Ирэх оны сансар судлалын чухал хөтөлбөрүүд

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 01

АНУ-ын Пердью их сургуулийн эрдэмтэд 2024 онд сансар судлалын салбарт төлөвлөгдсөн чухал хөтөлбөрүүдийг нэрлэжээ.

“The Conversation” хэвлэлд мэдээлснээр, хамгийн сонирхол татахуйц төсөл нь НАСА агентлагийн “NASA Europa Clipper”. Энэ хүрээнд НАСА агентлаг Бархасбадь гарагийн хамгийн том сарны нэг болох “Европ” нэртэй дагуулыг судлахаар аппарат хөөргөх юм. Европ дагуул нь манай гарагийн сараас бага хэмжээтэй ба мөсөөр хучигдсан байдаг аж. Мөсөн бүрхүүлийн дор манай гарагийн бүх далайн уснаас ч их хэмжээний устай давстай далай бий гэж үздэг аж. “Europa Clipper” аппарат тус дагуулын усны гүнд амьдрал бий эсэх, амьдрал үүсэх нөхцөл бий эсэхийг судлах юм. Тус аппарат Бархасбадь гарагийн дагуулыг 50 удаа тойрно. “Europa Clipper” аппаратыг 2024 оны аравдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд аппарат 2030 онд зорьсон газартаа хүрэх гэнэ.

2024 онд “Artemis” хөтөлбөрийн хоёрдугаар үе шат эхлэх хуваарьтай. Хөтөлбөрийн гол зорилго саран дээр хүн буулгах явдал юм. “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд НАСА агентлаг дөрвөн нисэгчээ сар руу илгээхээр зорьж байна. Төлөвлөгөө ёсоор, “Artemis II” 2024 оны арваннэгдүгээр сард хөөрч, 10 хоног үргэлжлэх юм. Үүнтэй зэрэгцэн НАСА агентлаг “VIPER” сарнаа явагчийг 2024 оны арваннэгдүгээр сард илгээхээр төлөвлөж байна. Сарны өмнөд туйлыг судлах даалгавартай “VIPER” ус, нүүрсхүчлийн хийг эрэн хайх тусгай төхөөрөмжөөр тоноглогджээ. “VIPER” +107 хэмээс -240 хэмийн хэлбэлзэлтэй температурын нөхцөлд 100 хоног ажиллах даалгавартай.

Японы сансар судлалын JAXA агентлаг ирэх оны есдүгээр сард “Martian Moon eXploration (MMX)” аппаратыг Ангараг гарагийн Фобос, Деймос дагуул руу илгээхээр зэхэж байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго эдгээр дагуул хэрхэн үүссэнийг судлах явдал.

Европын сансрын агентлаг ирэх жил Дидимос-Диморфос солир руу “Hera” аппарат хөөргөнө. Тус аппарат 2026 онд зорьсон газартаа хүрэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top