Севастопольд болсон террорист халдлагатай холбоотойгоор ОХУ-ын ГХЯ-наас мэдэгдэл хийв

Админ | Zindaa.mn
2024 оны 07 сарын 02

Тус мэдэгдэлд “6-р сарын 23-нд Киевийн дэглэм АНУ болон түүний дагуулуудын дэмжлэгтэйгээр Оросын энгийн иргэдийн эсрэг бас нэгэн аймшигт террорист гэмт хэрэг үйлдлээ. Севастополь хот халдлагад өртөв. Энэхүү террорист халдлагад зориулан үнэн алдартны шашны хамгийн чухал баяруудын нэг болох Ариун Гурвалын өдрийг тусгайлан сонгосон байна” гэжээ.

Дөрвөн хүн нас барсны дунд хотын наран шарлагын газар тоглож байсан хоёр настай хүү, есөн настай охин байна. Нийт 151 хүн эмнэлгийн тусламж хүссэний 82 нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний 55 нь насанд хүрэгчид, 27 нь хүүхэд юм. Олон хүний биеийн байдал хүнд, шархдагсдад эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр, хөнөөх чадавхийг нь нэмэгдүүлдэг олон толгой бүхий байлдааны хошуугаар тоноглосон Америкийн ATACMS оператив тактикийн пуужингуудыг ашигласан байна. АНУ-ын мэргэжилтнүүд өөрсдийн хиймэл дагуулын тагнуулын мэдээлэлд үндэслэн бүх нислэгийн даалгаврыг оруулжээ. Америкийн тагнуулын "Global Hawk" нисгэгчгүй нисэх онгоц Крымийн ойролцоо эргүүл хийж байжээ.

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо энэ хэргийг шуурхай шалгаж эхэллээ. Энэ болон бусад террорист халдлагыг ОХУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн хэн бүхэнд зайлшгүй шийтгэлийг ногдуулах болно.

Энэхүү аймшигт хэрэгт АНУ оролцоотой гэдэгт эргэлзэх зүйл алга. Энэ гэмт хэрэгт хариу арга хэмжээ авах нь гарцаагүй юм.

Барууны нийслэлүүд Зеленскийгийн дэглэмийн зэрлэг үйлдлийг үг дуугүй хүлээн зөвшөөрсөөр байгаа нь гэмт хэрэг юм. Олон улсын байгууллагуудын зүгээс ч үүнийг нь огт буруушаахгүй байна. Киевийн дэглэм болон Барууны орнуудын ээлжит бусармаг үйлдэлд зохих ёсны үнэлгээ өгөхийг Оросын Холбооны Улс дахин уриалж байна.

Найрсаг орнуудын албаны хүмүүс, мөн Европ, Америкийн олон нийтийн төлөөлөл эмгэнэл илэрхийлсэнд Орос улс чин сэтгэлээсээ талархаж байна. Эмгэнэлийн үгс ирсээр байна.

 

Top