Х.Сувд: Багадаа тоглож өссөн хайртай тоглоомон дээрээ Анунгоогоос гээд бичээд хийчихсэн байсан нь эгдүүтэй

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 06 сарын 07

 

Өрх толгойлсон ээжүүд, зорилтот бүлгийн хүүхдүүд рүү чиглэсэн олон сайн дурын ажил хийдэг “Сувд” хүмүүнлэгийн сангийн тэргүүн Х.Сувдыг энэ өдрийн “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа. Зарим хүн шидэт дохиур тэврээд төрдөг юм уу гэлтэй бусдын сайн сайхны төлөө сэтгэл чилээн явдаг. Тийм хүмүүсийн нэг нь Х.Сувд бөгөөд тэрбээр 15 жилийн турш сайн үйлсийн олон аяныг тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Мөн нийгэмдээ зөв хандлага түгээж нөлөөлөх зорилготой нас, хүйс, нам, шашин шүтлэгээр ялгадаггүй “Зөв найзууд” ТББ-ын Баянгол дүүргийн тэргүүн, “Аз жаргалын тэнцвэр” ТББ-ын зөвлөх юм. “Аз жаргалын тэнцвэр” ТББ нь  менежмент болон хувь хүний хөгжлийн сургалтыг байгууллагуудаар явж хийдэг. 

 

-Та эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хүний нөөцийн менежер мэргэжлээр төгссөн. Төрөлх сургуульдаа магистраа хамгаалсан. Одоо ч эргэх холбоотой явдаг. Оюутнуудынхаа магистрын хичээлд нь туслаад явж байна. Ер нь хүсэл тэмүүлэл өндөртэй оюутан, залуучуудаа дэмжиж хамтран ажиллах дуртай. Би өөрөө ч оюутан байхдаа зундаа ажил хийдэг байлаа. Хүнийг удирдах, хамтарч ажиллах, олон хүнээс зөндөө зүйл сурч мэдэх чинь сайхан шүү дээ. Өөрийн мэддэг, чаддаг бүхнийг хүүхдүүд, дүү нар, залуучуудтайгаа хуваалцан туршлага солилцох сайхан байдаг. Нэг их зөвлөж заах гэсэндээ биш зүгээр сайхан ярилцахад л таатай санагддаг.

-Та өөрөө эцэг эхээс хэдүүлээ вэ. Олон хүн цугларсан газар байх дуртай гэхээр бараг айлын ганц хүүхэд ч юм шиг?

-Би нэг эмэгтэй дүүтэй. Хоёулхнаа өссөн болоод ч тэр үү, олон хүний хамтарч, багаараа хийсэн ажил сайхан санагддаг. Бүгдээрээ, нийтээрээ гэдэг дээ, иймэрхүү хандлага рүү их тэмүүлэмтгий. Хүүхэд байхын ийм байлаа. Найзуудаа цуглуулах дуртай. Аав ээж маань хоёулаа төрийн байгууллагад ажилладаг байлаа. Аав маань сумандаа “Өндөр” Хүрлээ гэдэг алдартай. Манай сумын жаахан хүүхдүүд ч андахгүй “Өө, “Өндөр” Хүрлээ явж байна” гэдэг байв. Увс аймгийн Цагаанхайрхан сумандаа Эрчим хүчинд ажилладаг байсан юм. Сумын төвөө цахилгаан, дулаанаар хангахын төлөө хичээн зүтгэдэг. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг дааруулчих вий дээ, эмнэлэг хөлдчих вий гээд бас л түмний төлөө өвлийн хүйтэн шөнө нойр хоолгүй гүйдэг хүн байлаа. Ээж минь болохоор Холбооны Цэрмаа нэртэй.

