“Унших бичиг”-гүй унших ур чадвар буюу ПИСА ШОК

2023 оны 12 сарын 13

-PISA  Олон улсын тандалтын үнэлгээгээр 15 настай монгол хүүхдүүдийн 64% нь “Унших чадвар эзэмшээгүй” гэсэн үнэлгээ авлаа. Гурван хүүхэд тутмын хоёр нь суурь түвшиндээ хүрэхгүй байна гэсэн үг!-

Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл PISA  /ПИСА/ үнэлгээг 3 жил тутамд зохион байгуулж байна. PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцооны чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын Олон улсын үнэлгээ юм.

Олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд Монгол Улс 2022 оны  4, 5 дугаар сараас анх удаа хамрагдаж, энэ дүнгээ сая 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд олон нийтэд танилцууллаа.

PISA 2022 үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдсан бөгөөд Монголоос 196 сургуулийн 7276 сурагч сонгогдон оролцжээ. Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн гурван төрөл дээр явуулж, 2022 оны тухайд бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтсан байна. Ингээд 1.5 жилийн туршид боловсруулалт хийж, судалгааны үр дүнг танилцуулахад Монгол Улс 81 орноос Математикт 47, Унших чадвараар 65, Байгалийн ухааны хичээлээр 53 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Математикийн хичээлийн тухайд Монгол Улс үнэлгээнд хамрагдсан нийт улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч яваа гэсэн дүгнэлт гарав. Математикийн сорилуудад хамрагдсан монгол сурагчид тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд математикийн мэдлэгээ хэрэглэх, учир шалтгааныг илрүүлэх чадвараар сул гэж үнэлэгджээ. Манай 15 настай хоёр сурагчийн нэг нь суурь түвшиндээ хүрэхгүй байна гэсэн үг.  

Хамгийн харамсалтай нь, унших чадварын тухайд энэ насны монгол хүүхдүүдийн 64 хувь нь “Унших чадвар эзэмшээгүй” гэсэн үнэлгээ авчээ. Гурван хүүхэд тутмын хоёр нь суурь түвшиндээ хүрэхгүй байна гэж дүгнэж болно. Тодруулбал, уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх, эргэцүүлж бичих, дүгнэлт хийх ур чадвар “тааруу” гэж дүгнэгдлээ. Манай хүүхдүүд Олон улсын дунджаас 5 орчим жил, Ази сурагчдын дунджаас 2.5 жилээр хоцорчээ.

Цаашилбал, байгалийн ухааны үнэлгээгээр монгол сурагчдыг байгаль, технологийн аливаа үзэгдлийг тайлбарлах, асуудлуудыг шийдэхэд шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээллийг тайлбарлах ур чадвар сул гэж үнэлэгдээд байна. Монгол сурагчид олон улсын дунджаас 3 орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ. Хоёр хүүхэд тутмын нэг нь энэ үнэлгээгээр “Суурь түвшинд хүрээгүй” гэж шүүмжлүүлэв.

Ингээд нэгтгээд үзвэл, монгол сургуулиуд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр 86 орчим хувь нь Олон улсын дунджаас доогуур үзүүлэлттэй гарлаа. Энэ 86 хувийн дийлэнхийг аймаг, сумын сургуулиуд бүрдүүлж байгаа. Тиймээс салбар яамны зүгээс орон нутаг руу чиглэсэн бодлогыг тодорхойлж ажиллана гэж үнэлгээний танилцуулгынхаа үеэр мэдэгдэнэ лээ.

Үнэлгээнд топ гүйцэтгэлтэй оролцсон сургууль болон сурагчид цөөнгүй байгааг мэдээж дурьдах нь зүйтэй. Олон улсын дунджаас дээгүүр гүйцэтгэл буюу топ түвшинд үнэлэгдсэн байдлыг судлагдахуун тус бүрээр харуулбал:

Математикийн гүйцэтгэлээр 30 сургууль, 160 сурагч дэлхийн топ түвшинд үнэлэгджээ.

Унших чадварын гүйцэтгэлээр 4 сургууль, 70 сурагч топ түвшинд үнэлэгдсэн байна.

Байгалийн ухааны гүйцэтгэлээр 9 сургууль, 11 сурагч дэлхийн топ түвшинд тус тус үнэлэгджээ.

