Ховд аймагт томилгооны наймаа, тендерийн хулгайг зогсоож чадсан бүсгүй

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 06 сарын 07

“Хүргэн хүү” кинон дээр гардагчлан “Хөөрхий, муусайн Дэмбэрэлүүдийн” нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн шиг ээ МАН-ын үе нас ойролцоо залуус “Ховдоос Харвард руу” л гэнэ, “Америкаас аймаг руу” л гэнэ, нэг их дуулиан шуугиантайнхан эх орондоо бууж асан цаг саяхан. Цаг хугацааны явцад зарим нэг хүн тэдэнд “түүхий тарвас”, “нусан буу” гэх мэтээр нэр хоч өгөхийг оролдсон нь олны инээд ханиад хүргэсэн төдий зүйл болоод өнгөрөв. Чухам хэнийг нь шоолсныг мэргэн ардууд мэднэ дээ. Харин одоо ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг бага багаар таньж, багийг нь хуу татсаар байна. Бид энэ удаагийн “Хувь заяа” буландаа Монгол Улсын аймгийн анхны эмэгтэй Засаг дарга Э.Болормааг онцлон урилаа.


АМЕРИКААС АЙМГИЙГ “ЗОРЬСОН НЬ”

Ховд аймгийн Засаг дарга Болормаагийн аав Энхбат Мөст сумын уугуул, захчин хүн. Авгын талын өвөө эмээ хоёр нь Манхан сумандаа амьдарч байна. Тээврийн тэрэгний жолооч, малчин хүмүүс байдаг. Харин ээж талаараа Дорнод, Завханых болчихно. Нагац талын өвөө нь Дорнод аймгийн Матад сумын хүн. Эмээ нь Монгол Улсын ууган сум Алдархааных юм байна. Товчхондоо, Э.Болормаа Завханы зээ. Дорнодын өвөө нь “Хөдөлмөр” сонины эрхлэгч, эмээ нь МОНЦАМЭ-д ажилладаг байсан сэтгүүл зүйн салбарын хүмүүс.

Харин Э.Болормаа Улаанбаатар хотод төрж өссөн. Арван жилээ төгсөхдөө тэтгэлэгт тэнцэж, алс газраас эрдэм өвөрлөхөөр Америкийг зорьжээ. АНУ-ын Орегоны их сургуульд Эдийн засагчаар бакалавр, АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогоор магистрын зэрэг хамгаалжээ. Залуу мэргэжилтэн Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байлаа. Эзэмшсэн мэргэжил, сурсан боловсролоороо олон улсын томоохон байгууллагуудад үнэлэгдэн дэлхийн хэмжээний цалин аваад бусад улс орны төсөл хөтөлбөрийг бичилцээд, хөрөнгө мөнгийг шийдээд явдаг байсан тэрбээр эх орондоо эргэн ирж, Монгол Улсынхаа төлөө ажиллаж, ажиллах ажиллахдаа “Саарал ордон”-оос Ховдын цэнхэр хязгаарыг зорьсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучууд эх орныхоо ирээдүйн эзэд байна, бидэнд хийж бүтээх, улс, эх орноо хөгжүүлэх орон зай бий гэдэг итгэл үнэмшлийг асар ихээр өгчээ. Энэ л итгэл үнэмшлээр нэгэн үеийн залуус баг болон зүтгэж байна.

 

ХҮСЭЛ ЗОРИЛГЫН ҮЗҮҮР НЬ ХӨДӨӨГ ХӨГЖҮҮЛЭХ ЮМ

Ховд аймгийн Засаг даргаар томилогдохоосоо өмнө Э.Болормаа олон ястны өлгий нутагтаа амьдарч байгаагүй. Зуны амралтаараа өвөө эмээгийндээ айлчлан ирж зусдаг байлаа. Гэхдээ яагаад ч юм бэ, энэ бүс нутаг түүний зүрх сэтгэлд их ойрхон санагддаг. Э.Болормаа “Зөв ч бай, буруу ч бай, хүн итгэл үнэмшилтэй байдаг даа. Би уул усандаа сүсэглэн мөргөж явдаг. Сүүлийн хоёр жил Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж, өвөг дээдсийнхээ нутагт өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийгээд явж байгаа гэж боддог. Би мундагтаа гэхээсээ илүү аавын минь нутгийн уул усны эзэд охиноо дуудаж, хувь заяа минь түшсэн юм болов уу. Би одоо гаргасан жимээ зам болгож, бүсгүйчүүддээ зориулан улам дардан болгохын тулд маш өндөр хариуцлага үүрч, хичээж яваа. Золиос ч их гаргаж байна. Энд онцлон хэлэхэд, хөгжлийн бодлогын мэргэжилтний хувьд Америкаас аймаг руу ирсэндээ харин ч аз жаргалтай байдаг шүү” гэв.

