Гашилгах ганцхан технологитой “Цагаан идээ” хэмээгч

2024 оны 01 сарын 23

Хөдөөд малчид зудад нэрвэгдэж, хотод цагаан идээний үнэ өсөж, ааруул кг нь 70 мянган төгрөг болсон тухай нийгэм даяар шуугиж байна. Тэгвэл биологийн ухааны доктор, профессор, зохиолч, сэтгүүлч  Бадрахын Чимид манай сонинд “Гашилгах ганцхан технологитой цагаан идээ хэмээгч” гэсэн нийтлэл бичиж ирүүлснийг хүргэж байна.


Алиалагч Данзан, Содном хоёр аль 1970-аад оны үед тайзан дээр хошин шог үзүүлж, мөхөөлдөс зарахаар хоёул ирээд, тэр халуун өдөр эхлээд “Мөхөөлдөс аваарай, мөхөөлдөс аваарай” гэж бага үд хүртэл хашгирч, тэр хооронд мөхөөлдөс хайлж, дараа нь “Сүү аваарай, сүү аваарай” хэмээн орилж, удалгүй халуун өдөр сүү нь гашилж, “Тараг аваарай, тараг аваарай” гэж хурсан олныг хөнгөн инээдээр баясгаж байж билээ. Сүү ингэж  хөлдөөд мөхөөлдөс, хайлаад сүү, гашилхаараа тараг болдог нь зүйн хэрэг. Тэр үед улсын нийслэлийг сүүгээр хангах чиглэлийн сангийн аж ахуйнууд, Улаанбаатар хот тойруулан 800 үнээний, 1000 үнээний  фермүүдийг байгуулж, малын ашиг шимийг ашиглах их ажил өрнөж байлаа.

Хотын хүн ам цөөн, ашиг шимт мал нь арвин, саах саальчид нь бэлэн байсан болохоор үндсэндээ түүхий сүүгээр их хотын хэрэгцээг бараг хангаж байсан билээ. Гэхдээ л сүү ховор идээ хэвээрээ байсан. Ямар сайндаа л хотод ойроор нь сүү дамладаг хэмээн Төв аймгийнхныг “Туулаар гараагүй, гүүрээр гарсан юм. Сүү гэж будаг, шанага гэж худаг, шанага нь тав, шавхруу нь гурав” гэсэн хэмээх  золибон үг гарч байх вэ дээ. Түүнээс хойш төв суурин газрыг шингэн сүүгээр хангах ажил “шүдний өвчин” хэвээр явсаар өдий хүрэв. Тэгтэл социализм нурж, зах зээлийн харилцаанд шилжсэнээр нөгөө сүүний фермүүд, сангийн аж ахуйнууд тарж, ёстой л зах зээлийн жамаар, төвлөрсөн хангамж, сүү татан авалт зогсож, тарж бутарсан хувийн аж ахуйтан, фермерүүдээс сүү цуглуулж, түүнийгээ гашилгачихгүйн тулд ариутган савлаж, үйлдвэрийн аргаар боловсруулах, түгээх горимд шилжсэн нь энэ зах зээлийн араншин.

Тэгээд одоо яаж хангаж байна вэ. Зөвхөн Улаанбаатар хотын сүүний жилийн хэрэгцээ 67,0 мянган тонн. Түүний 54.8 хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү гэж байгаа. Манайх шиг нэг хүнд ногдох малаараа дэлхийд тэргүүлдэг, бэлчээрийн мал аж ахуйтай, тоо нь аль хэдийн 70  саяд хүрчихсэн байхад, зардал багатай сүүгээр хот суурингийхныг хангах талын бодлого мөн л алдагдсан хэвээр.

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн бүх сумыг сүүний машинтай болгоно гэсэн “бүтээлч санаа” гаргасан ч засаг унаж, тэр сайхан мөрөөдөл талаар болсон.

Манайхан юмыг тас цавчихаараа урд өмнийн зөв юмыг ч гэсэн аваад үлдэнэ гэж байхгүй, шууд л “шинэ гараа”-наас эхэлдэг нь бараг тогтсон ёс. Нэг тийм сайхан санаа, зөв бодлого ажил хэрэг бололгүй үлдсэн юм хэмээн би боддог. Учир нь сум бүр хөргүүртэй сүүний машинтай болчихсон бол энэ их эхлээр мал эмх цэгцэндээ орж, хэдэн малын хөх шувтраад өрхийнхөө амьжиргааг аваад явчих асар их нөөц байхад, одоо мал нь бүгд төлөө дагуулсан эхлээр байна. Саяхан ХХААХҮ-ийн  сайд Х.Болорчулуун “20 сая бог, хоёр сая үнээ сааж байна” гэж ярилаа. Бараг худал  байх. Лав л мянгат малчин айл зун малаа саах байтугай хар цай ууж байгааг би биеэр харсан.