 

PISA - ОЛОН УЛСЫН СУРЛАГЫН АМЖИЛТЫН ҮНЭЛГЭЭГ ХЭРХЭН АВДАГ ВЭ?

ПИСА үнэлгээнд хүссэн улс бүр хамрагдаад байдаггүй аж. Тус үнэлгээнд хамрагдахын тулд Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас тавьж буй нарийн шаардлагыг биелүүлж, өндөр үүрэг хүлээдэг. Мөн үнэлгээнд хамрагдахад нэлээд өндөр өртөгтэй.

Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд, дараагийн шатны боловсролын түвшинд шилждэг учраас PISA үнэлгээнд 15 настай сурагчдыг хамруулдаг байна. Энэ үнэлгээгээр сурагчдын мэдлэг, чадварыг математик, унших, байгалийн ухаан гэсэн агуулгаар үнэлдэг. Мөн сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор сургуулийн захирал болон сурагчдаас асуулга судалгаа авдаг.

PISA үнэлгээний даалгаврууд нь монгол сурагчдын тухайд цоо шинэ зүйл байсан нь мэдээж. Учир нь Олон улсын үнэлгээ сурагчдыг сургуулиас олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн хэрэглэж байгаа чадварыг тодорхойлох зорилготой учир даалгаврын тавил бидний мэддэг шалгалтын даалгавраас өөр байдаг.

PISA нь компьютерт болон цаасанд суурилсан хэлбэрээр явагддаг бөгөөд манай улс компьютерт суурилсан хэлбэрээр үнэлгээнд хамрагдсан. Судалгаанд хамрагдах сургууль, сурагчдыг түүврийн аргаар сонгож, сурагчид математик, унших, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг хоёр цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутын хугацаанд гүйцэтгэжээ.

 

СУРАГЧДЫН УНШИХ ЧАДВАР МУУДАХАД ЮУ НӨЛӨӨЛӨВ!

Монгол Улсын хэмжээнд 15 настай сурагчдын 64 хувь нь эх хэл дээрээ уншиж, ойлгох чадвар эзэмшээгүй буюу гурван хүүхдийн хоёр нь суурь түвшиндээ хүрэхгүй байгаа нь ПИСА-гаас харагдсан шок байв. 15 настай хүүхэд гэдэг бол есдүгээр ангийн сурагчид. Гэтэл бага ангидаа эзэмшсэн байх ёстой сонсох, ярих, унших, бичих, ойлгох чадварыг ихэнх нь авч чадалгүй дунд ангид орж ирснийг үнэлгээний дүн харууллаа.

Өнөөдрийн энэ хангалтгүй дүгнэлтэд юу нөлөөлсөн талаар олон нийт хийгээд салбарын мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлж, эцэг эхчүүд боловсролын салбарын гажуудлыг олон өнцгөөр тайлбарлаж байна. Унших чадварыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажилласнаар бусад хичээлийн үр дүн дагаж өсдөг зүй тогтол байдаг. Тиймээс ч иргэдийн зүгээс Унших бичиг буюу Үг хөгжил хичээлийг бага ангийн сургалтын хөтөлбөрөөс хассан болон Уран зохиолын хичээлийн чанартай ПИСА-гийн үнэлгээг холбон үзэж байна.

УНШИХ БИЧИГ: 2000 оны эхээр Боловсролын дидактикийн шинэчлэлд “Нэгдмэл хичээл”, “Хичээл хоорондын холбоо”, интеграци нэрийн дор бага ангид урд өмнө үздэг байсан “Унших бичиг” хичээлийг монгол хэлний хичээлтэй нэгтгэсэн юм. Өмнө нь “Унших бичиг“ хэмээх бие даасан хичээл дээр минутын уншлага хийлгэж, ойлгосныг нь яриулах, сурах бичиг дээр өгөгдсөн эхийг уншиж, утгыг яриулах гэх мэтээр сурагчдад уншиж ойлгох, өөрийн дүгнэлт хийх, эргэцүүлж бодох чадварыг олгодог байв. Ингэхдээ сурах бичиг дээрх эхүүдэд бичгийн мэргэдийн нарийн шалгууртай зохиолыг багтаадаг байсан.

