“Хаан заяатай орчлон”-г тэрлэж яваа аавын хүү Б.Түвшин

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 06 сарын 07

 

Засагт Хан аймгийн Эрдэнэ дүүрэгч засгийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт 1975 оны модон туулай жил нэгэн хүү дуу хадаан мэндэлжээ. Тэр хүү бол хожмоо Монголын шилдэг эдийн засагч, санхүүчдийн нэг болсон МИГ группийн ерөнхийлөгч Банзрагчийн Түвшин юм. Хүний амьдралын бүхий л сайн сайхан нь хүүхэд настай холбоотой байдаг даа. Нийтлэлийн маань баатар тухайн цаг үеийнхээ сортоотой сэхээтэн айлын сэргэлэн цовоо хүү. Хүүхэд нас, гэр бүлийн орчин нь түүнд сэтгэл хангалуун, ухаан саруулхан явахын учир ерөөлийг таниулсан шиг санагдана. Аавынх нь аялагхан цөлх байдал, ээжийнх нь эвлэгхэн намба төрх өнөө ч түүний сэтгэлд гэрэлтэнхэн байдаг юм байна.

Эцэг эхээс ах дүү тавуулаа аж. Тэр үеийн хөдөөний айл их амар амгалан. Аав нь сумын зоотехникч, ээж нь хөгжмийн багш.  Аав нь дандаа орос, англи хэл дээр бичигдсэн ном уншина, орчуулж өгнө. Ээж нь маш олон төрлийн хөгжимтэй, түүнийгээ тоглоно. Нэг их амар амгалан хэр нь үгээр хэлэхийн аргагүй тансаглал байхгүй юу, тэр чинь. Хүүхэд ахуйн үеэ дурсахдаа тэрбээр “Хүнийг амьдралын хэв маягаар нь л хэмждэг байх. Тэгэхээр би их тансаг, чинээлэг өссөн юм байна шүү дээ. Манай аав гэртээ дандаа ном сонин уншаад сууж байна. Өдрийнхөө цайны цагаар сумын төвийнхөн чинь ирээд л цайгаа гэртээ ууна шүү дээ. Тэр хооронд нэг цаг гаруй “Правда” сонин уншчихаад л явна. Өглөө босоод “Правда” сонин уншчихна, орой ирээд ч ном сонин уншдаг. Тийм орчинд бид яг аавын тэр хэмнэл рүү орчихож байгаа юм л даа. Харин аавыг хөдөө явсан үед, эсвэл ном сониноо уншиж дууссаны дараа ээж ганц нэг хөгжим тоглож өгнө.

Ээжийгээ дагаад хүүхдүүд ч гэсэн хөгжим сурах гэж оролдоно. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ л ямар нэгэн байдлаар аль нэгэн хөгжмийг тоголчихно шүү” хэмээв. 

Бүгдээрээ л сумын сургуулийн урлагийн үзлэгт оролцдог байжээ. Тэр үед хамгийн том ах нь сумын клубын эрхлэгч хийдэг байж. “Casio” хөгжмөөр сумын бүжгийг явуулдаг байв. Б.Түвшин тэр үед наймдугаар ангийн сурагч. Дунд сургуулийн сурагч тул сумын бүжигт орж болохгүй гэдэг дүрэмтэй. Хааяа нууцаар очиж, ахдаа тусална. Угтаа бол өөрөө орох сонирхолтой байгаа хэрэг. Ахлах ангид орсон хойноо буюу ес, аравдугаар ангид орсон хойноо ч иймэрхүү байдлаар нууцаар хөгжим тоглодог байжээ.

Эдний гэр бүл чамлахааргүй хөгжмийн боловсролтой тул эгч нь мөн 2-3 төрлийн хөгжим тоглоно. Хоёр дүү нь бас л 2-3 төрлийн хөгжим тоглоно. Тухайн үед баян хуур, ёочин, шанз, ятга гээд суманд, сургуульд ямар хөгжим ирсэн байна, тэр бүх хөгжим энэ айлд байдаг байжээ. Заримдаа ч эдний хөгжмүүд сургууль, сумын клубт, эсвэл сургууль, сумын клубын хөгжмүүд эднийд байх нь хэвийн үзэгдэл байв. Хөгжмөө дагаад хөгжим сонирхдог, урлагт хайртай хүмүүс эдний гэр, сургууль, сумын клубээр эргэлддэг байв. Тэгээд л ээж нь хөгжмийн дугуйлан ажиллуулна, тэр дугуйлангийн хүүхдүүдтэй ах дүү нар найзалж нөхөрлөнө.

