Бүгд Найрамдах Узбекстан Улсын Мал эмнэлэг, Мал аж ахуйн хөгжлийн хороотой хамтран ажиллана

2024 оны 06 сарын 27

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг явуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр уулзалт хэлэлцүүлэг хийж ажиллах санамж бичгийг байгууллаа.

Монгол улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөл БНУУ-ын төлөөлөлтэй Франц улсын Парис хотноо болсон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий чуулганы үеэр уулзаж хоёр улсын хооронд өлөн гэдэс экспортлох олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загвар, нөхцөл шаардлагыг эцэслэн тохиролцсон.

Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө БНУУ-ын Мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хороо болон хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөл манай оронд айлчилж мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.

Ийнхүү дээрх ажлуудын үр дүнд ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Узбекстан Улсын Мал эмнэлэг, Мал аж ахуйн хөгжлийн хороотой хамтран ажиллаж хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийхээр тохиролцлоо. Үүнд:
 

  • Монгол Улсаас Узбекстан Улсын зах зээлд үхрийн мах, адууны мах, дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,
     
  • Монгол Улсаас Узбекстан Улсын зах зээлд хонь, ямааны мах, дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,
     
  • Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсын зах зээлд тахианы мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,
     
  • Бүгд Найрамдах Узбекстан улсаас Монгол Улсын зах зээлд өндөг нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”-ний нөхцлийг тус тус эцэслэн тохиролцов.
     

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа, Бүгд Найрамдах Узбекстан улсын Мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хорооны дарга, ерөнхий малын эмч Норкобилов Бахром нар 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр гарын үсэг зурж ёсчлон баталгаажууллаа.

Ингэснээр хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top