Шинэ хоршоо хөдөлгөөн сонгуулийн шоу юу, эсвэл?

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 15

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ хоршоо хөдөлгөөнийг 21 аймгийн 800 гаруй малчин өрхөөс  авсан судалгаанд үндэслэн боловсруулсан. Байгаль цаг уурын өөрчлөлт гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд жалга, жалганд буусан ганц гэрүүд ямархан нөхцөл байдалд хүрэхийг энэ өвлийн зудаас харж болохоор байсан. Тиймээс Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалж, малчдын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой хууль баталж, Шинэ хоршоо хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлсэн.

Малчин өрхүүдийн малаасаа авч байгаа орлогын ердөө 30 хувь нь тухайн өрхөд үлдэж, 70 хувь нь ченжийн ашиг болсоор сүүлийн 30 жил өнгөрлөө. Энэ байдлаар үргэлжилбэл малчин өрхүүд ядуурал руу гулсан ороход бэлэн эмзэг давхарга хэвээр байх нь ойлгомжтой.

Тиймээс засгийн газар менежментийг нь буюу зохион байгуулалтыг нь хийж, төсөвт дарамт учруулахгүйгээр малчдад урт хугацааны, хөнгөлөлттэй, хөрөнгө оруулалтын зээл олгож, анхан шатны хоршоодыг бэхжүүлэх замаар хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрүүдийн бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Тэгвэл шинэ хоршоо хөдөлгөөнийг сайн муу талаас нь дэнсэлж харцгаая.

 

  • Малчдад 20-22 хувийн хүүтэй олддог байсан хэрэглээний зээл биш 3-5 жилийн хугацаатай 5 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрдсэн.

 

Зээлийн эх үүсвэрийг арилжааны банк санхүүжүүлж, хүүгийн татаасыг засгийн газар олгоно. Арилжааны банкууд бизнесийн төсөлд тавьдаг шалгуур үзүүлэлтийнхээ дагуу, ашиггүй, эргэн төлөлт хийж чадахгүй, тодорхойгүй хоршоодод мэдээж зээл олгохгүй. Нэг үгээр хэлбэл Засгийн газар суурь нөхцөлийг нь бүрдүүлээд өгсөн, харин зээл авах эсэх нь бизнесийн зарчмаараа өрнөнө.

 

  • Арилжааны банкууд эхний жилд 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх боломжтойгоо хэлж, 7 банк хоршооны зээл олгоход нэгдэхээр болсон. Хэрвээ Шинэ хоршоо хөдөлгөөн чанаргүй зээлээр үргэлжилж, хоршоод зээлээ төлж чадахгүй гэж үзсэн бол оролцохгүй байсан гэдгээ шуудхан илэрхийлсэн.

 

  • Арилжааны банкуудаар олгосон зээлийн хөтөлбөр амжилттай хэрэгждэг. Үүнийг нотлох хамгийн сүүлийн жишээ Цар тахлын үед ажлын байраа хадгалах 10 их наядын хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээл арилжааны банкуудаар олгогдож, үр дүнг нь бид нийтээрээ хүртсэн. Эдийн засаг 2-хон жилийн дотор 7 хувьд хүрч өссөн нь өрх бүрийн амьдралд эергээр нөлөөлж байна.

 

  • Арилжааны банкуудаас олгож байгаа хөрөнгө оруулалтын зээлийн ердөө 5 хувь нь хөдөө аж ахуйн салбар буюу малчдад зарцуулагддаг. Зээлийн хэмжээг 20 хувьд хүргэж байж, энэ салбарт үр нөлөө үзүүлнэ гэх тооцооллыг санхүүгийн салбарынхан хийсэн байдаг.

 

  • Малчид банкны зээлээ хамгийн сайн төлдөг хэсэг. Монгол банкнаас гаргасан судалгаанаас харахад зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээл төлөлт нэгдүгээрт, харин малчны зээл 2 дугаарт эрэмбэлэгдэж байна.

 

  • Малчдын хоршоо ашигтай ажиллаж чаддаг олон улсын туршлагууд олон бий. Тухайлбал Пакистанд 1000 малчин нэгдэж байгуулсан, үхрийн ширээр бөмбөг үйлдвэрлэдэг хоршоо жилдээ 30 сая бөмбөг үйлдвэрлэж, 300 мянган ам.долларын орлого олж байна. Энэтхэгт 3.6 сая малчин нэгдэж, хүүхдийн сүүний дэлхийн брэнд АМУЛ-ыг үүсгэн байгуулсан байх жишээтэй.

 

Шинэ хоршоо зөвхөн малчдад өгөөжтэй юу?

 

  • Өнөөдөр монгол улс 70 сая малтай ч хөдөө аж ахуйн гаралтай, хүнсний бүтээгдэхүүнийг 4 улирлын турш тогтвортой нийлүүлж чаддаггүй. Анхан шатны хоршоод бэхэжсэнээр гарал үүсэл тодорхой ханган нийлүүлэлтийн систем бий болно.

 

  • Малчин өрхийн дундаж орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй хүний нөөцийн асуудал зах зээлийн эрэлтээ дагаад шийдэгдэнэ

 

  • Өндөр ашиг шимтэй, эрүүл мал өсгөж, чанарын баталгаатай хүнс хэрэглэнэ

 

  • Байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн салбар хөгжиж, нэгж малаас авах ашиг шим дэлхийн жишигт хүрнэ гэж бодлого боловсруулагчид ярьж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.167.4) 2024 оны 05 сарын 15

Шоу ш дээ, сонгууль өнгөрөөд л мартагдана, өөрийн гэсэн амьжиргаатай, өөрийн толгойн мэдэлтэй, хэн нэгнээс хараат биш малчин, малчид МАН-д хэрэггүй ш дээ, малчид ядуу, амьжиргаа муутай, зээлээс зээлийн хооронд амь тээж явдаг байх тусмаа л тархийг нь угааж саналыг нь худалдаж авахад амар ш дээ

0  |  0
Зочин(103.212.119.216) 2024 оны 05 сарын 15

Хулгайч нарын сонгуулийн шоушдээ малчид маань ялгаж салгаж ойлгох байхаа

0  |  0
Top