Харин аав нь солгой хоолойгоороо сум, орон нутагтаа алдартай хүн. Тэгэхдээ бас ч гэж баян хуур тоглодог, гурван дууг яс сурчихсан, залуудаа л ингээд сурчихсан байх шүү гээд инээж суудаг байв. Нэлээн механик байдлаар сурчихсан, тэгэхдээ л тэр гурван дуугаа яс тоглодог, хааяа нэг  өнөө гурвыгаа түлхчихнэ. Ээж нь байнгын хөгжмийн зэмсэгтэй шадарлаастай. Аав нь хөгжим тоглохыг нь хараад л тэрүүхэн тэндээ инээгээд л сууна. Хөдөөгийн аглаг тансагт ижийгээ даган сонор нээгдэж, бас ч гэж хөгжим дээр хуруу нь бүждэг болсон хүү үе тэнгийнхэнтэйгээ дарвин хөөрцөглөдөгсөн.  Харин одоо тэр хэрсүү шар хүү нөхөрсөг, эелдэг, даруу зантай, хүн бүхэнтэй чин сэтгэлээсээ сайхан харилцдаг, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзэгч, нийгэмдээ хүчирхэгээр нөлөөлөгч эрхэм болжээ.

Б.Түвшин цагийг хий дэмий үрэх тун дургүй, бүтээмжийг эрхэмлэдэг. Тулх түшигтэй гэр бүлийн хүмүүжил, сахилга бат нь ч ийм байв. Тэрбээр наймдугаар анги төгсөх жилээ гурван сонголттой нүүр тулсан гэдэг. Баянхайрхан суманд 10 жилийн сургууль байхгүй тул эмээгийндээ сууж, Улаанбаатар хотод сургууль төгсөх, эсвэл аймгийн төв рүү нагац нарынхаа гар дээр очих, үгүй бол найзуудтайгаа Нөмрөгийн 10 жилийн сургуульд суралцах гэсэн гурван сонголтоос тэрбээр аавтайгаа зөвлөж байгаад сүүлийн хувилбарыг сонгожээ. Эзэн хичээвэл заяа хичээдэг гэдэгчлэн тэрбээр Нөмрөгийн 10 жилийн сургуульд сурч байхдаа дотуур байранд ангийн нөхөдтэйгөө бие даан амьдарсан тэртээх он жилүүдэд  ихийг ойлгож, сурсан байна. Багаасаа бие даасан хүүхэд байсан нь ч тухайн үед ихээхэн нэмэр, нөхдөд нь түшиг болжээ.

Ихэнх хүүхэд тооны хичээлд жаахан дургүй, халшрамтгай байдаг бол Б.Түвшин эсрэгээрээ. Бүр багаасаа тоо бодох дуртай, математикийн хичээлийг ихэд сонирхон үздэг байв. Тэр үе аав ээж нь одоо үеийн хүмүүс шиг хүүхдүүдээ “Хичээл хий” гэж огт шахдаггүй. Ер нь даалгавраа хийсэн үү гэж асуудаг ч үгүй байж. Тэгэхдээ яагаад ч юм тэр үеийн хүүхдүүд өөрсдөө л хичээл номоо давтаж, гэрийн даалгавраа хийнэ. Гэр бүлийн энэ хүмүүжил одоо ч үр хүүхдүүдэд нь өвлөгджээ. Хаа очиж, энэ гэр бүлд хичээл даалгавараа хий гэсэн шахалт шаардлага, маргаан тунирхал үүсдэггүй аж. Яагаад ч юм манай хүүхдүүд аавыгаа л дуурайсан  юм шиг санагддаг хэмээн инээмсэглэв.

Аавынх нь дүү Нямын Жадамбаа гэдэг эрхэм Монголын анхны олон улсын математикийн доктор хүн. Тэгэхээр тоо бодох дуртай нь энэ ураг удмынханд байдаг өгөгдөл гэлтэй.  Б.Түвшин Нөмрөгийн 10 жилд очихдоо голдуу орос хэл, математик, геометр гуравт ихэд сонирхолтой байв. Тиймээс дотроо математикийн, эсвэл орос хэлний багш болох битүүхэн мөрөөдөлтэй. Эсвэл цагдаа болчихмоор ч юм шиг заримдаа санагдана. Гэтэл конкурс болохоос нэг сарын өмнө аав нь холбооны утсаар “Ямар мэргэжил сонгох гэж байна” гэж асуув.  Хүү өөдөөс нь “Би цагдаа болчихмоор байх юм. За арай ч бас болмооргүй ч юм шиг. Математикийн багш болдог юм уу, эсвэл  орос хэлний багш болох уу” л гэсэн чинь аав нь “За, чи тэр Эдийн засгийн сургууль руу л орчихвол уг нь зүгээр юм даа. Миний хүү юу гэж бодож байна” гэж асуужээ. Түвшин “Би судлаад үзье” л гэв. Ингээд маргааш нь тэр Эдийн засгийн сургууль руу яаж ордог юм бол гэдэг “судалгааны ажил” эхлэв. Тэгсэн чинь угаасаа орос хэл, математик, тэгээд нийгмээр шалгалт авдаг аж. Ингээд л ирээдүйн хувь заяагаа аавынхаа зөвлөгөөгөөр зуржээ. 