Харин энэ цаг үед сурах бичигт орж буй зохиолч, зохиолуудыг ямар шалгуураар сонгож буй нь тодорхойгүй болжээ. Магадгүй, зөвхөн сурах бичиг зохиогчдын сонголтоор явж байна гэхэд хилсдэхгүй. Эцсийн дүнд жилийн жилд хэн зохиосон нь мэдэгдэхгүй, утга агуулгын хувьд алдаатай шүүмжлэл дагуулсан хүүхдийн номын цуглуулгатай болж буй.

Унших бичгийг монгол хэлний хичээлтэй нэгтгэсэн нь олон сөрөг үр дагавар дагуулж байгаа нь цөөнгүй хэлэлцүүлэг судалгаанаас харагддаг. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 оны нэгдүгээр сард явуулсан “Сургалтын хөтөлбөрийг сайжруулах зөвлөлдөх семинар” дээр бага ангид ордог байсан “Үг хөгжлийн хичээл” үр дүнтэй байсныг онцолж, унших бичгийн хичээлийг сэргээж, бага, дунд ангид унших, бичих чадварт онцгой анхаарах, монгол хэлний хичээлээс унших бичгийг салгаж, тусад нь оруулах нь илүү үр дүнтэй гэсэн санал багш нарын зүгээс ихээр гарч байсан. Үүнтэй холбоотойгоор тус семинараас “Бага боловсролын монгол хэлний сургалтын хөтөлбөрт хэл, унших бичиг хоёрыг нэгтгэсэн нь сурагчдын унших, зөв бичих чадварыг орхигдуулж байгаа тул бага боловсролын багш нараас авсан санал, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгаанд үндэслэн “Бага ангид “Унших бичиг”-ийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, оруулах зөвлөмж” хүртэл гаргаж байв. Гэхдээ энэ бүхэн өнөөдрийг хүртэл асуултын тэмдэгтэй хэвээр байна.

 

БАЙР СУУРЬ

ОЛОН УЛС СУДЛАЛЫН ДОКТОР Н.НАРАНБАЯР: Унших чадварыг гуравдугаар анги хүртэл буюу бага ангид нь суулгах ёстой. Дээрээс нь унших чадварыг дөрвөн түвшинд хувааж үзэх хэрэгтэй. Хүүхэд үг уншихдаа үсгийг нь хараад байдаг, утгыг нь ойлгодоггүй. Авиаг дүрсэлнэ гэдэг гайхамшиг. Тэгэхээр бага сургуульд олон хичээл хэрэггүй. Унших, ойлгох руу, бусдыг сонсоход чиглэсэн хичээлийг түлхүү оруулбал зүгээр. Унших чадвар нь сонсох чадвартай шууд уялдана. Балын харандаагаар бичих нь унших чадвартай шууд холбоотой. Баллуураар баллуурдах эрхгүйгээр балаар бичээд эхэлчихсэн хүүхэд хэцүү. Алдаа хийх эрхийг нь өгөхгүй байна гэсэн үг. Гэрийн даалгаврын ачааллыг эрс багасгах хэрэгтэй. Ингэж байж хүүхэд уншиж эхэлнэ.

БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Сурагчдын сурлагын ахиц дэвшилд шууд нөлөөлөл үзүүлдэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлт гэдэг ойлголт байдаг. Энэ ойлголтоор эцэг, эхийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого гурав хамгийн чухал үзүүлэлт юм байна. Жишээ нь, боловсролд нэг жил илүү хамрагдахад хөдөлмөр эрхлэлт нэг хувиар нэмэгддэг гэдэгтэй адил цаашдаа бид эцэг, эхчүүдийн боловсролын түвшнийг дэмжих ёстой. Эцэг, эхчүүд өндөр боловсролтой, орлого өндөртэй байвал хүүхдийнхээ боловсролд илүү мөнгө зарж байна гэсэн үг. Саяын ПИСА-гийн үнэлгээний гол үзүүлэлтээс харахад, төрийн өмчит нийт сургуульд сурч байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь эцэг, эхийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогоороо сайнгүй байна. Эдгээр нь дундаж давхаргын хүүхдүүд байгаа учраас дундаж давхаргаа дэмжих бодлого явуулаач ээ гэдэг санааг зөвлөсөн. Сурлагын амжилтад нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нэг нь тухайн улсаас сурагчдад зарцуулж байгаа санхүүжилтийн хэмжээ юм.

