Ж.Батсуурь: Эрх баригчид сөрөг хүчнээ сонсохгүй бол ард түмэнтэй нүүр тулна

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Тэгэхээр та ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байгаа вэ. Алдаатай, оноотой зүйл нь юу байна вэ?

-Ирэх оны төсвийн төслийг өргөн бариад сар орчим хэлэлцчихлээ. Төсвийг Их хуралд оруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх долоо хоногоос тус Ажлын хэсэг хуралдаад, холбогдох Байнгын хороодын хуралдаанаар ороод явна. Монгол Улсын түүхэнд хамгийн том төсөв орж ирж байгаа. Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал байнга нэмэгдэж ирсэн. Энэ ч агуулгаараа ирэх жил ч гэсэн нэмэгдсэн байна лээ. Дээрээс нь ирэх жил 2024 он, сонгуулийн жил. Үе, үеийн төсвийг харж байхад сонгуулийн жил төсөв данхайж орж ирдэг. Сайн талаас нь харах юм бол эдийн засаг өсч байна гэсэн үг. Дараа жил нийтдээ 60 сая тонн нүүрс гаргана гэж зорьж байна. Өмнө нь ийм өндөр байдлаар гаргаж байгаагүй. Энэ жил ч гэсэн одоо байгаа гүйцэтгэлээрээ гарч байгааг харахад сайн талтай байна.

Эдийн засаг томроод байгаа боловч сөрөг хүчний хувьд төсөв маань хэр өгөөжтэй зүйлд зарцуулагдаж байна вэ гэдэг дээр л санаа зовж байна. Миний бодож явдаг нэг зүйл бол төрийн өмчийн компаниуд хамаг гол авлигал, хээл хахуулийн үүр уурхай болж байна. Ер нь эдийн засгийг эрүүлжүүлье гэх юм бол эдгээр компаниудыг хувьчлах, олон нийтийн хараа хяналтад оруулахгүй бол өнөөдрийн “Нүүрсний хулгай”, “Хөгжлийн банкны хулгай”, ЖДҮ, автобус гээд хэл ам татлаад байгаа бүх зүйл чинь дандаа төрийн өмчтэй холбоотой. Ер нь ардчилал хөгжсөн, эдийн засаг нь хүчирхэг байгаа улс орнуудад бол хувийн хэвшлээ л дэмждэг. Тэгэхээр Монгол ардын нам өнгөрсөн 2016 онд 65 гишүүнтэй, 2020 онд 62 гишүүнтэйгээр хүчээ нэгтгэсэн. Гэвч ингэж хүчээ нэгтгэхдээ  төрийн өмчийг л нэмээд байгаа юм.

-ЗГХЭГ-ын дарга нь хүртэл төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулна л гээд яриад байдаг шүү дээ. Гэтэл яагаад одоо болтол болгохгүй байгаа юм бэ?