Зөөлөн дуутай, намуун үг яриатай, эелдэг даруу энэ залуу багийнхаа нэг хөгтэй явдлыг хааяа дурсаж, түүнээсээ ихэд ичнэ. Тэр нэгэн жилийн Цагаан сараар айлд золгуутаар оров. Гарах болж байтал хүүд шаазантай чихэр өгөхөөр нь бэлэг юм байх гэж бодоод хоёр гараа тостол өгөхгүй байна гэнэ. Тэгэхээр нь мань хашир “Аан, тэгвэл доторх чихрийг нь авах юм байна” гэж санаад бүгдийг нь аваад өвөртөлчихжээ. Айлын тавгийн чихрийг хүү атга атгаар нь өвөртөө хийж байхдаа л бэлэг биш юм байна гэдгийг гэнэт ойлгоод энэ явдлаасаа ихэд ичиж сандарсан гэдэг. Тэгтэл тэр айлд байсан нутгийн нэгэн өвгөн “Сав томтой хүү юм даа. Сайн явна аа” гэжээ. Үнэхээр ч Б.Түвшин гэх энэ эрхэм хүмүүний сэтгэх сэтгэлгээний сав цараа улам л томорсоор.

Тэрбээр 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч эдийн засагч мэргэжлээр төгссөнөөс хойш Итали, Англид олон улсын санхүүгээр мэргэжил дээшлүүлэн суралцжээ. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж АНУ, Солонгос, Филиппин зэрэг олон газраар явж, “эрдэм хурааж” ирсэн байна.

Ийнхүү ямагт өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ ХХБ-ны эдийн засагч “Эрэл” ХК-ийн орлогч, нягтлан бодогч, АПУ компанийн Санхүү хариуцсан захирал, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч зэрэг албыг хашиж сүүлд МИГ группийн ерөнхийлөгчөөр үр бүтээлтэй ажиллаж явна. Өндөр хариуцлага, нэр хүндтэй албуудыг хашиж түүний зэрэгцээ олон янзын сонгуульт ажилд тохоон томилогдож байгаа ч тэрбээр энгийн даруу байхыг эрхэмд үздэг юм.

Б.Түвшин “Хүн амьдралынхаа хэв дадал, зуршлыг нэг их оюун бодлоороо айхтар чиглүүлэх гэхээсээ илүү хандлага, сэтгэлгээгээ эерэг, зөв чигтэй байлгахад амьдрал аандаа жам зургаараа л урсана. Учиргүй их төлөвлөгөө зураг гаргаад л, нэг их хүсэл мөрөөдөлтэй хүн адгаж тэвдээд л, алдаж оноод л, гутаж гуниад л  байх хэрэггүй. Тухайлбал, би сургуулиа төгсөөд гурван сонголттой нүүр тулсан. ХХБ-нд ажилд орох, Соросын санд ч ажилд орсон болохоор байлаа. Үгүй бол нэг томоохон компанид ажилд орох. Ингээд л энэ гурван сонголтоос ХХБ-нд ажилд орсон юм. Дараа нь “Эрэл” компанид дөрөв, таван жил ажилласан. Харин 2002 оны сүүлчээр  АПУ компанийн Санхүү эрхэлсэн захирал болоод бараг 15 жил ажилласан. Бусдаас илүү нь гэвэл нөгөө уралдааны морь шиг шүү дээ. Түрүүлж  давхих гэсэн хүсэл сэтгэл чинь нарийндаа бол бас нэг дутагдалтай тал шүү. Нэг л их мундаг, айхтар амьтан болох гэсэн л сэтгэлгээ шүү дээ. Баян байх ч гэсэн ялгаагүй. Хөөрхий, ядуу байсны л айдас нөгөө талд нь байна шүү дээ. Тиймээс ямар нэгэн байдлаар бусдаас илүү, баян байх гэдэг бол манай залуучуудын ярьдагаар  дутуугийн комплекс биз дээ” хэмээн ярьж байна.