***

Олон улсад нэг хүүхдэд зарцуулж байгаа боловсролын зардал дунджаар 10-12 мянган ам.доллар байдаг аж. Монгол Улсын ерөнхий боловсролд зарцуулж буй ногдох зардал нь 1000 хүрэхгүй доллар буюу ПИСА-д оролцогч орнуудаас III түвшин доогуур, хамгийн доод үзүүлэлттэй байгаа гэж үнэлэгджээ.

УРАН ЗОХИОЛ: Уран зохиолын хичээлээр дамжуулан сурагчид гоо зүйн мэдрэмж авах, хүмүүжиж төлөвших нь хамгаас чухал. Боловсролоороо дэлхийд тэргүүлдэг улс орнууд уран зохиолын хичээлийг хэцүү хичээлүүдийн нэгд тооцдог. Харин Монголд бол одоо Ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын хичээлийг долоодугаар ангиас эхлэн долоо хоногийн хоёр цагаар орж байна. Тус хичээлийг ордог багш нарын зүгээс “ЕБС-ийн уран зохиолын хичээлийн цаг бага, унших зохиол цөөн, сурах бичигт орж буй зохиолч, зохиолуудыг ямар шалгуураар сонгож буй нь тодорхойгүй, зохиол дээр хийх задлал их, нас сэтгэхүйн онцлогт тохироогүй” зэрэг саналуудыг хэлдэг. Түүнчлэн багш нар өөрсдөө ном зохиол ихээр уншиж, уран зохиолын талаар мэдлэг сайтай байж, зүрх сэтгэлээрээ хандаж, сурагчдад сайн зохиолуудыг уншуулах нь чухал байгааг ч илэрхийлж байна. Гэхдээ дээр өгүүлсэн бага ангидаа уншиж ойлгох чадварыг эзэмшээгүй сурагчид уран зохиолд дурлаж, шимтэн суралцах нь эргэлзээтэй.

ЦААШИД БИД ХЭРХЭХ ВЭ?

ПИСА үнэлгээний дүнд өнөөдөр бидний хүүхдийн боловсрол, чадвар дэлхийн орнуудтай харьцуулахад хаана явна вэ гэдгийг харж, бодит үнэнтэй нүүр туллаа. Цаашдаа бусад хичээлүүдээс гадна сурагчдын унших, ойлгох чадварыг анхаарах онцгой шаардлага үүссэн нь харагдлаа. Салбарын сайд энэ талаар “Үндсэндээ математик, байгалийн ухаан, унших чадварын гүйцэтгэлээр унших чадвар дээр ПИСА шок буюу хуучнаар -3 авчихлаа. Тиймээс хүүхдүүдийн унших чадварыг дээшлүүлэхэд эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг маш чухал. Хүүхдэдээ багаас нь ном уншиж өгөх, уншсан номоо хамт ярилцах гэсэн аяныг бид өрнүүлэх ёстой юм байна. Эцэг эх, сургууль, хүүхэд гэсэн алтан гурвалжны хамтын ажиллагаа хүүхэд бүрийн ирээдүйд хамгийн чухал. Эцэг, эх, асран хамгаалагчид энэ дүнгээс том дохио авах ёстой” хэмээн эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг сануулсныг дурьдъя.

Түүнчлэн бодлого тодорхойлох яамны зүгээс ПИСА-гийн үнэлгээнд Монгол Улс оролцсоноороо 15 настай сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгааг бодитойгоор тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдэнэ. Өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад оронтой харьцуулж, харилцан туршлага судална. Үнэлгээний дүнд тулгуурлан боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлно. Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлт нь сурагчдын сурлагын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх олон давуу талтай гэж үзэж байна.

Засгийн газрын зүгээс ч үнэлгээний дүнтэй танилцсаны дараа “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулан, боловсролын чанарыг сайжруулах, сурагчдын амжилтын зөрүүг бууруулах зорилго, хөтөлбөр боловсруулахыг даалгажээ. Монгол Улс 2025 оны ПИСА үнэлгээнд дахин хамрагдахаар төлөвлөж байгаа. Энэ үнэлгээг хийлгэхийн өмнө алдаагаа засаж, 15 настай хүүхдүүдээ уншуулж сургана гэж найдъя.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.46.44) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(102.89.46.44) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Top