-Яриад л байдаг юм. Нийтдээ энэ асуудлыг долоон жил ярьсан. Хуучин чинь улс төрийн хүчнүүдийн харьцаа ойрхон байх үед бие биенээ бойкотлоод асуудлыг шийдэж, шахаж шаардаж, хийлгэж  болдог байсан. Гэтэл өнгөрсөн долоон жилийн хугацаанд ямар нэгэн зүйлийг хүчтэй шахаж шаардах хүчтэй сөрөг хүчин   байсангүй.  Хажуугаар нь цар тахал гээд улсын төсөвтэй дүйцэхүйц мөнгийг үрсэн байна. Хөгжлийн банк гээд бас л улсын төсөв шиг хулгай гарч ирсэн. Нэмээд томоохон сангууд гээд асуудлууд нь дуусахгүй байна. Энэ болгон дээр чадлаараа л хэлж, ярьж байна. Төсвийн тухай хууль дээр нэг шүүмжлэлтэй хандах зүйл нь уг хууль чинь орлого, зарлага, төсвийг юунд зарцуулах вэ гэдгийг л батлах ёстой шүү дээ. Гэтэл дагасан хуулиар эрх мэдлийн хувиарлалт хийдэг. Өнгөрсөн  жилийн дагасан хуулиар Шадар сайд үйлдвэрлээд л ороод ирсэн. Энэ жил гэхэд Геодези, зураг зүйн газрыг дахиад маш том бүтэц болгоод Ерөнхий сайдын дэргэд аваад ирж байна. Дээрээс нь төвлөрлийг шууд татаж байна. Үүнийгээ дагаад эдийн засгаа төвлөрүүлчихэж байгаа юм. Ингэхээр чинь баруун, зүйн аймгууд, Хөвсгөл, говийн аймгийн иргэдэд юм ерөөсөө очихгүй байна шүү дээ. Дээгүүр нь цөлмөчихөөд байна. Яг үнэндээ эдийн засгийн бааз суурь нь  ганц Улаанбаатарт биш аймаг, сум, багд байх ёстой. Ирэх оны төсвийн төсөөлөл дээр нүүрс ингэнэ, алт тэгнэ л гээд байгаа болохоос биш мал аж ахуйн гаралтай зүйлийг ерөөсөө ярихгүй байна. Монгол Улс маань ямар их том газар нутагтай билээ. Нийт 360 гаруй сум, мянга гаруй баг хороодод 190 мянган малчин өрх  мал аж ахуй, газар тариалан л эрхэлж байгаа. Газар тариалан нь яахав, төвийн бүсийн аймгууддаа голчилж байна. Орон нутгийн бүх хүмүүсийн амьжиргаа малтай холбоотой байхад малын гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортлох, махыг гадагш нь гаргах тал дээр ерөөсөө дорвитой арга хэмжээ авахгүй л байна. Гучаад жилийн өмнө  25 сая малтай байхад Монголын мал хангалттай өсөж байна гэж байсан бол мал хувьд гарснаар 70 гаруй сая, төлтэйгөө 100 гаруй сая болчихлоо. Үндсэндээ дөрөв дахин өссөн байна. Өнгөрсөн гучаад жилийн хугацаанд мал аж ахуй л хөдөөгийн хүмүүсийн цалин, сургалтын төлбөр, байшин барилга болж ирсэн. Нүүрснээс олсон мөнгө сумын төвд малчны пүнз болж, малын бэлчээрийг сайжруулж байгааг би л лав олж харахгүй байгаа. Тэгэхээр хөдөөд баялаг бүтээж байгаа хүмүүсээ дэмжих ёстой юм. Малчин өрх бол жинхэнэ ЖДҮ. Даанч харамсалтай нь  190 мянган ЖДҮ буюу малчин өрхийн үндсэн бүтээгдэхүүн болох махны  үнийг яаж хямд байлгах вэ л гэж ажиллаж байна. Экспортыг нь нэг нээдэг, нэг хаадаг, махны үнэ хямд байлгахын тулд төр мөнгө гаргаад нөөцийн мах бэлддэг, малыг эрүүлжүүлэх талаар тогтвортой бодлого байхгүй гээд асуудал маш их байна. Махны мөнгө бол шууд малчин өрхийн гар дээр дамжлага байхгүй очдог мөнгө. Нүүрсний мөнгө малчин айлын амьдралд ямар хугацааны дараа очдогийг би лав мэдэхгүй.

-“Хөдөөгийн сэргэлт” гээд зарлачихсан явж байгаа шүү дээ?

-Сайн талаас нь 62 хүн магтаж байна шүү дээ. Тиймээс бид сөрөг хүчин учраас алдаатай талыг нь хэлэх л ёстой. Хөдөөг сэргээнэ гээд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулаад суманд очиж ажиллах юм бол нэг жилийг 1.6 жилээр тооцно гээд элийрээд байгаа юм. Суманд чинь тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүн нь дөрвөн жил ажиллаад дөрвөн жилээ л авч байхад төвөөс очсон нэг нөхөр 6-7 жилтэй болох гээд байна. Үндсэн хуулийн нөгөө шударга зарчим хаа байгаа юм. Эдийн засаг томорсон уу гэвэл томорсон. Амжилт, ололттой зүйл байгаа юу гэвэл бий. Хэдхэн жилийн өмнө л гэхэд түгжрэх машин байсан уу, шилэн барилгууд хэр байв. Хөдөөд айл бүр лаа барьдаг байсан гээд харвал өсөлт, хөгжил байгаа. Гэтэл гучаад жилд нүүрснээс, уул уурхайгаас  олсон өгөөж нь ард түмэнд дээр очиж наалдахгүй л байгаад байна. Асуудал нь үүндээ л байгаа юм. Саяхан л тэрбум гэдэг чинь маш их тоо байсан. Гэтэл их наяд гэдэг тоо гарч ирээд тэр нь байдаг зүйл мэт боллоо. 44 их наяд, ковидод зарцуулж байгаа төсөв гээд олон зүйл байна.

