Оросын бизнесмен, “Челси” клубийн эзэн асан Роман Абрамович Испанид хөлбөмбөгийн клуб худалдан авахаар зэхэж байгаа тухай “AS” хэвлэл мэдээлжээ.
Тэрбээр “Валенсиа” клубийг сонирхож байгаа аж. Тус багийн хөгжөөн дэмжигчид шинэ эзэн ирснээр багийн нөхцөл байдал сайжирна гэж найдаж байна. Өдгөө тус клуб Ла лигт наймдугаарт жагсаж байна.
Роман Абрамович 2003 онд “Челси” клубийг 140 сая фунтээр худалдан авч байсан билээ. Түүнээс хойш тус клуб Английн Премьер лигийн таван удаагийн аварга, Аваргуудын лиг болон Европын лигт тус бүр хоёр удаа түрүүлж, Английн цомыг таван удаа, Английн лигийн цомыг гурвантаа хүртэж байв. Хориг арга хэмжээний улмаас Абрамович “Челси” клубийг 2022 оны тавдугаар сард зарсан билээ.
Харин шинэ эзэн Тодд Боули тоглогчдыг худалдан авахад зориулж олон сая евро зарцуулсан ч 2022/2023 оны улирлын дүнгээр тус баг сүүлийн хэдэн жилд анх удаа Европын цомд орж чадаагүй. Өдгөө “Челси” Английн АШТ-д чансаагаараа 11-т бичигдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )