Монголбанк 650 гаруй төрлийн дурсгалын зоос гаргажээ

А.Алиман | Zindaa.mn
2024 оны 02 сарын 06

Германы Берлин хотноо энэ сарын 2-4-ний өдрүүдэд болсон “World Money Fair” арга хэмжээнд Монголбанк “Койн Инвест Траст” компанитай хамтран оролцлоо.

1972 оноос хойш тасралтгүй болж буй уг арга хэмжээ нь дэлхийн зоос, цаасан мөнгөн тэмдэгт цуглуулагчид болон мөнгөний салбарын мэргэжлийнхний цуглардаг томоохон үзэсгэлэнгийн нэг ажээ. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс дилерүүд, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчид, дуудлага худалдааны газрууд цуглаж шинэлэг зүйлсээ дэлгэн үзүүлдэг бол дэлхийн мөнгөн тэмдэгтүүд, зоосны салбарын ханган нийлүүлэгчид ч мөн уулзаж, хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг дэлгэн харуулдгаараа ач холбогдолтой.

Монгол улсын төв банк 53 жил дурсгалын зоосны үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд хамгийн анх 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй дурсгалын зоосыг алт, мөнгө, гууль, никелиэр үйлдвэрлэж байжээ.

Харин орчин цагт Монголбанкны Эрдэнэсийн сангаас үнэт болон бусад металлаар өнгөрсөн хугацаанд нийт 650 гаруй төрлийн онцгой сэдэв бүхий дурсгалын зоос гаргасан байна.

Монголбанк анхны дурсгалын зоосыг Герман улсад үйлдвэрлэж, түүнээс хойш дотоодын “Зоос гоёл” компани болон ОХУ-ын “Гознак” үйлдвэр, Японы “Иточу” компани, “B.H.Mayers” компани, “Royal mint”, “Valcami Sa” зэрэг үйлдвэртэй хамтран ажиллаж байсан бол сүүлийн жилүүдэд Лихтенштейн улсын “Койн инвест траст” компанитай хамтран, дурсгалын зоосыг ХБНГУ-д үйлдвэрлэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top