Зарим тусгай чиглэлийн үхэр, мал гэж байдаг л даа. Жишээ нь махны чиглэлийн үхэр үржүүлдэг аж ахуйнууд байсан. Түүний зарчим нь тугал нь эхээ хөхөж байх ёстой, сааж сүүг нь авахгүй байх хуультай ч гэх шиг. Намайг 1977 онд Дорнод аймгийн ой, агнуурын аж ахуйн даргаар ажиллаж байхад, Баян-Уул сум, “Онон” САА гэж байлаа. Тэндхийн 4000 улаан үхэр бүгд эхлээр, бараг л цайны сүү авах хэмжээний саальтай байсан юм. Яагаад үнээ, тугалыг ялгахгүй, эхлээр нь байлгаж байгаа юм бэ гэхээр, махны чиглэлийн үхэр учраас тугал нь эхээ хөхөх ёстой гэнэ.

Манай уламжлалт мал аж ахуйд төлийг эхээс нь өдөрт салгаж маллах, борог өвсөнд оруулахыг эрхэмлэж, эхлээр байлгахыг цээрдэг байлаа. Учир нь эхлээр байсан төл мал сэв сэтгүй эхээ гувшиж, өвс ус идэж уухгүй байснаас гуриа, эцэнхий, олигтой торниж өсөж чаддаггүйг манай малчид сайн мэддэг юм. Тийм учраас эх, төл хоёрыг тусгаарлан маллаж, хөрвөжүүлэн торниулдаг нь монгол малчны ухаан.

Магадгүй тэр сайн үүлдрийн махны чиглэлийн үхэр байсан учраас тугал нь сүүг нь бүрэн хөхөх учиртай гэсэн зөвлөмжтэй байсан ч гэлээ монгол ухаанаар эхээс нь салгаад бор хоолонд оруулсан бол илүү ч жин дарж, сайн чанарын мах үйлдвэрлэх ч байсан юм бил үү хэн мэдлээ. Тэгтэл одоо Монголын тэр 70 сая мал маань бүгд махны чиглэлийн үүлдэр болчихоод эхлээр байлгах заалтанд хамрагдчихав уу. Яагаад энэ олон сая шимт малаа саахгүй болчихов оо гэж асуумаар байгаа юм.

Хэдхэн жилийн өмнө болсон явдал. Миний ах, дүү хамаатан садангууд Булганы Бүрэгхангайгаар нэг байна. Нэг мянгат малчин, нөгөө мянгат малчнаасаа бэр буулгаж байна. Тэр өдөр нэг азарга адуу, арван тугалтай үнээ, 250 тооны бог инжид ирж байна. Хүүгийн аав түүнээс дутахгүй мал хүүдээ тасалж өгч байна. Ингээд нэг л өдөр бараг мянгат малчин болчихлоо. Харамсалтай нь тэр их малд эзэн болж, маллаж, ашиг шимийг нь хүртэж байгаа юм алга. Бүгд эхлээр байна гээд хэлчихэд нэг их хилс болохгүй.

Одоо бүр саяхны нэг үнэнийг хэлье. Бас л надад тохиолдсон явдал. Тэр мянгат малчдын нэгнээс намайг хуриманд урьж, хөдөөнөөс зочилж ирэхдээ Улаанбаатарын сүүний үйлдвэрийн савласан “Өглөө” сүүтэй ирлээ. Тэгээд би тэдний өмнөөс нэг сайн ичиж билээ.

Улсын газар нутаг дээр, үнэгүй өвс, ус ууж идчихээд, мах болоод сүүний нь үнэ хадчихсан, одоо манай Улаанбаатарчууд Нью-Йоркийн дэлгүүрийн үнээр мах идэж байна.

Гэтэл Монголын цөлжилтийг хонь ямаа хоёрын өсөлтөөр хангаж байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Учир нь ямааны ноолууранд, ноосонд, маханд ухамшуулал өгч мал өсгөхийг нь дэмжиж байгаа мэт боловч хэрэг дээрээ түүний өсөлтийн бодлогыг хуц, ухна хоёр удирдаж байна гэж би хэлээд байгаа. Тэр хоёр үүргээ сайн биелүүлж байна. Ишгийг ч борлонг ч хээлтүүлж чадна. Малын тоо толгой өснө биз дээ.

