ХУВЬ ЗАЯА I “Гурвалсан морь”-той эр

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 09 сарын 24

“Хувь заяа” булангийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын зүүн захад төрж өссөн, энэ цаг үеэ мэргэжил боловсрол, ажил хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ тэгш сайхан өнгөлөн түүчээлж яваа санхүү, банкны тэргүүний ажилтан Чулууны Чинзориг уригдлаа.

Тэрбээр 1981 оны нэгдүгээр сарын 15-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ. Аав нь Дорнод аймгийн ДЦС-д өндөр хүчдэлийн монтёроор, ээж нь машинистаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Дорнод аймаг тухайн үедээ дэд бүтэц, хөгжил сайтай байсан ч аав ээж нь ид ажиллаж байх үедээ тэднийхэн аймгийн төвөөсөө зайтай, тахиа, гахай, туулай тэжээдэг, төмс, хүнсний ногоо, мод бутаа тарьчихдаг оросын тосгон маягийн зохион байгуулалттай сууринд амьдардаг байжээ.

Чинзориг ээж ааваас дөрвүүлээ.
 


Нэг эгч, нэг ах, нэг дүүтэй. Тэд багш, инженер, эмч мэргэжилтэй. Харин Ч.Чинзоригийн анхны мэргэжил механик инженер. Багадаа тахианыхаа ойролцоо усан онгоц ч юм уу сийлээд суучихдаг, зохион бүтээх авьяастай хүүхэд байжээ. Энэхүү бүтээлч хобби нь мэргэжил сонголтод нөлөөлсөн биз ээ. Харин дараа нь хувь тавилангийн эрхээр гэдэг шиг л цаг үеэ дагаад юм юмны захтай болсон байх юм. Арван жилд сурч байхаасаа л онц сурлагатан, цэвэр бичигтэн, шүлгийн аварга гээд зөндөө олон цол гуншинтай, янз бүрийн уралдаан тэмцээнд “сойгдож” сурсан нь хожмоо нийгмийн идэвх сайтай, өндөр хариуцлага, өргөн мэдлэгтэй иргэнийг улс, эх орондоо бүтээж өгсөн байх.

Тэрбээр үргэлжлүүлэн бизнесийн удирдлага, нягтлан бодох, хүний нөөцийн менежерээр суралцжээ. Нарийндаа бол, одоо ч хууль, эрх зүйгээр сурч байгаа учир эрдмийн их аянаас жолоо цулбуураа татаагүй л явна. Ч.Чинзориг 1988-1998 онд Дорнод аймгийн Улсын тэргүүний I сургууль, 1988-2002 онд Улаанбаатар хотноо ШУТИС-ийг механик инженер, 2003-2006 онд СЭЗИС-ийг бизнесийн удирдлага, нягтлан бодогчоор, 2020-2022 онд ШУТИС-ийг Бизнесийн ахисан түвшинд Хүний нөөцийн менежмент чиглэлээр төгсөж ДЦС-4 ТӨХК-ийн 800 ажилтны дунд хийсэн байгууллагын соёлын судалгаагаараа магистр хамгаалжээ.
 