Мөн л Увс аймгийн Цагаанхайрхан суманд Холбооны эрхлэгчээр олон жил ажилласан. Дараа нь Улаанбаатар хотод Төв шууданд нэлээд хэдэн жил ажиллаж байгаад нутаг буцсан даа. Өөрсдийнхөө эзэмшсэн мэргэжил, ур чадвар бүхнээ тэтгэвэрт гартлаа улс, эх орондоо зориулсан даа, аав ээж хоёр минь. Зарим хүн одоо ч “Өндөр” Хүрлээгийн охин, Холбооны Цэрмаагийн хүүхэд үү гээд яриад байдаг. Уг нь Сандагжавын Хүрэлбаатар, Баянпунцагийн Цэрмаа юм шүү дээ. Аав маань айлын ганц хүү. Бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, залуучуудад үлгэр дууриал болсон сайхан хүн бий. Өөрийнхөө удирдлага дор байсан залуучуудаа их дэмждэг. Сум, орон нутаг хэдий алслагдмал газар ч гэсэн өөрийнхөө хэмжээгээр залуучуудаа сургадаг, мэддэг, чаддаг бүхнээ зааж өгөн, ахуй амьдралыг нь дэмждэг хүн. Бага байхад аав ээж хоёр минь нэг өдөр айлын өнчирч үлдсэн охин хүүхдэд шинэ хувцас авч өгч байлаа. Гэр бүлийн иймэрхүү хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж, сайн нөлөөллөөр би болж л өгвөл хүнд туслахсан гэдэг болсон байх.

-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлээ танилцуулж болох уу?

-Хүү, охин хоёртой. Миний хань Даваагийн Дандар Төв аймгийн Заамар суманд төрж өссөн хүн байлаа. Уул уурхайд олон жил үр бүтээлтэй ажилласан. Ингэхдээ мөн л өөрийн мэддэг, чаддаг бүхнээ залуучуудад зааж сургасан хүн дээ. Анх “Бороо гоулд” ХХК-ийн уурхайд ажилд орохдоо засварчин, тракторын жолоочоор орж байв. Өөрийн уйгагүй хичээл зүтгэлээр уул уурхайн машин техникийг бүгдийг нь ажиллуулж сурсан. Ажлынхаа хажуугаар компьютер, бүр англи хэл сураад, сургалтын менежер болж байлаа. Ингэж өөрийгөө хөгжүүлэн сургагч багш, менежер, дараа нь уурхайн дарга болсон доо. Хань минь ч гэсэн бусдын төлөө зүрх сэтгэлтэй хүн байлаа. Нэг л мэдэхэд маш олон шавьтай болсон доо. Амьдралынхаа 30 жилийг уул уурхайн салбарт зориулсан юм. Бурхан болоод жил өнгөрч байна. Хүүхдүүд маань аавыгаа их дурсаж ярьдаг. Хань маань өөрөө бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн байсан учраас миний хийж байгаа сайн дурын ажлыг байнга дэмждэг байсан. Миний эргэн тойрны хүрээллийнхэн  их сайхан хүмүүс байдгаараа “Би их азтай” гэж өөрийгөө боддог. Сайн дурын ажил хийсээр нэг л мэдэхэд 15 жил өнгөрчихсөн байв. Хүний нөөцийн менежерийнхээ ажлын хажуугаар давхар 15 жилийн турш хүмүүнлэгийн, сайн дурын ажил хийдэг байлаа. Харин одоо нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээрээ зохион байгуулж буй ажлуудад манай сайн дурын ажилтнууд буюу охид, ахмад, оюутнууд үе үеэрээ нэгдээд, бүр байрныхан, хорооныхон хүртэл “За, юу хийх гэж байна вэ”, “Яаж туслах уу” гээд  дэмжээд хүрээд ирдэг болжээ.

-Манай эрчүүд хүнээс үг сонсох дургүй нь олонх шүү дээ. Гэтэл таны хань хүний үг сонсдог, бүр хүлээж авдаг, хүсэл тэмүүлэлтэй сайхан хүн байжээ.

-Тийм ээ, маш зөв хүн байсан. “Гадаад хүмүүстэй ажиллаж байж англи хэл сураарай” гэж хэлэхэд л хүний хэлсэн үгийг зөвөөр тусгаж аваад сурчихсан л юм даа. Насаараа засварчин хийгээд нэг байрандаа явж байгаа хүн зөндөө л бий байх. Харин миний хань өөрөө их хичээл зүтгэлтэй төдийгүй бусдад зөвөөр нөлөөлдөг хүн байлаа. Хажууд байгаа хүмүүстээ их халамж, түшигтэй. Барилдвал гараад барилдчихдаг, дуулвал сайхан ая барьчихдаг, гэр орондоо орж ирээд хоолоо хийсэн шигээ халуун дулаан уур амьсгал, амар тайван нөхцөл бүрэлдүүлдэг сайхан эр хүн байлаа. Би сүүлийн 15 жил гэртээ бараг хоол хийж үзээгүй гэхэд хилсдэхгүй. Хоол хийх хоббитой байсан юм. Би хоббиг нь хүндэтгэн үзээд хоол хийж байхад нь оролцохгүй шүү дээ. Сүүлдээ хоёр хүүхэд маань төдийгүй ах дүүс, хамаатан садан, найз нөхөд хүртэл “Хоолыг нь идэхсэн” гэж ирдэг болсон.