-Танай намын зүгээс ковидын үеийн төсөв санхүү дээр нээлттэй сонсгол явуулъя гэсэн. Энэ юу болсон бэ?

-Хуульгүй хоёр жил явчихсан шүү дээ. 2020 оны 11 дүгээр сард цар тахал орж ирэхээс нь өмнө бараг таван их наяд төгрөг зарцуулсан. Харин орж ирснээс нь хойш таван  их наяд, дараа нь 10 их наяд, үүн дээр гадаадын зээл, тусламж, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой гээд үндсэндээ 20 гаруй их наяд төгрөгийг зарцуулсан байна. 20 их наяд төгрөг гэдэг чинь нэг айлд 100 сая төгрөгөөр тооцвол 200 мянган айл орон сууцтай болох боломжтой. Нэг айлыг дөрвөн хүнтэй гэвэл 800 мянган хүн байртай болно. Ингэсэн бол энэ утаа чинь байхгүй болчихно шүү дээ. Гэтэл одоо утаа нь байна уу байна. Мөнгө нь үрэгдсэн үү үрэгдсэн болчихоод байна шүү дээ. Нэг автобусыг 200 сая төгрөг гэж үзвэл ниийтдээ 100 мянган автобусны мөнгө үрчихсэн байна. Гэтэл хэрүүл хийгээд байгаа чинь 100 ширхэг л автобусны асуудал шүү дээ. Энэ бүхнийг хэлээд л байна. Гэсэн ч илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг сөрөг хүчний байр суурийг өнгөрсөн долоон жил огт сонссонгүй. Эрх баригчид сөрөг хүчнийхээ хэлж, ярьж байгааг сонсохгүй, завсарлага авах гэхээр өгөхгүй, гоншигноод байх юм бол ард түмэнтэй л нүүр тулна. Ард түмэн хилэнтэй, ууртай байна. Амьдралыг нь сайжруулна, татварыг нь бууруулна гэсэн хаа байна. Энэ эцэс төгсгөлгүй мэт эрх ямба, төрийн өмчийг шамшигдуулж, идэж уусан, бяр хүч нь багтаж ядсан  зүйлд дүн тавихад зургаан сар л үлдлээ гэж харж байгаа.

-Нийслэлийн төв рүү автомашинтай иргэд нэвтэрвэл мөнгө төлдөг байх тухай асуудлыг хотын Засаг дарга яриад эхэллээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Асуудлыг төлбөрөөр эсвэл хориглох байдлаар шийднэ л гэх юм. Уг нь их олон  арга зам байгаа шүү дээ. Эхлээд сэтгэл, зүтгэл гаргах ёстой. Шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандах хэрэгтэй. Хотын зам яагаад түгжирдэг вэ гэхээр дөрвөн уулын голд байдаг.

Баянзүрхээс Толгойт ороход, Чингэлтэйгээс Зайсан хүртэл заавал төвөөрөө дамждаг. Үүнийг л болиулах ёстой. Дандаа төвөөрөө орж гардаг байхаар төвдөө л түгжрэлийн зангилаа бий болно. Тийм болохоор төвөөр орохгүй явдаг тойрог системийг бий болгох ёстой. Үүнд нь тийм ч их мөнгө орохгүй. Хэдэн их наядаар нь ковид гэж байхынхаа оронд хэдэн уулаа нүхлээд тойрог зам хийчихсэн бол ямар ч түгжрэл байхгүй. Дээрээс нь өнөөдөр манайд жирийн иргэд авч чадахгүй, тэнгэр баганадсан өндөр, өндөр шилэн барилгууд л бариад байна. Уул, уулын амыг хашаад бариад л байдаг. Гэтэл энгийн иргэд нь орон сууцанд орж чадахгүй байна шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Orhon(66.181.160.10) 2023 оны 11 сарын 01

Zailaa

0  |  0
Top