Монголын шигшээ баг Азербайжан болон Танзани улсын шигшээ багтай тоглоно

2024 оны 02 сарын 28

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны зургаан өөр тивүүдийн гишүүн холбоодын шигшээ багуудыг хооронд нь өрсөлдүүлэх зорилготой "FIFA Series" цуврал нөхөрсөг тоглолтууд ирэх гуравдугаар сараас эхэлнэ.

Тус ОУХБХ-ны "FIFA Series" шинэ төсөл нь 2026 оноос бүрэн хэмжээгээр эхлэх бөгөөд энэ жилийн туршилтын тоглолтууд ОУХБХ-ны өдрүүдээр /FIFA Days/ буюу гуравдугаар сарын 18-26-ны хооронд Алжир, Азербайжан, Саудын Араб, Шри-Ланк гэсэн дөрвөн улсад зохион байгуулагдах юм.

Тэгвэл уг төслийн хүрээнд Монголын Үндэсний шигшээ баг Азербайжан улсын Баку хотноо гурвадугаар сарын 22-нд ОУХБ-ны чансааны 123-д эрэмбэтэй Азербайжан /Европ/, гуравдугаарр сарын 25-нд 130-д эрэмбэтэй Танзани /Африк/ улсын шигшээ багтай тоглоно.

Ийнхүү Монголын Үндэсний шигшээ баг өмнө нь Африкийн Маврики, Европын Гүрж улсын шигшээ багтай тоглож байсан бол энэ удаад Азербайжан, Танзани улстай учраа тааран тоглохоор болж байна.

 
ОУХБХ-НЫ FIFA SERIES НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ
 
МОНГОЛ - АЗЕРБАЙЖАН гуравдугаар сарын 22-нд 23:00 /УБ-ын цагаар/ Азербайжан улс Баку хот /Тофик Бахрамов цэнгэлдэх хүрээлэн/
 
МОНГОЛ - ТАНЗАНИ гуравдугаар сарын 25-нд 20:00 /УБ-ын цагаар/ Азербайжан улс Баку хот /Далга Арена цэнгэлдэх хүрээлэн/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top