-Ний нуугүй хэлэхэд, зарим хүн хань ижил, үр хүүхэд, ижий ааваасаа хагацаад буян санаж бусдад туслан хүмүүнлэгийн ажил хийж эхэлсэн байдаг. Харин таны хувьд 15 жил гэхээр аль эртний л юм байна. Яагаад заавал сайн дурын ажил хийж, хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэе гэж бодсон юм бол?

-Бусдад тусалъя гэдэг бол манай гэрийн суурь хүмүүжил байх. Хань ижил минь ч их сайхан сэтгэлтэй хүн учирч, миний хийж буй ажлыг дэмждэг байлаа. Тэр ч байтугай “Хүний нөөцийн менежер чинь ерөөсөө хүнтэй л ажиллаж, хүнээ л хөгжүүлнэ шүү. Чиний төрөлхийн өгөгдөл ч гэсэн хүнтэй ажиллах. Намайг уурхайд ажилтай байх үед хүүхдүүдээ сайн хар, зөв хүмүүжүүл. Гэхдээ өөрийгөө орхилгүй дуртай зүйлээ хий” гэж хэлдэг байсан. Би “Тэнд нэг тийм хүн байна. Яаж туслах вэ” гээд л гүйнэ. Манай хүн ч “Тэгэлгүй яах вэ. Ингэе. Тэгье” гээд л дэмждэг. Заримдаа өөрсдөө арай хүч дутвал найз нөхдөдөө хэлнэ. Тэд маань биднийг дэмжиж, чадлынхаа хэрээр тусалдаг. Ингээд л хүрээлэл маань өргөжин тэлсээр хүмүүнлэгийн ажил хийдэг сайн үйлсийн багтай болчихож байгаа юм. Энэ ажил маань цаашаагаа улам тэлсээр ТББ-тай  болж, “Сувд” хүмүүнлэгийн сан маань үүссэн дээ.

-Хамгийн анх ямар чиглэлээр сайн үйлсийн аян өрнүүлж байв?

-Өнгөрсөн 15 жилийн хугацаанд “Сэтгэлийн дулаан бэлэглэе” гэдэг аян зохион байгуулсан. Цагаан сарын өмнө өглөө эрт ТҮК-ийн ажилчдад халуун аарц өгөөд, “Баярлалаа” гэж халуун дулаанаар хэлээд, гарыг нь атгадаг юм. Жил болгон Цагаан сарын өмнөхөн үүрийн дөрвөн цагт очиход нөгөө хэд маань ажилдаа гарчихсан л байж байдаг. Бид “UB палас”-ын ч юм уу томоохон гал тогоо олоод, шөнө нь тэндээ очиж, аарцаа буцалгаж хонодог юм. Үүрээр гурван цагт савлаад, хувааж аваад гарна. Ингэхдээ есөн дүүргээр явдаг. Зака маань анх санаачилж, хамтран ажилласаар ирсэн. Өнгөрсөн жил өдөр шөнөгүй зам талбай цэвэрлэж байгаа хүмүүстээ талархсан сэтгэлээ илэрхийлээд, шилдэг нэг ажилтныг хувиасаа Сар шинийн баярын ширээний тавгийн иж бүрдлээр урамшуулсан. Эхний хийсэн ажил маань энэ “Сэтгэлийн дулаан бэлэглэе” аян юм. Дараа нь “Ахмадын халуун сэтгэл малчны гэрт” гэдэг сайн дурын аяныг зохион байгуулсан. Би ахмадуудтайгаа их найзархана. Баянгол дүүргийн XIII хорооны Иргэдийн Хурлын даргаар 2016-2018 онд ажиллаж байхдаа ахмадууддаа “Та нар тэр нам, энэ нам гэж талцахгүй шүү” л гэж захидаг байлаа. Тэд маань Иргэний танхимд байнга ирдэг. Ахмадуудтайгаа ярилцаж байгаад дээр үеийн шефийн холбоо гээч зүйлийг сэргээж үзэхээр шийдсэн. Ингээд хорооны Иргэний танхимд хоёр оёдлын машин тавьж өгөв. Нэг нь бүр миний эмээгийн надад бэлэглэсэн оёдлын машин байлаа. Ингээд дахиад нэг оёдлын машиныг Баянжаргал гэдэг эгч авчраад нийт гурван оёдлын машинтай, түүгээрээ элгэвч, нэмнээ, бээлий, баривч оёулсан. Манай ахмадууд их бүтээмжтэй. Ердөө долоохон хоногийн дотор л элгэвч, бээлий зэргийг зуу зуугаар нь оёод тэвхийтэл нь өрөөд тавьчихаж байгаа юм чинь. Нөгөө оёсон зүйлээ аваад Төв аймгийн Баянцогт сумыг зорьсон доо. Очихоосоо өмнө Засаг дарга А.Даваадорж гэдэг хүнтэй холбогдлоо. “Манайх цас зудтай хэцүү байгаа, би сая малчдаараар яваад ирлээ. Ямар сайхан юм юм бэ. Бид тосоод авъя” гээд баяр хөөртэй хүлээж авсан. Зөв сэтгэл, хандлагаар хийсэн ажил цаанаасаа нэг бүтэмжтэй, сайхан байдаг шүү.      