Ч.Чинзориг ажлын гараагаа 2002 онд эрчим хүчний салбараас эхэлж, “ДБЭХС”ТӨХК-д мастер, инженер, цехийн дарга болж, 2008 он хүртэл ажиллажээ. Ингээд буурь сэлгэн “Голомт” банканд эдийн засагч, хүний нөөцийн менежер, ахлах эдийн засагч, үйл ажиллагааны ахлах менежер, Үйл ажиллагаа, хүний нөөцийн хорооны нарийн бичгийн даргаар 2018 он хүртэл есөн жил ажилласан байна. Ингээд 2018-2024 онд “Молар” шүдний эмнэлэгт төслийн зохицуулагч, 2018-2021 онд “Тамир эх такстинг” ХХК-ийн орлогч захирал, 2020-2022 онд ДЦС-4 ТӨХК-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, 2023 оноос  “Сүвэн уул” ХХК-ийн албаны даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр эрчим хүчний салбарт найман жил, банк, санхүүгийн салбарт есөн жил, 2018 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Түүний ажлын туршлага, хувь хүний намтар, түүх, дүрх төрх ийм гурван салбараас тулгын гурван чулуу шиг урган төлжиж, улам цааш тэмүүлэн хөгжсөөр байна. Үүний зэрэгцээ олон сонгуульт ажилтай. Тухайлбал, 2019-2020 онд Дархан хотод “Дулааны сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр хоёр жил, 2019 оноос одоог хүртэл “Таван ухаан” Монголын хувийн шүдний эмнэлгүүдийн нэгдсэн холбоо НҮТББ-ын гүйцэтгэх захирал, 2021-2022 онд JCI Монгол ТББ-ын Их хүрээ салбар байгууллагын Бизнес хамтын ажиллагаа хариуцсан захирал, “Содон брэндинг дизайн агентлаг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий менежер юм. Орчин цагт олон тулгуурт эдийн засаг гэж их ярьдаг. Магад түүнийг ийм л олон талын авьяас чадвар, мэргэжил боловсролтой хүмүүс бүтээдэг биз ээ. Түүний нэг, хийж бүтээх ид насандаа яваа эрхэмтэй танилцах завшаан тохиов.

Эрчим хүчний салбарт ажилласан найман жил

Ажил, амьдралын идэвх сайн, эрч хүчтэй залуу Ч.Чинзориг хүмүүст цахилгаан, дулаан түгээдэг эрчим хүчний салбараас “угшил”-тай. Тодруулбал, төрөлх Дорнод аймгаасаа ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Дорнодын ДЦС зуух, трубины хоёр том цехтэй. Шинээр төгсөж ирж буй залуус энэ хоёр цехийн аль нэгээр л дамжих учиртай. Ч.Чинзоригийн хувьд зүйрлүүлж хэлбэл, спорт заалны ½ шиг хэмжээтэй, трубины цехэд ажиллаж эхэлжээ. Хоногт 24 цагаар ажилладаг, маш нарийн тохируулгатай, маш өндөр температур, даралттай уурыг цахилгааны энерги болгон үйлдвэрлэдэг, түүнийгээ зүрхний бичлэг шиг цаасан дээр хэвлэн хянадаг. Болж л өгвөл нэг шугаманд байх учиртай. Хөрөөний шүд шиг хэлбэлзэлтэй гараад ирвэл машинист муу ажиллаж байна гэж үзнэ. Шөнө унтана гэсэн ойлголт байхгүй. Цэвэрлэгээ үйлчилгээгээ хийнэ. Ийм л нөхцөлд 1.6 жил ажиллахдаа горим барилтын аваргаар шалгарч, дараагийн шат буюу Механик цехийн инженерээр томилогджээ. Ингээд цехийн дарга болов. Залуу хүний замын хүзүү урт гэгчээр алс хэтээ харсан, түүндээ зорьж тэмүүлсэн амбиц байлгүй яах вэ. Ингээд л сурах үйлд ханцуй шамлан зүтгэж эхлэв. Ажлынхаа хажуугаар хотод ирж суралцана. Хичээн зүтгэсний эцэст сургуулиа амжилттай дүүргэв. Анхны амбицаараа бол аймагтаа удирдах албан тушаалд ажиллах хүний хувь заяаны маршрут жаахан өөрчлөгдөж, их газраа буюу хотод шилжин ирэхээр шийджээ. Ингээд л үүргэвчээ үүрээд ажил амьдралынхаа алтан шар замыг даган жирийв. Ирээд баруун болон урд зүгийн аймгуудын эрчим хүчний барилга угсралтыг хийдэг компанид ажилд орлоо. Зүүн хязгаарын инженер залуу баруун хязгаар руу Ховд аймгийн Манхан сумыг зорин замын унаанд дайгдав. Тэрхүү зангилаа станц баригдсанаар дөрвөн сум найдвартай эрчим хүчээр хангагдсан юм. Эрчим хүчний барилгын ажлыг нь манай нийтлэлийн баатар хийлцжээ. Зургаан сар гаруйн хугацаанд хийхээр тооцоолсон ажлыг дөрвөн сарын хугацаанд хийж амжуулав. Өвлийн өдөр богино, шөнө урт тул орой үдэш шонгоосоо эхлээд ачаа тоноглолоо буулгаж, өдөр нь ажлаа хийхээр зохион байгуулсан аж. Цагаан сарын өмнөхөн ажил дуусаж, ховдынхон гэрэл цахилгаантай болж, ажиллаж байсан хүмүүс нь гэрийн бараа харж, магнай тэнийжээ. Өмнө нь цагийн хязгаартай тог цахилгааны бараа хардаг байсан хүмүүс 24 цагийн турш санаа зоволтгүй болов. Бүтээн байгуулагчдын баяраараа шагнуулсан учир Ч.Чинзориг хотод ирээд хоёр хоногийн дараа гадагшаа аялалд явжээ. Гэтэл санхүү, эдийн засгаар сурсан мэргэжлээрээ ажиллаж баталгаажуулмаар санагдаад байх. Ингээд хоёр банканд анкет бөглөн, ажилд орох хүсэлт гаргажээ.
 


