийг таньж мэдэх л зорилго үүрэгтэй”-н баталгаа болжээ.
Ш.БАТТӨР /Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор/
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Янзтай
Янзтай