Э.Болормаа айлын отгон охин тул ээж аав, эмээ өвөө, эгч ахын их хайран дунд умбаж өсжээ. Нагацын талын өвөө, эмээ дээрээ хүн болсон гэхэд хилсдэхгүй. Завханы Алдархааны эмээ нь эмэгтэй хүн ямар хүчирхэг байж болдог юм бэ гэдгийг түүнд харуулж, ямарваа нэгэн юманд хязгаарлагддаггүй хүн болгож, эрх дураар нь өсгөжээ. Тэр хэрээр тэрбээр их зоригтой. Хийнэ гэж зорьсон ажил бүхнээ бүтээдэг, болдог юм байна гэсэн итгэл үнэмшил дүүрэн явдаг нь одоо ч хэвээрээ. “Хөгжлийн бодлогын чиглэлээр сурсан, мэргэжлээрээ л ажлаа хийж байна” гэж бодсоор  улс төрд орох хүртлээ урт холын зам туулчихсан байх. Мэдээж, улс төрийн албан тушаалтан учраас олон нийт, нийгэмд харагдах өнцөг нь улстөрчийн тод дүрийн нэг хэдийн болчихсон байх юм. Уг нь анх “Хөдөөг хөгжүүлж байж хот сэргэх юм байна. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Ховд явъя. Хүн байгаа газарт хийх ажил ч байгаа, хөгжил ч байгаа” хэмээн бодож ирсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зөвхөн Ховд аймаг гэлтгүй Баруун бүсийн зөвлөлийн даргын хувьд хийж хэрэгжүүлж эхэлсэн ажил зөндөө ч хүсэл зорилгынхоо үзүүрт хараахан хүрээгүй. Түүний хувьд их ч зүйлийг сурч, боломж чадлаараа ажилласан нь үнэн. Гэхдээ энэ бол юу ч биш. Цаана нь бүр илүү том зорилго бий тул хичээ хэмээн өөрийгөө хурцалж явна.

 

ААЛЗНЫ ТОР ШИГ ХЭРСЭН АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА УГТАВ 