“Голомт” банк руу буурь сэлгэж буусан есөн жил 

Банк, санхүүгийн салбар руу хөрвөж, буурь сэлгэхдээ теллерээс эхэлнэ байх гэж дотроо бодож байж. Гэтэл “Голомт” банканд эхлээд мөнгө тоологчоор оров. Тухайн үед автомат тоологч машин цөөн. Бөөнөөр нь оруулж ирэхийн өмнөхөн байж. Нэг ангийн хүүхдүүд багтахаар хэмжээний өрөөнд бүгдээрээ эгнэж сууж байгаад орж ирсэн мөнгийг бүртгэж, тоолон багцална. Хурдан сурвал дараагийн мест руу шилжих болзолтой. Ч.Чинзориг өдөр, шөнийг ялгалгүй уйгагүй бэлтгэл хийж, мөнгө тоолж сурсных дорхноо буюу долоохон хоногийн дараа теллер болов. Ингээд л дээр дурдсанчлан есөн жил банк, санхүүгийн салбарт нэр, мөрөө үлдээв. Банк, санхүүгийн салбарын хүний нөөцийг жил бүр МУИС, СЭЗИС, МБИС-иудаас шинэчлэн бүрдүүлнэ. Энэ ажилд хөлийн тавхайгаа эргэтэл гүйнэ. Ч.Чинзориг “Монгол Улс дотооддоо үнэхээр байхгүй хүний нөөцийг л гадаадаас авч ажиллуулах ёстой. Түүнээс биш өөртөө байгаа нөөц боломжоо ашиглахгүй, хүний нөөцөө гадагш нь алдаад байгаад харамсдаг.

Хөдөлмөрийн зах зээлд дөнгөж хөл тавьж буй залуусын амьдралын анхдагч хэрэгцээ хангагдаж, хүлээлтэд хүрэхгүй байгаа учраас л зөвхөн банк, санхүүгийн салбарт ч биш Монгол Улс бүхэлдээ хүний нөөцийн хомсдолд ороод байгаа юм. Зүйрлүүлж хэлбэл, дэлхийн 210 улс орон бүрийг нэг айл гэж үзвэл арчаатай амьдрах уу, арчаагүй амьдрах уу гэдгийг хүний нөөцийн асуудлаар л шийднэ. Улс орнууд урт хугацааны бодлогоороо л энэ асуудлыг шийддэг” гэв. Банк, санхүүгийн салбарт ажиллаж байхдаа маш олон чиг үүргийн ажил гүйцэтгэж байснаас нийгэмд тохиолддог нийтлэг сэдвийн нэг нь энэ. Тэрбээр мөн хүний нөөц, банк санхүүгийн мэдлэгээ ашиглан бизнесийн зөвлөгөө өгдөг үйлчилгээг бас эрхэлдэг байж. Ингэж ажиллахдаа дундын шүдний эмнэлгийн төсөл бичсэн нь амжилттай хэрэгжжээ.

