АЛДАРТНУУД | Триллер киноны хаан найруулагч Альфрэд Хичкок

2024 оны 02 сарын 07

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Найруулагчдын түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг мягмар гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Найруулагчдын түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид найруулагч Альфрэд Хичкокийг онцоллоо. 


 

Альфрэд Хичкок нь Англи гаралтай Америк, кино найруулагч байсан ба түүний бүтээсэн олон цуврал болон бүрэн хэмжээний кинонуудыг шүүмжлэгчид сайшаан үздэг билээ. Тэрбээр 1899 оны наймдугаар сарын арван гуравны өдөр Англи улсын нийслэл Лондон хотод төрсөн юм.

Айлын ганц хүүхэд биш хэдий ч ганцмаардмал өссөн хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрээр аавыгаа их хахир хатуу хүн байсан хэмээн дурссан байдаг. Түүний аав нь нэг удаа Альфрэдийг үгэнд нь ороогүйн төлөө цагдаагийн газар аваачиж өгч байсан гэнэ.  Цагдаагийн офицерууд арга ядан хэдэн минут түүнийг хорьж өгч байсан гэдэг.

Үүнээс болж Альфрэд бүгчим жижиг, хавчиг газар байхаас айдаг болж, буруу зүйл хийсэн тохиолдолд шийтгүүлнэ гэх айдастай болсон ба уг айдсуудаа өөрийн уран бүтээлүүдээрээ дамжуулан үзүүлж байжээ. Аав нь түүнийг хянаж цагдаагүй үед ээж нь хэзээ, мөдгүй өлсөж үхэх гэж байгаа мэт л хооллодог байсан ба үүнээс үүдэн түүний олонд танигдсан том гүзээтэй дүр төрх нь бий болсон хэмээн тэрээр хожмоо өгүүлсэн байдаг.

 

 

1913-1914  оны хооронд тэрээр усан онгоцны инженер, чиглүүлэгч мэргэжлээр Лондон хотод суралцсан ч 1918 он хүртэл их дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байжээ. Өөрийн уран бүтээлч чадварааа хөгжүүлэхийн тулд Лондонгийн их сургуулийн уран зураг болон дизайны ангид элсэн суралцаж эхэлсэн түүнд 1920 онд нэгэн киноны посткарт бүтээх санал орж ирж, дараа нь продюсерүүдийн туслах, арт директор зэрэг ажлууд хийж эхэлжээ. Ийнхүү урлагийн салбарт хөл тавьсан тэрээр эвлүүлэгч, туслах найруулагч болон зохиолч зэрэг ажлуудыг хийж сурсан бөгөөд 1922 онд “Mrs Peabody” хэмээх анхны инээдмийн киногоо найруулж байжээ. Гэсэн ч уг кино санхүүгийн байдлаас үүдэн үзэгчдэд хүрч чадаагүй юм. Харин дараа жил нь буюу 1923 онд “Always tell your wife” хэмээх киногоо үзэгчдэд хүргэсэн ч Сеймоур Хикс бүх алдар гавьяаг ганцаараа үүрсэн гэдэг. Удаа дараа ийнхүү бүтэлгүйтсэн тэрээр 1925 онд мелодрам төрлийн “The Pleasure Garden” хэмээх киногоороо албан ёсоор өөрийгөө олон нийтэд танилцуулж байв.

1927 онд нээлтээ хийсэн “The Lodger: A Story of the London Fog” хэмээх кино түүнд алдар хүнд авчирсан бөгөөд уг кинондоо Альфрэд Хичкок бяцхан хэмжээний дүр бүтээсэн байдаг. Үүнээс хойш найруулсан кино бүрдээ дүр бүтээх болсон тэрээр 1929 онд “Blackmail” хэмээх триллер төрлийн киногоо толилуулжээ. Энэ кино гарсан даруйдаа хит болсон бөгөөд Англи улсын анхны дуутай кино юм.

1930 онд гарсан “Murder” хэмээх киногоо тэрээр Англи болон Герман хэл дээр зэрэг гаргасан багагүй шуугиан дэгдээв. 1934 онд гарсан “The Man Who Knew Too Mucх” хэмээх кино нь түүнийг олон улсад алдартай болгосон. Уг киногоороо харгис хэрцгий төрлийн киноны мастер хэмээн нэрлэгдэх болсон Альфрэд 1938 он хүртэл триллер төрлийн киногоор дагнасан байна.

 

 

1938 онд үзэгчдийн хүртээл болгосон “The Lady Vanishes” буюу “Алга болсон эмэгтэй” хэмээх кино нь түүний хамгийн их ашиг орлого олсон кино гэгддэг. Уг киног үзсэн Холливудын продюсер түүнд Холливудэд очиж ажиллах санал тавьснаар Англи улс хамгийн гоц найруулагчаа Америк улсад алджээ. 1940 онд гарсан “Ребекка” хэмээх кино нь Оскарын шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг кино” шагнал хүртсэн бол Альфрэд Хичкок “Шилдэг найруулагч” шагналд мөн нэр дэвшиж байжээ.

1950-аад оноос эхлэн “Warner Bros” студитэй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн тэрээр 1954 он хүртэл нийт дөрвөн кино хийжээ. Үүний дараа “Рaramount” кино студид шилжин ажиллаж эхэлсэн Альфрэд 1954 онд Rear Window киногоороо Оскарын шагнал гардуулах ёслолын “Шилдэг кино найруулагч” төрөлд дахин нэр дэвшжээ. 

 

 

1960-аад оноос эхлэн “Universal” студид ажиллаж эхэлсэн тэрээр хамгийн сүүлийн зургаан киногоо тус студиэр дамжуулан үзэгчдэд хүргэсэн байдаг. 1960 онд гарсан “Psycho” хэмээх кино үзэгчдийг ихэд цочирдуулсан. Гол дүрийн эмэгтэй киноны оргил хэсэгт нас бардаг нь урьд өмнө нь гарч байгаагүй цочирдмоор үзэгдэл байсан аж. Уг киногоороо Альфрэд Оскарын шагналд дахин нэр дэвшиж байжээ.

1972 онд Frenzy киногоороо эргэн ирсэн тэрээр ихээхэн шүүмжлэл хүртжээ. 1976 онд тэрээр “Family plot” хэмээх  киногоо толилуулсан бөгөөд удалгүй кино урлагаас албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгджээ.

Альфрэд Хичкокийг өнгөрсөн зууны хамгийн шилдэг найруулагч байсан гэдэгтэй хэн ч маргадаггүй ба кино судлаачид түүний бүтээлүүд ерөнхийдөө гурван гол хэв маяг дээрээс бүтдэг хэмээн тодорхойлдог байна. Тэр Оскарт нийт 46 удаа нэр дэвшиж зургаад нь ялалт байгуулж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top