Эрх чөлөөтэй, ардчилсан улс оронд амьдарч байгаадаа тэрбээр талархдаг. Нөгөөтэйгүүр, огт санаж төсөөлөөгүй зүйлтэй нүүр тулсан нь орон нутагт аалзны тор шиг хэрсэн албан тушаалын наймаа, төрийн албан дахь төрлийн хэлхээ, тендерийн хулгай, түүн дээр нэмэх нь асар их улстөржилт угтав. Бүр “Саарал ордон”-д ажиллахаас илүүтэй улстөржилт хөдөө, орон нутагт буюу аймаг, сум, багийн түвшинд байхыг хараад асар ихээр харамссан байна. Жалга довны үзэл хэрээс хэтэрч “Энэ манай нутгийн хүн биш” гэдэг өчүүхэн бодлоор хандах нь даанч харамсалтай. Тэнд хүмүүсийг АН, МАН гэж цоллодог байв. Улаан, цэнхрээр нь ялгаад будчихна. Эцсийн эцэст хэн хохирох вэ. Орон нутгийн иргэд өөрсдөө л хохирно. Хайран цаг хугацаа өнгөрөөд байгаа байхгүй юу. Дороо хагаралдаад, талцаад л байдаг. Гэтэл дээгүүрээ бол учраа олоод л нэг их намчирхаад байдаггүй бүлэглэлүүд хүртэл байна. Тиймээс тэрбээр “Өвөө эмээгийн “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж захиж сургадаг юутай үнэн. Хоорондоо эв түнжингүй, талцаж хагаралдах тусмаа уруудан доройтож байсан гэдгийг санах хэрэгтэй. Орон нутагт улстөржилт ямар аймшигтай түвшинд хүрчихсэн байгааг, тендерийн мафи бий болсныг, хэдэн хүнээс хамааралтайгаар л хүмүүсийг хохироогоод сууж байдгийг биеэрээ туулж мэдрэн, харж үзлээ. Үүнтэй тэмцсэний хариу, “хор”-ыг ч амсав. Янз бүрээр хэлж, дайрч доромжилж байна. Тэр зүгээр ирсэн дайралт биш. “Би тэр хүмүүсийн ашиг сонирхлыг хөндөж, хулгай луйврыг зогсоосон учир над руу дайрсан. Гэхдээ үүнийг би мэдээд хангалтгүй юм билээ. Эцэстээ, Болормаа хохироод явах нь надад ч, Монгол Улсад ч сонин биш. Цаашид ийм систем рүү орхичих вий дээ. Өнөөдрийн нийгэмд хэн мөнгө хөрөнгөтэй байна, тэр чинээлэг хүн дуу хоолойгоо илүү хүчтэй хүргэж чадаж байна. Энэ нь бусад ардчилсан оронд ч гэсэн тохиолддог. Нэр, нүүргүй троллууд аль хөрөнгө мөнгөтэй талд нь үйлчилж, тэдний дуу хоолойг хэд дахин илүү юм шиг харуулж, бусдын тархийг угаадаг. Энэ нь Монголын ардчилал, цаашлаад тусгаар тогтнолд асар хор нөлөөтэй зүйл. Магадгүй тэр мөнгө нь Монгол Улс дотроос биш байвал яах вэ. Үүнд л илүү харамсдаг ч өнөөдөр бид зөв суурь тавьж байна. Буруу цутгасан сууриа арай гэж цэвэрлэх гэж байтал нөгөө талд нь дахиж буруу суурь цутгамааргүй байна” гэв.

 

МАН-ЫН ИРЭЭДҮЙД БЭЛТГЭГДСЭН ГИШҮҮН

Монголын заяа их гэдэг үгэнд итгэдэг өөдрөг үзэлтэй хүн тул тэрбээр юутай ч зөв зам руугаа явж байгаа гэж үздэг. Ялангуяа, энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд зарчмын хувьд зөв зүйл хийлээ гэдгийг онцолж байна. Нэгдүгээрт, 126 гишүүнийг сонгосноор эхний ээлжид эрх мэдлийн төвлөрлийг бууруулна. Хоёрдугаарт, томсгосон тойрог байна. Тойрог томссоноор тэр бүс нутагт төсөв тавигдахад бие биеэ хянана. Манай монголчууд хоёр, гурвуулаа байх юм бол хуйвалдана. Харин түүнээс дээш болчихвол тэр, энэ нам гэлтгүйгээр бие биедээ хяналт тавьж чадна. Гуравдугаарт, жагсаалтын систем. Энэ нь ямар нэгэн барьцаанд оролгүйгээр яг Монгол Улсынхаа төлөө гэх залуучууд, боловсон хүчин, технокаратуудыг оруулж ирэх боломж. Энэ бол өөрчлөлтийн маш том суурь гэж жагсаалтаар бахархаж байна. Яагаад гэвэл, улс төрд ийм зүйлийг хийхэд ямар хэцүү байдаг вэ гэдгийг хажуунаас нь харсан хүн л мэднэ. Ерөнхий сайдын ажлын албаны дарга учир энэ бүгдийг ойроос харж мэдэрч байгаа нь ойлгомжтой. Хамгийн сонирхолтой нь МАН нэгдүгээрт, хэнийг жагсаалтаар дэвшүүлж чадсан бэ, хоёрдугаарт хэнийг дэвшүүлээгүй вэ гэдэг энэ хоёр зүйлийг яаж хийж чадсан гэдэгт байгаа юм. Э.Болормаа “Маш олон хүн “Танай нам...” гээд л дайрдаг юм. Улстөржилт мэдээж байгаа. Би үе удмаараа л энэ намын гишүүн болсон хүмүүсийн нэг. Гэхдээ би МАН-ын өнгөрснийг төлөөлсөн хүн биш. Шүүмжлэх зүйл бий. Гэхдээ өнгөрснөө үгүйсгэж болохгүй. Харин одоо ирээдүйгээ л  илүү харах ёстой. Тиймээс би МАН-ын ирээдүйд нь бэлтгэгдсэн гишүүн. Харин үүн дээр ард түмэн дүнгээ тавих ёстой” хэмээж байна.

