Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын урилгаар 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн яамны харъяа Мал эмнэлгийн албаны дарга У.Кожобергенов нар Мал эмнэлгийн алба хоорондын мал эмнэлгийн үйлчилгээний салбарын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр улсын хооронд мах, махан бүтээгдэхүүний экспорт импорт хийх боломж нээгдэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяагаас дараах тодруулгыг авлаа.
-УИХ-ын даргын албан ёсны айлчлалын үеэр Мал эмнэлгийн байгууллагын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Энэхүү хүрээнд ямар ахиц гарах вэ?
-БНКиргиз Улсын Ерөнхийлөгч 2023 оны 07 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Хүнс, хөдөө аж ахуй яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газартай хэлэлцээр хийсэн. Тэгвэл сая энэ хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, БНКиргиз Улсын зах зээлд Монгол Улсаас мал, малын гаралтай бүтээгдэхүүн, хонь, ямаа, үхэр, адууны махыг экспортлох, БНКиргиз Улсаас Монгол Улс руу загасны мах импортлоход мал эмнэлгийн олон улсын гэрчилгээний асуудлаар харилцан тохиролцлоо. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд боломж нээгдэж байгаа бөгөөд хоёр орны худалдаа, эдийн засагт чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ мал эмнэлэг, судалгаа шинжилгээний байгууллагууд эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр хамтран ажиллана. Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээний гол ач холбогдол нь мал эмнэлэг өөрөө худалдааны чөлөөт байдлыг хангаж, хүнсний аюулгүй байдал, Монгол Улсын нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа Монгол Улс руу нийлүүлэх загас, энэ төрлийн хүнсний импорт дээр тусгай мэргэжилтнүүд, эрсдэлийн үнэлгээний баг ирж ажиллаад дүгнэлтээ гаргасны дараагаар импорт эхлүүлнэ.
-Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн БНКиргиз Улсад нийлүүлэхэд өнөөдрийн байдлаар ямар зохицуулалт үйлчилж байгаа вэ. Санамж бичгийн хүрээнд ямар өөрчлөлт орох бол?
-Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээний талаар БНКиргиз Улстай анх удаа тохиролцож байна. Энэ дагуу хоёр орны аж ахуйн нэгжүүд хоорондоо харилцан тохиролцож, ачаа тээврийн асуудлаа шийдвэл хуулийн талаас буюу Мал эмнэлгийн талаас хорио цээрийн асуудал байхгүй гэсэн шийдвэрт хүрч байгаагаараа онцлогтой.
Сэтгэгдэл ( 1 )
Малын өвчинөө эрүүлжүүлээгүй байж хорио цээр байхгүй гэж худлаа юм ярих хэрэггүйдээ