УИХ-ын үйл ажиллагааг цахимжуулах, иргэдэд ил тод болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар гаруйн өмнөөс “D-Parliament” платформыг санаачилсан билээ.
Хэдхэн хүн хууль боловсруулдаг тогтолцоог өөрчлөх, Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн санаа бодлыг чухал, хэрэгтэй хуулийн төслүүдэд тусгах гээд олон давуу талтай эл санаачилгад “Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны төсөв нэмэх” тухай асуудлыг хөндөж, хуулийн төсөл боловсруулж, шийдвэрлэж өгөх хүсэлтийг иргэд гаргажээ.
Хүүхэд бага насандаа уураг, тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисууд, биологийн идэвхит нэгдлээр баялаг хүнсээр хооллож байж өсгөлүүн, дархлаа сайтай, чийрэг бие бялдартай болж өсдөг. Ингэж хооллоход нэг хүүхдэд ногдох хоолны мөнгийг нэмэх шаардлагатай байгаа бөгөөд үүнийг дараах хоёрхон шалтгаанаар тайлбарлажээ.
Нэгдүгээрт, 2019 онд батлагдсан нэг хүүхдэд ноогдох хоолны мөнгө болох 2475 төгрөг нь өнөөгийн байдлаар усан шөл, зутангаар хооллоход л хүрэлцэхээр бага байгаа тул өнөөгийн мөнгөний ханштай уялдуулан нэмэх, нэмэгдүүлэх боломжгүй бол эцэг эхийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж тодорхой хэмжээний нэмэгдлийг эцэг эхчүүдээс хураадаг болох.
Хоёрдугаарт, Сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөрийг зөвхөн бага анги гэж ялгалгүй бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй олгох. Дунд болон ахлах ангийнхан ид өсөлтийн насандаа байдаг, урт хугацаагаар хичээллэдэг, илүү их шим тэжээл шаардлагатай байдаг. Тиймээс ЕБС-ийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхгүйгээр “Үдийн хоол” хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулах нь зүйтэй гэдгийг Хуулийн төсөл санаачлуулахаар өргөдөл, хүсэлт гаргасан хүнсний үйлдвэрийн технологич, инженер О.Гал-Очир онцолсон байв.
Тэрбээр мөн өргөдөлдөө “Миний бие мэргэжлээрээ ажиллахын дагуу хүмүүст хүнсний шим тэжээлийн боловсрол, хүнсний бодит ойлголтыг өөрийн сайн дураар өөрийн сувгаар өгч ажилладаг. Миний бие сургуулийн Үдийн хоол хөтөлбөр болон цэцэрлэгийн хүүхдийн хооллолтонд багагүй хэмжээний судалгаа хийлээ. Судалгааг нийт 60 гаруй сургууль цэцэрлэгийн үдийн хоол, цайнд хийсэн. Тиймээс энэ өргөдлөөрөө дээрх хоёр асуудлыг шийдвэрлүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна. Сургуулиудын гал тогооны түрээсийн асуудлыг шийдэж, ажиллах хүч, тоног төхөөрөмжид нь анхаарал хандуулбал боломжтой. Хүүхэд бага насандаа уураг, тос, нүүрсус, амин дэм, эрдэс бодисууд, биологийн идэвхит нэгдлүүдээр баялаг хүнсээр хооллож байж өсгөлүүн, дархлаа сайтай, чийрэг бие бялдартай болж өсдөг. Хэрэв багад нь шим тэжээлийг хангалттай хэмжээгээр өгөхгүй бол том болоод нөхөж авна гэсэн ойлголт байдаггүй билээ. Иймээс ирээдүйн иргэдийнхээ эрүүл мэнд, бие болон оюуны хөгжлийн төлөө тодорхой хуулийн төсөл боловсруулж шийдвэрлэж өгнө үү” гэдгийг тодотгосон байв.
“Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэмд хүлээлт болсон нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээлэл бэлтгэх зорилготой “Нэг сэдэв - Нэг сар” санаачилгыг эхлүүлж, арваннэгдүгээр сарын турш цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний стандарт, шинэчлэлийн асуудлыг хөндөхийн сацуу “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг онцолсон.
Энэ санаачилга, нийгмийн хариуцлагын хүрээнд манай редакциуд мөн “Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны төсөв нэмэх” тухай хууль санаачлахыг эрх баригчдаас хүсэж, олон нийт, уншигч, үзэгч та бүхнийг хүүхдүүдийнхээ хооллолт, эрүүл мэндийн төлөөх хуулийн төсөл батлуулах өргөдөлд гарын үсгээр нэгдэхийг уриалж байна.
Өргөдлийг дэмжиж, гарын үсэг зурах холбоос:
https://petition.parliament.mn/Detail?id=96240653-3c82-4343-be3c-3eb1fc87363f
Сэтгэгдэл ( 0 )