Ингэж өссөн малаас авч байгаа ашиг шим гэж алга. Дотоодын сүүнийхээ хэрэгцээг хангаж чадахгүй байна.

Зөвхөн 2019 онд 6000 тонн хуурай сүү, 720 тонн шингэн сүү импортолсон байна. Зөвхөн хуурай сүү нь гэхэд 100 вагон гээд бод доо. Тэгж татаж ирсэн сүүгээрээ үйлдвэрийн аргаар шингэлээд савлаад бидэндээ түгээж байгаа билээ. Зөвхөн сүү ч биш, сүүн бүтээгдэхүүний ихэнх нь хуурай сүүгээр хийгддэг.

Гэтэл сүү гэдэг бүтээгдэхүүн хоол тэжээлийн болоод, эрүүлжүүлэх ямар их ач холбогдолтой билээ. Ялангуяа билчээрийн эрүүл өвс ус хэрэглэж байгаа монгол малын ашиг шим ихээ их. Гэтэл түүнийг ашиглаж чадахгүй гадаадаас вагон вагоноор нь хуурай сүү оруулж ирж байгааг ямар төрийн “мэргэн” бодлого гэх вэ.

 

Гашилгадаг ганцхан технологи

 

Монголчууд сүүгээр маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Зуны урин дулаан цагт махан хоол хэрэглэх нь бараг ховор, мянган малтай байсан ч одоогийнх шиг бүтэн жилийн турш шинэ мах идэж байсангүй. Тэр үед айл бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч байж, нэгэн гэрийн дотор цагаан идээний цех ажиллаж байлаа. Цагаа идээ хийх технологи нь үндэстэн ястан дотор өөр өөр ч бараг л гашилгадаг ганцхан технологитой байсан юм билээ.

Тогоо дүүрэн сүүндээ үхсэн хурганы уурагтай ходоодыг базаж ээдүүлчихээд өдөржин буцалгахад шар шүүсэндээ чанагдсан ээзгий гэх цагаан идээ гарна. Ээзгийний хөрөнгө нь хурганы уурагтай ходоод. Тогоо дүүрэн сүүндээ жаахан хонь үхрийн айрагнаас хийж ээдүүлээд шахаад бяслаг гээч цагаан идээг хийнэ. Сүү нь байвал 30 минутад хийдэг эд. За тэгээд цаана нь үхэр, хонины, гүүний айраг, тараг, ааруул, хурууд бүгд гашилгасан сүүнээс гаргаж авдаг. Тэгээд бас боз, ингэний хоормог, ээрэм, ээдэм, шар сүүний олон бүтээгдэхүүн, эсэг, цэгээ гээд монголчууд энэ бүхнийг гэртээ үйлдвэрлэж амьдрал ахуй, хоол хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн ард түмэн. Миний нэг анд нэрт яруу найрагч, нөгөө “Дэглэгчдэд дэг хэрэгтэй”-г бичиж байсан А.Даваасамбуу нэгэнтээ:

“Бүтэн өдөржин ус зөөж

Бүрхээрийн ээрэм амталж үзсэн ч биш дээ

Дөчин мянгатын хүүхдүүд хөөрхийс”  гэж бичиж байлаа.

Нүүдлийн мал аж ахуйтай монголчууд гэж цагаан идээ боловсруулах яасан ч их соёл, аж байдлыг бий болгосон юм бэ. Ийм сайхан соёл, уламжлал бидний үед зогсож, ашиг шимт малынхаа сүү саалийг авч чадахгүй хуурай сүүний эрэлд хатаж, харийнхнаас бадар барьж явна гэж хэн санах билээ. Гэтэл ийм цаг үе иржээ.

Одоо тэр цагаан идээний үнэ ямаршуухан байна. Манай хотын захуудын лангуугаар дүүрэн хурууд, ааруул, ээзгий, бяслаг ч байна. Нэг кг нь 15000-25000 төгрөг. Саяхнаас нэг кг ааруул 70 мянган төгрөг болсон сурагтай. Гэтэл нэг кг гурил 1200 төгрөг байна. Тариаг урд жил нь уриншилж, хавар нь хагалж, үрлэж, зунжин малаас хамгаалж, намар нь хурааж, үтрэм дамжуулан сэврээж, буцаад ачиж үйлдвэрт тушаан тээрэмдүүлж, гарсан гурилаа савлаж, шуудайлаад дэлгүүрт хүргээд 1500 төгрөг байна. Яасан олон дамжлага, хөдөлмөр, бэрхшээл билээ. Яасан ч нарийн технологи билээ.

