Эквадорт мафийн толгойлогч шоронгоос оргож, онц байдал зарлав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 09

Эквадор улсад ерөнхийлөгчид нэр дэвшигчийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй мафийн толгойлогч шоронгоос оргосонтой холбогдуулан хоёр сарын хугацаанд онц байдал зарлажээ.

Фито хочтой Адольфо Масияс Вилламар 12 жил хоригдож байхдаа “Лос Чонерос” мафийг толгойлж байжээ. Түүнийг шоронгоос оргосонтой холбогдуулан Эквадорын Ерөнхийлөгч Даниэл Ноба 60 хоногийн хугацаанд онц байдал зарлаж, хөл хорио тогтоожээ. Фитог шоронгоос оргосныг өнгөрсөн ням гарагт мэдсэн байна. Түүний хоригдож байсан “La Regional” шорон нь таван хорих газрыг багтаасан бүхэл бүтэн цогцолбор бөгөөд нийт 12 мянган хоригдолтой аж. Өнгөрсөн оны наймдугаар сард Фитог цөөн тооны хоригдолтой, илүү найдвартай харуул хамгаалалттай “La Roca” хорих газарт шилжүүлжээ. Түүнийг шилжүүлэх ажиллагаанд олон мянган цэрэг оролцсон байна. Гэсэн ч түүний өмгөөлөгч давж заалдсаны эцэст, түүнийг эргүүлээд “La Regional” шоронд буцаан шилжүүлжээ.

Фито шоронд хоригдож байхдаа 2020 онд “Лос Чонерос” мафийн толгойлогч болсон байна. “Лос Чонерос” мафи нь хар тамхины наймаа эрхэлдэг бөгөөд Мексикийн алдарт “Синалоа” хар тамхины картельтай хамтарч ажилладаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top