- Израил Ираны эсрэг хариу арга хэмжээ авахад АНУ оролцохгүй гэв -
Иран болон Израилийн хооронд хурцадмал байдал үүссэн билээ. Ираны зүгээс ирэх шууд довтолгоонд Израил улс бэлтгэж байв. Сирийн нийслэл Дамаск дахь Ираны Консулын газар руу хийсэн Израилийн дайралтын хариуд тус улс пуужин, олон тооны нисгэгчгүй онгоцоор довтоллоо. Израил даяар шөнөжин агаарын түгшүүрийн дохио хангинаж, Иран улс 300 гаруй нисгэгчгүй онгоц, пуужингаар таван цаг үргэлжилсэн дайралт хийжээ.
Энэ нь Иран улс Израил руу шууд цэргийн дайралт хийж буй анхны тохиолдол юм. New York Times сонины мэдээлснээр дронуудтай хамт 40 гаруй далавчит пуужин, 200 орчим газар-газар ангиллын пуужин харважээ.
Иран, Израилийн мөргөлдөөн хурцадсан Ойрх Дорнодод байдал аюултай хурцадмал байна гэж шинжээчид бичиж байна.
ОХУ-ын зүгээс л гэхэд талуудад хандан хүлээцтэй хандаж, үүссэн асуудлыг улс төр, дипломат арга замаар шийдвэрлэхийг уриалав. ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский мөргөлдөөн Ойрх Дорнодын шинэ хурц хямралд хүргэж болзошгүйг үгүйсгэсэнгүй.
Тегераны тайлбар ба АНУ оролцохгүй
Тегераны зүгээс энэ ажиллагаа нь Израил тус бүс нутаг дахь Ираны объект руу дайрсны хариуд өөрийгөө хамгаалах эрхийн хүрээнд явуулсан гэдгийг мэдэгдэв. Шинжээчдийн үзэж байгаагаар бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэсэн Вашингтон одоо хүлээсэн үүргээ биелүүлэхээ больжээ. Израил улс Ираны эсрэг хариу арга хэмжээ авахад АНУ оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Энэ сарын 1-нд Израилийн арми Сири дэх Ираны Консулын газар руу дайрсны хариуд Иран улс бямба гарагийн шөнө 300 гаруй нисгэгчгүй онгоц, пуужинг Израил руу харвасан юм. Нисгэгчгүй онгоц, пуужингуудыг Израилийн нутаг дэвсгэрт хүрэхээс өмнө устгасан гэдгийг тус улсын эрх баригчид мэдэгдсэн ч хамгийн цөөхөндөө есөн пуужин Израилийн цэргийн баазыг оносон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд “Ираны эсрэг сөрөг довтолгоонд АНУ-ын тал оролцохгүй” гэсэн байна. Дөрөвдүгээр сарын 1-нд Израил Сири дэх Ираны Консулын газар руу халдсанаас хойш Ираны тал уг довтолгоонд хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсээр байсан.
Ираны довтолгооны үеэр тус улсын өндөр албан тушаалын хэд хэдэн хүн амь үрэгдсэн байна. Ираны агаарын довтолгооны хамгаалалтын систем сул гэж хэвлэлүүд бичжээ. Тус улс 45 жилийн дараа ийнхүү Израилтай цэргийн шууд мөргөлдөөнд орлоо.
“Их 7”-гийн цахим уулзалт
Иран, Израилийн хооронд үүсээд буй асуудлын дараа “Их 7”-гийн орнуудын төлөөлөл цахимаар уулзалт хийжээ. Тэд Ираны довтолгоог буруутгасан бөгөөд Ойрх Дорнодын нөхцөл байдлыг тогтворжуулахад хамтран ажиллана гэв.
Шинжээчид Ойрх Дорнод, тэр дундаа Палестин-Израилийн мөргөлдөөнтэй бүс дэх олон хямралыг шийдвэрлэхгүй байх нь хурцадмал байдлыг нэмэгдүүлэхэд хүргэнэ гэлээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Израилийн зүгээс Иран НҮБ-ын дүрмийг зөрчсөн тухай захидал ирсэн бол Ираны зүгээс өөрийгөө хамгаалах эрхийн хүрээнд явуулсан хариу цохилтын тухай мэдээлэл бүхий захидал иржээ. “НҮБ-ын дүрмийн өөрийгөө хамгаалах заалтын дагуу Сири дэх Ираны дипломат байгууламжид Израил цохилт өгөхөд Тегеран хариу арга хэмжээ авсан” гэж Ираны талаас мэдэгдэв. Харин НҮБ-д суугаа Израилийн байнгын төлөөлөгч Ираны халдлага нь дэлхийн байгууллагын дүрмийг зөрчсөн гэж үзэж байна.
