Дэлхийн хүнсний үнийн индекс сүүлийн 20 сар дараалан буурч байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

НҮБ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэлхийн хүнсний үнийн индексийг гаргадаг. Тэгвэл уг индекс энэ оны долоодугаар сарын байдлаар 120.8 буюу хоёр жилийн өмнөх оргил үеэс 24.7 хувиар, жилийн өмнөхөөс 3.1 хувиар тус тус буурсан байна. Жилийн өөрчлөлтөөр нь харвал сүүлийн 20 сар дараалан тус индекс буурахад үр тарианы үнийн бууралт голчлон нөлөөлснийг Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тоймд дурджээ. 

Бүтээгдэхүүн тус бүрээр үнийн өөрчлөлтийг дэлгэрүүлж тайлбарлавал:

Махны үнийн индекс (35%) өмнөх сараас 1.2 хувиар, жилийн өмнөх үеэс 0.8 хувиар нэмэгджээ. Эрэлт тогтвортой үед улирлын чанартайгаар үхэр, хонины махны нийлүүлэлт буурсан нь энэ төрлийн махны үнэ нэмэгдэх шалтгаан болсон байна. Африк дахь шувууны аж ахуйн гол бүс нутгуудад шувууны ханиад дэгдсэнээс шалтгаалж шувууны махны үнэ өсжээ. Харин баруун Европт гадаад болон дотоод дахь гахайн махны эрэлт буурсан нь гахайн махны нийлүүлэлтийн илүүдлийг бий болгож, улмаар гахайн махын үнэ буурчээ. Тодруулбал, гахайн мялзан өвчин дэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын зүгээс гадны улсаас гахайн мах худалдан авахыг хязгаарлаад байгаа нь гахайн махны эрэлт буурахад нөлөөлжээ.

Тэгвэл үр тарианы үнийн индекс (27%) долоодугаар сард 110.8 байгаа нь өмнөх сараас 4.4 хувиар, жилийн өмнөх үеэс 12.0 хувиар бага дүн юм. Улирлын чанартайгаар дэлхийн бөмбөрцгийн хойд талын бүс нутагт ургац хураалт үргэлжилж, улмаар үр тарианы нийлүүлэлт өссөн нь улс орнуудын үр тариа экспортлох өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн сацуу эрэлт сул байгаа тул ийнхүү үнэ буурчээ.

Харин сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн индекс (17%) өмнөх сараас өөрчлөлтгүй ч жилийн өмнөх үеэс 7.2 хувиар өндөр байна. Хэдийгээр цөцгийн тос болон бяслагны үнэ өмнөх сараас нэмэгдсэн боловч хуурай сүүний үнэ буурсан нь үнийн өөрчлөлтгүй байх шалтгаан болов. Улирлын чанартайгаар Номхон далайн арлуудын сүүний үйлдвэрлэл буурч, агуулахын нөөц бага байсан боловч Баруун Европт зуны улирлын нам гүм байдал үргэлжилж, хуурай сүүний эрэлт бага байсан нь ийнхүү хуурай сүүний үнэ буурах шалтгаан боллоо. Нөгөө талаас Баруун Европын дотоод дахь цөцгийн тос, бяслагны хэрэглээ өндөр байсан нь экспортын хүрэлцээг бууруулж, улмаар үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ. 

Тос, тосон бүтээгдэхүүний үнийн индекс (14%) өмнөх сараас 2.4 хувиар жилийн өмнөх үеэс 4.0 хувиар өндөр байна. Үүнд, далдуу модны тос, шар буурцгийн тос, рапсын тос, наран цэцгийн тосны үнэ өсөлттэй байна. Индонезын далдуу модны тосны үйлдвэрлэл потенциалаас бага байгаа үед эрэлт өндөр байгаа нь энэ төрлийн тосны үнэ өсөх шалтгаан болж байна. Харин АНУ-ын биотүлшний сектор дахь шар буурцгийн тосны эрэлт тогтвортой сайн байгаа нь энэ төрлийн тосны үнэ 3 дахь сардаа дараалан өсөхөд нөлөөлөв. Наранцэцэгийн тос, рапсын тосны хувьд гол үйлдвэрлэгч бүс нутгуудад 2024/2025 оны тосны ургамлын ургац бага байх хүлээлт үүссэн нь үнэ нэмэгдэх шалтгаан боллоо. 

Элсэн чихрийн үнийн индекс (7%) өмнөх сараас 0.7 хувиар нэмэгдсэн ч жилийн өмнөх үетэй харьцуулахад 17.9 хувиар доогуур байна. Сарын өмнөх үеэс үнэ нэмэгдэхэд Бразил дахь элсэн чихрийн нийлүүлэлт хүлээлтээс бага байсан нь нөлөөллөө. Нөгөө талаас Энэтхэг, Тайланд улсуудад цаг агаар тааламжтай байгаа нь элсэн чихрийн үнийг бууруулах чигт хөтөлж байна. Цаашид дээрх хоёр улсын нөхцөл байдал үнийг бууруулах чигт нөлөөлсөн хэвээр байх бол Бразилд хуурай цаг агаар үргэлжилж, улмаар ургац буурах эрсдэлтэй байна. Эдгээр хүчин зүйлсийн аль нь давамгайлахаас хамаарч элсэн чихрийн үнэ цаашид өөрчлөгдөхөөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top