 

“ТООНООР ОРЖ ИРЭЭД ДОТРООС НЬ ХААЛГА НЭЭЕ Л ДЭЭ”

Саяхан Төрийн өндөрлөгт буй эрх бүхий албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс тендер авахгүй байх тухай хуулийг баталсан. Бид баялаг бүтээдэг, татвар төлдөг, Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг бизнес эрхлэгчдээ үгүйсгэж болохгүй. Төрийн дарамт шахалтаас болоод бизнес нь явахгүй байгаа учраас л тэд арга буюу улс төрд ордог гэх. Одоо үүнийг болиулна гэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар чанга дуугарав. Намын жагсаалт нь үүнийг шийдэх, таслан зогсоох оролдлогын эхлэл болж байгаа. Яагаад гэвэл, ашиг сонирхлын зөрчилгүй олон залуус жагсаалтаар орж ирэх тусам бизнес эрхлэгчид бизнесээ л хийдэг болно. Бизнес хийх гэж, бизнесээ хамгаалах гэж улс төрд ордог биш улс орныхоо төлөө ажиллана гэсэн хүмүүс орж ирдэг болоход бизнес эрхэлж буй хүмүүстээ төрийн дарамтгүй ая таатайгаар үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлнэ. Бүх хүн улс төрөөс хамааралтай амьдармааргүй байна, Монголд. Бизнес эрхлэгчид нь эдийн засгаа босгож, улстөрчид нь улс орноо удирдан мөр мөрөөрөө амьдармаар байгаа юм. МАН нам дотроо зарим нь үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа нь үнэн. Энэ талаар тодруулахад тэрбээр, Тийм ээ, тооноор орж ирсэн хэдэн хүн гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү хандлага зарим хүнээс гардаг. Би тэгвэл асууя л даа. Хаалга нь эвдэрчихсэн юм чинь өөр хаагуур орж ирэх юм бэ. Та нар дотор нь ороод өөрсдөө хаалгаа түгжчихсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс залуучуудыг оруулахгүй хаалгаа дотроос нь түгжчихсэн шүү дээ. Төрийн албаны тухай хуулиараа ч тэр бүх шалгуурууд нь мерит гэдэг нэрийн дор чадвартай хүнийг оруулах ямар ч боломжгүй болгочихсон. Тэгэхээр энэ залуучууд Монгол Улсынхаа төлөө зүтгэхийн тулд хаагуур орж ирэх вэ. Тооноор нь орж ирээд дотроос нь энэ хаалгыг нээе л дээ. Бусад чадварлаг хүндээ орж ирэх боломж олгоё. Магадгүй манай жагсаалтад байгаа хүмүүс мэргэжлийн салбартаа газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга, эксперт гээд ажиллах ёстой байсан. Гэтэл өнөөдөр манай улсын Төрийн албаны тухай хууль ямар ч боломж олгодоггүй. Дэлхийн шилдэг байгууллагуудад хэдэн жил ажиллаад ирсэн ч бай хамаагүй нэг яамны мэргэжилтэн ч болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс өөр хаагуур нь орж, яаж ажиллах юм бэ. Энэ нь өөрөө нийгмийн хүлээлт, нийгмийн дуудлага. Магадгүй систем нь ийм гажуудалгүй байсан бол энэ залуус бүгдээрээ мэргэжлийнхээ дагуу эх орныхоо төлөө төрд ажиллаж зүтгээд тэндээс шалгарсан улстөрчид гарч ирэх байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм систем бүрдүүлчихсэн, залуучууддаа боломж олгоогүй байсан учраас нийгмийн хүлээлтээр нам дотроо энэ шинэчлэлтийг хийчихлээ. Жагсаалтыг үзээд нийгмээс их сайшаасан. Гэхдээ нам дотроо энэ өөрчлөлтийг хийх маш хэцүү байдаг гэдгийг онцлов.