 Гэтэл гашилгаад л гараас гардаг “цагаан идээ” маань нэг кг гурилаас 10-15 дахин их үнэтэй лангуу эзлээд хэвтэж байна. Бас тэр маань хэдэн ч жил болсон юм буй мэд, хатчихсан юм болохоор хөгцрөхгүй, хатуу даагаад л лангуу эзэлсэн байдалтай. Гэтэл  бид цагаан идээгээр хоногийн хоол хийдэггүй, өөрөөр хэлбэл ааруул, ээзгий идээд унтдаггүй биз дээ. Харин шинэ короно вирусын халдвар дэлхийгээр тархаж, буцалгасан аруул, аарц л сайн гэнэ дээ гэсэн сургаар лангуу нь чөлөөлөгдөж байсан сурагтай.

Бас л болсон явдал. Нэгэн өвөл Сүхбаатарын талбайд цагаан идээний өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа хотоос зохион байгуулсан юм. Бараг өдөржин болсон тэр арга хэмжээнд олон ч газраас машин машинаар хөлдөөсөн сүү, ааруул, хурууд, өрөм зөөхий овоорсон байлаа. Манай хотынхныг их л баян хүмүүс, тэр дор нь хуу хамчих байх гэж бодсон уу, түүний үнэ гэж тэнгэр хадсан жигтэйхэн их. Тэгтэл бараг бүтэн өдөр зогсоод гавьтай худалдаа хийж чадалгүй, бээрсэн даарсан хүмүүс тэр оройгоо тарцгааж байлаа.

Би бас л болдоггүй амтай хүн. “Та нар хэлцэж байгаад үнэ, хөлсөө бууруулаад, зараад яваач дээ. Энэ ааруул ээзгийхнээр хэн хоол хийж хонодог билээ. Тавгын идээ, өнгө засах хэмжээний л эд шүү дээ. Яасан ч их үнэтэй юм. Гашилгадаг ганцхан технологитой атлаа нэг кг гурилаас 10 дахин үнэтэй байна шүү дээ” гэсэн. Зарим нь ундууцаж, их л зардал чирэгдэл гардаг, ийм байх ёстой ч гэх шиг. Үнэндээ би малчин ардын хүүхэд. 10 дугаар анги төгстлөө ээждээ хонь ямаа сааж тусалж байлаа. Сүү, цагаан идээг боловсруулахыг мэднэ. Гэхдээ дэлэнт малынхаа ашиг шимийн авахгүй болохоор хэн түүнийг сааж сүүг нь авахаас эхлээд хэн боловсруулж цагаан идээ бэлтгэх билээ. Тийм болохоор л ховор гэдэг утгаар үнэ ээ нэмсэн нь энэ ажгуу.

Манай орны хүн амын 50 гаруй хувь нь Нийслэл хотдоо амьдарч байна. Тэгээд аймгийн төв, суурин газар гээд үндсэндээ нийт хүн амын 70 гаруй хувь нь төв суурин газар бараадаж, буянт малаасаа холдсон. Энэ их мал цөөхөн малчдын гар дээр байгаа болохоор, залуу малчин, малчдын халаа байхгүй болж,

Дээлээ даахтай болсоныг нь сургуульд аваад явсан,

Дээврээ даахтай болсоныг нь цэрэгт татаад явсан,

Дэгжин шаавай охид нь хот бараадаад явсан

(Тангадын Галсан)

болохоор малчин, саальчны дутагдалд орж  малын сүү сааль гэх их баялаг зөвхөн төл нь хөхөж л цадаж байна. Байдал ийм байхад мал 70 саяд хүрлээ хэмээн хөөрцөглөж, авсан ашиг шим байхгүй, атарчсан цөлжсөн газар нутагтаа үлдэж байгаагаа юу гэж ойлгох вэ.