-И-мартын салбаруудаар илүү хувцас, тоглоомоо хандивладаг “Секонд хувцас”-ны аяныг та зохион байгуулдаг байх аа?

-Амьдралд юу эс тохиолдох вэ. Хайр халамж шаардлагатай хагас, бүтэн өнчин хүүхдүүд байна. Эцэг эх нь байгаа хэр нь зарим хүүхэд “үл хайхарсан” нөхцөл байдалд хоног өдрийг аргацааж байна. Гэр бүлийн таагүй харилцаатай, эцэг эх нь салсан, эсвэл асран хамгаалагч нь хөдөлмөр эрхлэх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, үгүй бол архины хамааралтай гээд янз бүрийн шалтгаанаар хүнд  нөхцөлд амьдарч байгаа хүүхэд олон бий. Магадгүй, хичээлийн шинэ жил эхлэх гээд байхад тэд маань форм байтугай цэнхэр цамцгүй л тэвдэж байдаг. Тиймээс нэг ихийг чадахгүй ч гэсэн өөрт байгаагаасаа илүүчлэн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд тусалъя гэдэг зорилгоор сайн дурын ажил хийдэг охидоо уриалсан. Олон жил хүмүүнлэгийн ажил хийсэн болохоор надад сайн дурын ажил хийдэг баг бүрдчихсэн байсан л даа. Ингээд “Халуун сэтгэлээ түгээе-1, 2” аяныг хоёр удаа зохион байгуулсан. Маш үр дүнтэй ажил болж, зөндөө хүүхдийг хувцасласан, их өгөөжтэй ажил болсон шүү. Хотын захын хороогоор явж, дэмжлэг тусламж хэрэгтэй хүүхдүүдэд нөгөө хувцасаа тараасан юм. Нэг хүний хэрэглэхгүй байгаа зүйл нөгөө хүнд хэрэг болдог л юм билээ. Анх И-мартын бүх салбарт өөрсдөө цаасан хайрцгаар шүүгээ хийж, улаанаар будаад тавьсан. Дэлгүүрт ороод гарч байгаа хүмүүс эхний удаадаа сонирхоод хардаг. Харин дараа нь ирэхдээ хүүхдүүдийнхээ багадсан хувцас, багадаа тоглож байсан тоглоомыг авчраад хийчихдэг юм билээ. Бүр хоёр “Портер” машинаар ачиж дийлэхээргүй их хувцас цугларч байлаа. Наймдугаар ангид орчихсон, өөрөө том болчихсон хүүхэд багадаа тоглож байсан хайртай тоглоомон дээрээ Анунгоогоос гээд нэрээ бичээд хийчихсэн байсан нь одоо ч эгдүүтэй, хөөрхөн санагддаг. Зарим хүн хүүхдүүдийнхээ багадсан гутал хувцсыг бүгдийг нь химид өгч цэвэрлүүлээд, гялгар уутанд сайхан цэгцтэй хийгээд тавьчихдаг байв. Нэгдэж нийлж чадвал бид юуг ч хийж чадах юм билээ. Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн захын хороогоор явж зорилтот бүлгийн хүүхдүүддээ хувцас тараахад зарим нэг нь бүр итгэж ядан баярлаж, нүд нь гэрэлтэж байсан нь одоо ч нүдэнд харагдах шиг болж байна. Хүүхэд баярлуулна, дэмжинэ, хайр түгээнэ гэдэг чинь их урам өгсөн, аз жаргалтай ажил байдаг юм билээ. 