Аавынхаа ажилч хичээнгүй зан, ижийнхээ урлагийн мэдрэмжийг өвлөсөн айлын дунд хүү баялаг сайхан амьдарч байна. Тэрбээр өөрийгөө хэн бүхэнтэй эн тэнцүү, хана чацуу, хаан заяатай хүн гэж мэдрэх дуртай аж. Тиймээс тэрбээр хэн нэгийг тахин шүтдэггүй, хэнийг ч үзэн яддаггүй. Гэхдээ хувь хүн бүр дахин давтагдашгүй хувь ганцхан ертөнц гэдэгтэй хэзээд санал нийлнэ. Тийм ч учраас тэрээр “Хаан заяатай орчлон” хэмээх нэгэн сайхан дууны шүлгийг тэрлэсэн юм байна. Харин хөгжмийг Ардын жүжигчин С.Батсүх нотлон аялгуу сайхан дуу болгон дуулсан нь хэдэн оны өмнөх явдал билээ. Нийт монголчуудын хувьд “Хаан заяатай орчлон” гэхээр дуучин Бат-Энэрэл хүүгийн сөөсгөрхөн дүр төрх, Ардын жүжигчин С.Батсүхийн  бахдал дүүрэн намба төрх сэтгэлд нь буудаг байх. 

Харин “Хаан заяатай орчлон” дууны шүлгийг Б.Түвшинг зохиосон гэдгийг өнөөдөр мэдэв.

Ядарсан үед андтай байх түшигтэй

Яарсан цагт нөхөдтэй байх тулхтай

Өөрт байгаа сайхан бүхнээ хуваалцах жаргалтай

Хана итгэл хань сэтгэл.

Тоо бодон тооцоо гаргаж, хааяа  шүлэг тэрлэж суудаг энэ хүн амжилт гэж таныхаар юу вэ гэсэн асуултад “Хүнд олон төрлийн амжилт байдаг. Өөрийн зорьж мөрөөдөж байсан зүйлдээ хүрчихээд сэтгэл ханамжийг мэдэрч байгаа тэр мөч бол амжилт. Зарим хүмүүс хэт томыг мөрөөдчихөөд түүндээ хүрч хараахан чадаагүй бол “Амжилтгүй боллоо, азгүй юм аа” гэж бодоод байж магадгүй.  Үгүй шүү, таны хамгийн сайн хийж чаддаг зүйл л амжилтын шатаар хөтөлнө” гэж хариулав. Монголын энэ цагийн шилдэг эдийн засагч, санхүүч, тэргүүний сэхээтнүүдийн нэг МИГ группийн ерөнхийлөгч Б.Түвшин “Эзэн хичээвэл, заяа хичээнэ”, “Сайн явах санааных”, “Санаа сайн бол заяа сайн” зэрэг ухаант ардынхаа зүйр цэцэн үгээр одоо ч хүмүүжиж, санаж сэрж явдаг аж. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.179.69) 2024 оны 06 сарын 08

Хулгайчдыг, тэдний үүр болсон МАН ба АН тай нь халж монголчууд бүгдээрээ эд материалаар чинээлэг, эх оронч сэтгэлээр баян, боловсрол мэдлэгээр хэнээс ч дор орохгүй сайхан амьдарцгаая.

1  |  0
irgen(103.57.95.133) 2024 оны 06 сарын 08

huniig magtah gd bur evgui baidald oruulchih yum, ineedtei yum

1  |  0
Зочин(103.212.119.185) 2024 оны 06 сарын 07

Энэ согтуу сэтгэгдэлийг устгаж болдоггүй л байхдаа.Ухаан орохоороо бичээ согтуу толгой минь

0  |  0
zochin(49.105.96.117) 2024 оны 06 сарын 08

Mongol bie unelegch setguulch ched hediig tulj Б.Түвшин uriigu bichuuleg galzuugiin emlegt ochhoor Mongol setguulch nar ardtumen medee uguh gej bgaa bogionhon unchhad todorhoi oilgomjtoi medee tavaasai mal tolgoitoi Б.Түвшин uriigu hund tanuulah sanaatai Mongol setguulch ee harj ajiliin turchlaga garj yarithlaga uguuch Mongol setguulch shunaltai uls yuch bichhees buthahgui ayultag uls shu Mongol hudalch setguulchiin gaigaar amdral aa tam bolgov oo hulduu uher Б.Түвшин

1  |  0
Top