Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

2024 оны 02 сарын 09

Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм.

Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс нь сэтгэлийн бэлгэдэл бөгөөд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Хүмүүс хоорондоо хөөрөг зөрүүлэхдээ хөөрөгнийхөө амсарыг бага зэрэг суллалаад тамхиладаг уламжлалтай.

Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ залуу хүн ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөний амсрыг суллаж, хоёр гараараа өргөн, биеэ бага зэрэг мэхийсхийн барина.

Хөөрөгний амсрыг суллаж байгаа нь “би энгийнээрээ сайхан амьдарч байгаа, надад жаргал зовлонгийн тал дээр бэргэх зүйл байхгүй ” гэдгээ тухайн хөөрөглөж байгаа хүндээ илэрхийлж, чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэн хүндэлж буй илэрхийлэл юм.

Хөөрөг авч байгаа хүн нь энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж барин, өөрийн хөөргийг авдаг байна. Ингэж хөөргөө солилцохдоо яриагаа үргэлжлүүлж, аж амьдралын аливаа нэгэн зүйлийг ярилцдаг.

Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлийн товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэнэ.

Мөн хөөрөг авсан хүн нь хөөрөгний амсрыг чангалаад өгчихвөл тухайн айлд гунигтай үйл явдал тохиосныг илтгэдэг байна. Тиймээс хөөрөгний эзэн яриагаа цэгнэж, аажуу тайван байдалд ордог.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(66.181.182.216) 2024 оны 02 сарын 08

Монголыг устгах Манж хятадын 3 хүйтэн чулууны бодлого....

1  |  0
зочин(202.131.233.251) 2024 оны 02 сарын 08

монголчууд 13 зуунаас 17 зууны эхэн хүртлэх ХӨӨРӨГ барьдаг байсан юм болов уу

1  |  0
Top