АНУ, НАТО болон барууны хэд хэдэн холбоотнууд нь Тегераны үйл ажиллагааг шүүмжилсэн. Тодруулбал, Цагаан ордны тэргүүн Жо Байден Израилийн цэргийн объектуудад хийж буй “урьд өмнө байгаагүй” агаарын дайралтыг хатуу шүүмжилж байна. Тэрбээр “Би “Их 7”-гийн удирдагч нартай уулзана. Манай баг бүс нутгийнхаа хамт олонтой харилцах болно. Мөн бид Израилийн удирдагчидтай нягт холбоотой байна. Өнөөдөр манай хүчин, байгууламж халдлагад өртөөгүй ч бид аливаа аюул заналхийллийн эсрэг сонор сэрэмжтэй байж, иргэдээ хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахаас буцахгүй” гэжээ.
АНУ Ойрх Дорнодод дайн хийхгүй юу?
Оросын Аюулгүйн Зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Telegram хуудсандаа “Америк Ойрх Дорнодод томоохон дайн хийхийг хүсэхгүй байна. Мөн тэнцвэрээ хадгалж, тэвчээртэй байхыг хичээж байна. Газа дахь аллага Байдены сонгуулийн хэтийн төлөвийг улам дордуулж, Израил, Ираны хоорондох дайн нэмэлт тодорхойгүй байдлыг бий болгож байна” гэж тайлбарлав. Үүний зэрэгцээ Иран-Израилийн хурцадмал байдлын хариуцлагыг АНУ болон түүний холбоотнууд хүлээх ёстой гэж Оросын Төрийн Дум мэдэгдэв.
Гэхдээ дээрх довтолгоог няцаахад Америк, Их Британийн цэргүүд оролцжээ.
Түрэмгий үйлдэл
Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр, Иран, Израилийн хоорондох мөргөлдөөн хурцадсан нь зөвхөн Тель-Авив Сири дэх Ираны дипломат байгууламж руу халдсанаас гадна түүний бусад түрэмгий үйлдлээс үүдэлтэй аж. Хэдийгээр Дамаск дахь Ираны Элчин сайдын яамны Консулын газрын барилга руу хийсэн халдлага нь чухал хүчин зүйл боловч Израилийн зүгээс Ираныг дэмжигч бүлэглэлүүдийн эсрэг цохилт өгөх ажиллагаа хэдэн жилийн турш тасралтгүй явагдаж байна. Энэ байдлыг улам хурцатгахад Израилийн Газын зурваст явуулсан урт хугацааны цэргийн ажиллагаа нөлөөлсөн бөгөөд энэ нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том ажиллагаа. Ираны эрх баригчид болон нийгмийн томоохон хэсэг нь Палестины ард түмнийг харгис хэрцгийгээр хоморголон устгасан гэж үзэж байна.
Израилийн түрэмгий үйлдэлд Ираны хариу арга хэмжээ юуны түрүүнд шаардлагатай байсан гэж шинжээч нар бичжээ. Мөн нөхцөл байдал АНУ-ын хяналтаас гарсан ба Вашингтон Тель-Авивт тусламж үзүүлээгүй бол Израил Сири дэх Ираны Элчин сайдын яам руу довтлох шийдвэр гаргахгүй байх байсан гэв. Энэ нь Ираны талаас ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байх байсан гэсэн үг. Хэрэв Израил Ираны эсрэг өдөөн хатгалгаа зогсоохгүй бол Ойрх Дорнодод ноцтой дайн нэг алхам ойртох болно гэж шинжээч нар дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Израил дэндүү давраад байгаа юмуу даа
HAMASIIN LALUUDIIG ER EMGUI USTGAJ BJ L ENHTAIVAN TOGTOJ MAGADGUI. ER N ARABUUD MUSLIM UUD BHGUI BOL TUN ZUGEER
Хамас нэг өглөө сэрээд л гэнэт израйль руу довтолмоор санагдахаар нь довтолчихсон гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй, хамас-ыг сумлаж израйлын эсрэг хатгасан улс нь иран, орос хоёр ш дээ, ер нь израйль ираны дайсагнал энэнээс ч эртний улбаатай л даа, гэхдээ яг өнөөдрийн хувьд бол иран эхэлсэн л гэж харагдаад байгаа юм даа