 


 

Хүний нөөцийн салбарт цухуйлгаж буй “цахиур”-ууд

Өнөөдөр Монгол хүүхдүүдийн 80 гаруй хувь нь шүд, амны хөндийн эрүүл мэндийн асуудалтай гэдгийг эмч, мэргэжилтнүүд судалгаагаар нотолсон байна. Эрүүл биед саруул ухаан оршино гэж ярьдаг. Тэгвэл эрүүл шүдтэй байж л бие эрүүл байх нь. Гэтэл яагаад урт хугацаанд ийм төрлийн өвчлөлийн тоо буурахгүй байна вэ. Хүний нөөц нь хангалттай.

Хувь, хувьсгалын эмнэлэг ч олон. Асуудал юундаа байна гэтэл шүд, амны хөндийг өвчилсөн хойно нь эмчлээд байж. Үр дүнд нь эрүүл шүдтэй хүүхэд үлдэхгүй шахам болтлоо ийм төрлийн өвчлөл нийгэмд хавтгайрчээ.  Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх буюу нийгмийн хариуцлагын хүрээнд соёлтой бизнес эрхлэхийг уриалж, томоохон ажил хийхээр шийдэж, маш олон удаагийн сургалт, арга хэмжээг зохион байгуулжээ. Үр дүнд нь хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээрээ ус ундаагаа дамжуулж уухаа больж, хувийн халбага сэрээтэй явах, эцэг эхчүүд зуны амралтаар хүүхдийнхээ шүдийг бүрэн эмчлүүлэх зэргээр эерэг өөрчлөлт нийгэмд гарч эхэлсэн байна. Энэ нь ирээдүйн хүний нөөц эрүүл саруул торних нөхцлийг бүрдүүлнэ. Эрүүл хүнээс л өндөр бүтээмж гарна гэхээр шүд, амны хөндийн эрүүл мэнд эргээд хүний нөөцтэй холбогдож байх жишээний. Эмнэлгүүд үйл ажиллагаагаа 100 хувь гэж төлөвлөлөө гэхэд эхний 50 хувьд нь эмчилгээ сувилгаа, үлдсэн 50 хувьд нь нөхцөл байдлыг сайжруулах буюу өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг нийгэмдээ өгч соён гэгээрүүлэх гээд томоохон ажлыг хийж болно шүү дээ гээд хүний нөөц, үйл ажиллагаа, бизнесийн олон зөвлөгөө үйлчилгээг Монголын хувийн шүдний эмнэлгүүдийн нэгдсэн Холбоо НҮТББ нийгэмдээ хүргэж ажилладаг юм байна.
 


Гадаадын улс орнууд ирээдүйн хүний нөөц буюу хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд багаас нь анхаардаг. Тэр ч байтугай тухайн хүүхэд ямар мэргэжил эзэмшвэл тухайн салбартаа үр бүтээлтэй ажиллах вэ гэдгийг тестийн аргаар тодорхойлдог. Энэ мэтээс манайх шиг цөөн хүн амтай улс суралцах нь зөв гэж тэрбээр үздэг юм байна. Ийм соёлыг нийгэмд түгээхийн төлөө тэрбээр ажил, амьдралынхаа хэдэн жилийг зориулжээ. Том зургаар нь харвал, Монгол Улсад хамгийн ихээр тулгамдаж байгаа хүний нөөцийн асуудлыг яаж шийдэх вэ, өөрийн зүгээс ямар хувь нэмэр оруулах вэ, эзэмшсэн мэргэжил боловсролоо үүнд яаж зориулах вэ гэдэг гарцыг олоод хэр хэмжээ, өөрт байгаа боломж нөхцлөө шавхан ажиллажээ, Ч.Чинзориг. Өнөөдөр Монгол Улсад маш олон урт, богино хугацааны мэдэх, мэдэхгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Байхгүй байгаа дэвшилтэт санаа, арга аргачлалыг харин тэрбээр нэвтрүүлэхийг оролдож байна. “Гурвалсан морь”-той Ч.Чинзориг шиг залуус улс, эх орныхоо хөгжлийн түүчээ болох биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top