 

МӨНГӨ МӨРТЭЙ

Сүүлийн үед цахим сүлжээнд “Харвардынханд нэг л итгэж болохгүй нь” гэх утгатай пост үе үе харагдах болсон. Харин тэрбээр энэхүү асуултын хариултыг ингэж өгч байх юм. Улстөржилтөөр хувь хүмүүс рүү дайрах нь өөр хэрэг. Харин Харвард, баруунд, ер нь хаана ч боловсрол эзэмшсэн бай хамаагүй боловсрол руу дайрч байгаа дайралтыг том зургаар нь харвал маш хортой зүйл. “Лаг боловсролтой гэсэн чинь эд нар чинь ийм байна шүү дээ” гэдэг агуулгаар дайралт хийх нь ихээхэн хор хөнөөлтэй. Монголчууд боловсролыг дээдэлж ирсэн ард түмэн. Гэтэл одоо цаад утгаараа мэдлэгийг уландаа гишгэж байна шүү дээ. Бидний өвөг дээдэс холын хүнээс үг сонс, алс газраас эрдэм сур гэж захидаг байсан. Боловсролтой хүн хэнээс ч юу ч гуйхгүй өөрийн чадлаар амьдарч чаддаг. Гэтэл юу ч гуйж очоогүйн төлөө, муугаар хэлэхэд, ах нарын цүнхийг нь бариагүй учраас л уурлаад байгаа юм. Хүний цүнх барихгүй өөрийн мэдлэг чадвараар яваад байгаа залуучууд руу л дайраад байгаа.

Монгол Улс яавал хөгжих вэ гэвэл төр хүчирхэг, тодорхой хэмжээний чадвартай байх ёстой. Төр лүүгээ дайрна гэдэг монголчуудын хийдэг үйлдэл биш. Ардчилсан ямар ч улсын төр аль болох чадварлаг байхыг хичээдэг. Хэн хамгийн сайн, чадварлаг боловсон хүчин байна, түүнийг төрд татдаг. Төр чадваргүй байх нь эцэстээ Монгол Улсад л хортой биз дээ. Яагаад чадварлаг хүмүүсээ төрд оруулах дургүй, орсон нэгийг нь шахаж гаргах гээд байна вэ. Энэ манай монгол ёс биш байхгүй юу. Монгол Улс сүүлийн 34 жилийн турш ардчилсан орон байлаа. Түүний өмнө 70 жил социалист орон байсан. Гэхдээ түүнээс ч өмнө Монгол төр байсан юм шүү. Бүр хэдэн мянган жилийн төрт ёсны түүхтэй улс. Монгол Улс бол Америкаас ч илүү эрх чөлөөтэй орон. Гэтэл орчин цагт яагаад маш богино зайн дүгнэлтээр төр рүү дайрч, залуучуудаа талцуулан хагаралдуулж байна вэ. Манай улсын энэ хэрээс хэтэрсэн улстөржилт үнэхээр харамсалтай. Хаанаас, хэний ямар зорилгоор ингээд юм бүхнийг улстөржүүлдэг юм бол заримдаа гайхаж, хардтал “жиргэх” юм. Та бод л доо, Монголын төрд зүтгэхээс өмнөх түүх нь маш сайн хүмүүс байдаг. Харин төрд орж ажилласан тэр мөчид түүнээс муу хүнгүй болчихдог. Энэ бол хүмүүсийн харах өнцөг алга урвуулахын төдийд хувирч байгаа зүйл төдий биш юм. Зориуд ийм харагдуулах ажиллагааг явуулаад ч байгаа юм шиг... Иймэрхүү авир мөнгөтэй хүмүүсээс гарч байгаа. Гэхдээ мөнгө мөртэй. Энэ чинь л монголчуудын бүтээмжийг “алж” байгаа юм. Би мэдээлэл хаах тухай яриагүй шүү. Мөнгөтэй хүмүүсийн тархи угаалт, тэдний эрх ашигт үйлчилж байгаа тухай ярьж байгаа юм. Зохиомол дуу хоолой бол Монголын ардчилалд хамгийн гэм хортой зүйл. Тиймээс бид улам хэрсүү байх ёстой. Хэрсүүжихийн тулд боловсролтой байх ёстой. Гэтэл боловсролыг дорд үзүүлэх компанит ажил яваад л байна шүү дээ.

