УИХ-ын 126 гишүүний хоёр нь л сонин захиалжээ

2024 оны 09 сарын 09

УИХ-ын гишүүд, түүний зөвлөх, туслахууд тогтмол хэвлэл захиалахдаа хойрго болсон, Төрийн худалдан авалтын хэмнэлтийн хуулиар төрийн байгууллагуудын хэвлэл захиалгын мөнгийг хассан зэргээс шалтгаалан сонин хэвлэл уншдаг төрийн албан хаагч нүдний гэм болжээ.

Тэр хэрээрээ сошиалын мэдээг даган намирч барьцгүй аашилдаг болсон. Түүний жишээ гэвэл, УИХ-ын 126 гишүүнээс хоёрхон нь сонин захиалж, Төрийн ордны шуудангийн салбарт хайрцагтай болсон байна. Тэд бол УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Д.Энхтүвшин нар юм.

Бодит мэдээллийн эх сурвалж болсон тогтмол хэвлэлээ захиалан уншиж буй хоёр гишүүнд талархал илэрхийлье. Бусад гишүүд ч дөрөвдүгээр улирлын хэвлэл захиалгадаа анхаарах биз ээ.

Энэ бол гишүүд нь уншдаггүй, ул суурьтай мэдээлэл, мэдлэг авдаггүй, уламжлалт хэвлэл, цаасан сонины үнэ цэнийг гүйцэд ухаарахгүй тал төрийн түвшинд ч харагдах болсны бодит жишээ. Тогтмол хэвлэлийн тогийг таслах үйлдэл бүр дээрээсээ байна гэж харж болохоор.

Төрийн байгууллагуудын худалдан авалтын жагсаалтаас хэмнэлт нэрийн дор сонины захиалгыг хассан шийдвэр хэдэн жилийн өмнө гарсан. Тэр хэвээрээ байгаа бололтой. Тэглээ гээд гишүүд нь хэвлэл захиалах, түүнээс улс орны өдөр тутмын мэдээллийг авах, боловсруулах гэдэг соёлыг бүр таг мартаж орхисон бололтой. 

Уг нь саяхныг болтол төрийн албаныхны ажлын өдөр шинэхэн сонины дугаар уншихаас эхэлдэг, төрийн гурван өндөрлөг хүртэл ажил эхлэхэд ширээн дээр нь тухайн өдрийн сонинуудын тойм хүлээж байхыг шаарддаг байлаа. Гэтэл тийм уламжлал үгүй болсноор төрийн албан хаагчид сошиалаар ажлаа явуулдаг, хийсэн нь ажил нь олон нийтийн сүлжээгээр муулуулсан бол хэрэгтэй ч байсан орхидог, харин магтуулсан бол ор хэрэггүй зүйлийг ч хэрэгтэйд бодон лавшруулдаг зэргээр барьцгүй болсон байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
456(139.5.218.104) 2024 оны 09 сарын 09

Өдөр тутмын сонинууд хэцүү болжээ. Мэдээллийн хурдыг гүйцэх боломжгүй. Сэтгүүлчдийн ур чадвар муу, нэр хүнд муу. Энэ салбар цаашид яах юм бол доо. Сая Өнөрцэцэгийн хэргээр бүгдийнх нь булхай ил болсон.

0  |  0
Зочин(66.181.189.239) 2024 оны 09 сарын 09

УБ-д зөндөөн холбооны салбар байдаг шүү дээ. Балай юм шинжих юм.

0  |  0
мандал(202.131.250.85) 2024 оны 09 сарын 09

Пянз, CD сонсдог хүн одоо ховор шиг сонин бол бас л одоо үеээ өнгөрөөж байна шүү дээ.

1  |  0
Зочин(59.153.113.227) 2024 оны 09 сарын 09

Олигтой сонин ч байхгүй болсон юм биш үү, тэгэхээр хэн унших вэ дээ

0  |  0
ИРГЭН (139.5.216.131) 2024 оны 09 сарын 09

сонин уншвал бас яамай. Ном уншдаг хүн бүр байхгүй. бичиг үсэг тайлагдсан нь бас үнэндээ тодорорйгүй

1  |  0
Зочин(59.153.112.55) 2024 оны 09 сарын 09

Хулгайч нарт сонин унших завч гарахгүй хулгай луйвардах л бодно хөөцөлдөнө биздээ

1  |  0
Top