Ашиг шимийг нь авахгүй юм бол хүлэмжийн хийг ялгаруулагч мал гэдэг амьтан одоо цагт хэнд хэрэгтэй болж байна вэ. Бүр арга ядахнаа үнэгүй өвс ус, бэлчээр хэрэглэгч мал гэдэг амьтныг тодорхой тоо толгойнд барьж, ашиг шимийг нь  мал бүрээс авч чадах арчилгаа, маллагааны эзэнтэй,  малчин, саальчинтай байж өсгөх шаардлага байна. Түүнээс биш хурга, ишиг төллүүлээд мянгат малчин болчихсон, хариулах малчингүй, ашиг шимийг нь авахгүй, билчээрийн даац байхгүй, цөлжсөн газар нутгийг мал л бидэнд үлдээж өгч байна. 500 толгой богноос дээш гарсан мал бүрт хөлийн татварыг 3-5 дахин нэмж татварын бодлогоор малаа зохицуулахгүй бол нэг л зуданд 50 хувь нь хорогдож, байгалийн их цэвэрлэгээ хийгдэх цаг ирсэн байна шүү. Сүүлийн үед эрчимжсэн мал аж ахуйн тухай ярьдаг болж. Энэ сайн хэрэг. Гайгүй сайн туршлага ч гарч байна. Сонсох нь ээ Бридж групп Архангай аймгийн Хангай, Тариат, Цахир сумуудад сүүг хөргүүлтэй машинаар  малчдаас нь хүлээн авч, үйлдвэрлэлийн аргаар боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа сайхан  жишээ байна.  Ийм ажлыг нэг том үйлдвэр биш, сум бүр хийх бололцоо байхад сумын дарга нар улс төржөөд л явж байна.

 Монголын газар нутгийн 76 хувь нь цөлжсөн байна. Энэ бүгд малаас үүдэлтэй. Би малд дургүйдээ хэлээд байгаа юм биш. Дээр хэлсэн. Улсын газар нутаг, бэлчээр, үнэгүй ус өвс идчихээд дээрээс нь төрөөс урамшуулал аваад өсгөөд байгаа хэр нь тэнгэр хадсан үнэтэй мах идэж, сүүгээр гачигдаж, хуурай сүүгээр амаа цавалж, ганц кг ааруулыг 70 мянган төгрөгөөр авч буй хотынхон   арай л шоовдорлогдож байна.

 Харин малчид бол жаргасан хүмүүс. Тэр атар хээр нутагт малаа мянга хүргэчихээд ноос, ноолуур, мах сүүгээ амандаа орсон үнэ хэлээд сууж байгааг зөв гэх үү. Тэтгэвэрт гарах насаа  таван  жилээр наашлуулна ч гэх шиг. Нэгэнт хувьд шилжсэн малыг “Төрийн хамгаалалтанд байна” гэдэг үгнээсээ салж, эзэн нь юмаа мэдсэн шиг мэдэж, ашиг шимийг нь авч чаддаг эрчимжсэн мал аж ахуйгаар солих цаг нэгэнт болсон.  Тэр малын хөлийн татвараас орох орлогоор хотынхны мах, сүүний үнийг “чөлөөлж” өгвөл таарна.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв(66.181.161.214) 2024 оны 01 сарын 25

Зөв!

0  |  0
Уншигч(66.181.190.202) 2024 оны 01 сарын 24

Зөв шүү, яг л хэлж.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 01 сарын 23

Малчид гэж шуналтай амьтас...

0  |  0
Zochin(89.128.57.219) 2024 оны 01 сарын 23

Zalxuu malchin nertei orkuud xudiuuguur duren bolj dee \n

1  |  0
. Үнэн бичсэн байна(66.181.180.227) 2024 оны 01 сарын 23

хөөрхий хотынхоноор даатгалаа төлүүлчээд хариуд нь хулхины бузрын шороо тоостой хөгцтэй “цагаан идээ “хэмээгч. Би нэг хөдөөний айлд очиж билээ гэтэл орон доогуураа тавьсан өрмөө гаргаж ирээд өмнө тавив. Хөдөөнийхөн ор дэвсгэрээ цэвэрлэх биш дээ , Бас орон дээрээ хэвтэхэд нь бузрын тоос шороо нь энэ өрөм лүү нь унадаг гэж бодохоос бөөлжис хүрч хурдан гарч билээ. Хөдөөнийхэнд эрүүл ахуй ариун цэвэрч байх сургалт хэрэгтэй ч юм шиг

2  |  0
Зочин(59.153.113.148) 2024 оны 01 сарын 23

Удаан хадгалсан хуучин ааруул нойр булчирхайн өрөвсүүлдэг тэгээд цагаан сарын дараа эмнэлгүүд дүүрдэг шүүдээ

0  |  0
зочин(195.46.106.46) 2024 оны 01 сарын 23

яг үнэн

4  |  1
Top