 

УЛСТӨРЧИД ЭГОГОО ХОЙШ ТАВЬЖ, ЭВДЭРЧ ГАЖУУДСАН СИСТЕМЭЭ ЗАС Л ДАА

Хөдөө, орон нутагт боловсон хүчний сэлгэлт хийж байхгүй бол аалзны тор шиг сүлжээ үүсэж, жалга довын үзэл, хэтэрхий явцуу улстөржилт хэрээс хэтэрснийг өөрийн чадал чинээгээр таслан зогсоохыг оролдож хэр чадлаараа хичээж яваа Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Алс бөглүү болохоор аймаг, орон нутгийн төрийн албан дахь төрлийн сүлбээ аймаар байж болзошгүй. “Манай нутгийн хүн биш” гэдэг жалга довын үзлийн цаана хүний нүдэнд өртдөггүй хулгай, дээрэлхэлт, худал хуурмаг нуугдаж байж ч мэдэх. Тийм учраас улстөрчид “Энэ хүний хэцүү, тулгамдсан асуудлыг би шийдэж өглөө” гэдэг  эгондоо авталгүй харин тэр эвдэрч гажуудсан системээ зас л даа.  Миний хувьд томилогдож ирээд хамгийн түрүүнд хийсэн ажлын нэг нь энэ. Хийж чадаагүй, хана мөргөж байгаа зүйл бас их байна. Хамгийн чухал зүйл нь шинэ салхи оруулж чадсан. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болгож байв, анх очихдоо. Магадгүй зөв соёлын үрийг тарьсан байх. Ховд аймагт томилгооны наймаа, тендерийн хулгайг зогсоож чадсан. Гэхдээ шударга ёсыг тогтоохтой адил шударга ёсыг сахин хамгаалах гэдэг чинь маш чухал. Төр ундаргаасаа тунгалаг болох ёстой. Залуучууддаа ингэж болдог юм байна гэдэг итгэл үнэмшил өгсөн болов уу. Төсвийг иргэд өөрсдөө мэддэг юм байна, иргэдийнхээ саналаар амьдралын чанарыг эхэнд тавьж, зөв бодлогоор түүнийг хэрэгжүүлж болдог юм байна гэдгийг ойлгууллаа. Ховд аймагт хэн ч намайг шүүмжлэхгүй бол би ажлаа хийж чадаагүй гэсэн үг. Магадгүй хүмүүстэй наймаалцаж байж болзошгүй шүү дээ гэж бодох хэрэгтэй. Тодорхой хэмжээний эсэргүүцэл бол байх л даа. Гэхдээ мууллаа, мууллаа гэхэд намайг “түүхий тарвас” гэж байвал болоо шүү дээ. Бүр үгээ олж ядаад “түүхий тарвас”, “нусан буу” гэх мэтээр л хэлцгээж байна. Энэ бол ерөнхийдөө хэлбэрдэлт л дээ. Харин агуулгаар нь үзье л дээ” хэмээн эрс шулуухан хэлж байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.221) 2024 оны 06 сарын 08

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

0  |  0
1(202.9.40.221) 2024 оны 06 сарын 08

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

0  |  0
х(202.9.40.27) 2024 оны 06 сарын 09

Ийм зөв хандлагатай, ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой эмэгтэйчүүд өнөөгийн хулгай луйврын системийг өөрчлөнө, 2 гараа өргөн дэмжиж байна. Манай ухаант ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна.

0  |  1
Хуульч(202.9.40.27) 2024 оны 06 сарын 09

Ийм зөв хандлагатай, ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой эмэгтэйчүүд өнөөгийн хулгай луйврын системийг өөрчлөнө, 2 гараа өргөн дэмжиж байна. Манай ухаант ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна.

0  |  1
тт(66.181.168.82) 2024 оны 06 сарын 09

энэ бид 2ын хөгжүүлэх гэж юу байдаг юм, хэлээ хазсан тэнэг хүүхэн харваас

4  |  1
Хэхэ(202.9.46.190) 2024 оны 06 сарын 08

Хаха Түвдэнгийн Бор гэхнээ

2  |  1
Top