-Эх үр хоёр хүйн холбоотойн учир яалт ч үгүй өрх толгойлсон эмэгтэйчүүд, ээжүүд рүүгээ чиглэсэн ажил хийхээр болжээ, та. Тантай хамтарч ажилладаг маш олон ээж байдаг юм билээ? 

-Би ер нь хүнийг ялгаж үзэх дургүй. Тухайлбал, сайхан ээжүүдээ олон, цөөн хүүхэд төрүүлсэн, хүү, охин олонтой гэдгээр нь ч юм уу. Миний нэр Сувд. Ингээд би “Сувд” хүмүүнлэгийн сангаа үүсгэн байгуулж, заавал төр, засгаас “Та манай тэр ээжийг шагнаж урам хайрлаач” хэмээн гар харалгүй өөрт байгаагаараа “Сувдан ижий” өргөмжлөлийг гаргасан. Бүхэл бүтэн 15 жилийн турш надтай гар, сэтгэл нийлэн нэгдэж, хүмүүнлэгийн ажил зохион байгуулж ирсэн ээжүүд бий. Тэднийгээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Эх үрсийн баяраар хүлээн авч, “Сувдан ижий”-гээр өргөмжилдөг болсон. Ингээд жил болгон 108 “Сувдан ижий”-гээ хүлээн авдаг. “Сувдан ижий” нар дотор маань өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмад настай ээж нар ч бий. Тэдэнд маань санхүүгийн эх үүсвэр чухал байдаг. Иймээс ээжүүд гар урлал хийдэг болсон. Манай сургалтын төв III, IV хороололд “Өргөө” кинотеатрын дэргэд байдаг. Ээжүүд маань энд ирээд давсан урлал, лаа хийгээд түүнийгээ өөрсдөө борлуулж болно. Мөн ээжүүддээ хувь хүний хөгжлийн сургалт болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулдаг. 

-Зөвхөн Баянгол дүүргийн ээжүүд л танай сургалтад хамрагдах уу. Эсвэл сонирхсон ээжүүд харьяалал харгалзахгүй очиж сууж болох уу?

-Сонирхсон хүмүүс дүүрэг хамаагүй, ирээд сургалтад хамрагдаж болно. Ер нь болдогсон бол дүүрэг, хороо болгонд Хүний хөгжлийн төв барьчихмаар санагддаг. Ингэснээр бид хүнээ л хөгжүүлнэ шүү дээ. Хүний хөгжлийн төв олноороо үүсвэл ахмадууд маань цаг заваа тэнд зориулна шүү дээ. Ээжүүд маань ч хүүхдээ харангаа гар урлал эрхэлж, орлого олох боломжтой. Бид одоо зөв хандлага, зөв сэтгэл түгээхийн төлөө л зорьж байгаа юм. Би хамтран ажилладаг 8-80 настай сайн дурын ажилтнууд буюу хамтрагч нараа “Хүмүүнлэгийн элч” гэж нэрлэдэг. Нийт “Хүмүүнлэгийн элч”  нартаа хамтран ажилласаар ирсэнд маш их баярлалаа. Ташрамд өгүүлэхэд, манай сайн дурын ажил хийдэг охид чамлахааргүй туршлага хуримтлуулсан ч одоо “Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах нь” гэдэг төсөл дээр хамтран ажиллаж, ур чадвараа өсгөн цахим орчинд хэрхэн аюулгүй ажиллах вэ гээд “номын дуу” сонсож байгаа. Энэхүү сургалтад олон ТББ хамтран ажиллаж байгаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ган(59.153.114.122) 2024 оны 06 сарын 21

Сонгуульд гараасай дэмжиж байгаа

1  |  0
Баатар(59.153.114.122) 2024 оны 06 сарын 21

Сэтгэлээрээ хөдөлмөрч сайн бүсгүй шүү дээ

1  |  0
Цэцэг(202.55.188.89) 2024 оны 06 сарын 21

Хөдөлмөрч бүсгүй дээ, сэтгэл сайтай, ядарсан зүдэрсэнд тус дэм болохсон гэж сэтгэлээ чилээж явдагт нь талархдаг шүү. Ажилд нь амжилт.

1  |  0
Top