Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн урсгал зардлыг 14.3 тэрбумаар нэмжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 23

Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдрийн /2024.10.22/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр,  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформ, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  Ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны бүтэн жил учраас ирэх оны төсвийг бүсчилсэн хөгжилд шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс онцлогтой юм.  Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд, төсвийн нийт зарлага 35.8 их наяд, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар байна гэв.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд аудитын өгсөн дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням танилцуулсан.

Тэрбээр "Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тус байнгын хороонд хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг танилцууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төвлөрүүлэх орлогын төсвийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Төрийн албаны зөвлөлийн орлогыг 0.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн байна. Нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 73.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь дараах шалтгаантай байна. Үүнд, УИХ-ын даргын төсвийн багцын урсгал зардлын төсвийг 55.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 175.4 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшил 23.6 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамж 4.8 тэрбум, бараа үйлчилгээний бусад зардал 14.9 тэрбум, бусад урсгал шилжүүлэг 1.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэнтэй холбоотой байна. Хөрөнгө оруулалтын төсвийг 2 төсөл, арга хэмжээнд нийт 15.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. 

Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн багцын урсгал зардлын төсвийг 14.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 21.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшил 2.5 тэрбум, эд хогшил, урсгал засварын зардал 1.1 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамж 6.8 тэрбум, төгрөгөөр тус тус нэмэгдсэнтэй холбоотой байна.

Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн багцын урсгал зардлын төсвийг 10.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 55.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшил 8.8 тэрбум, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 1.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэнтэй холбоотой байна.

Хөрөнгө оруулалтын төсвийг 2 төсөл, арга хэмжээнд нийт 2.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэж байна" гэв.
 



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Г.Очирбат нар асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Очирбатын "Төрийн албаны зөвлөлийн 2025 оны төсвийн төсөлд 2024 оны төсвөөс 14,3 тэрбум төгрөг буюу 80 гаруй хувиар өссөн байна. Төрийн албан хаагчийн хүний нөөцийн бүтэц ямар түвшинд байна вэ, төсөв нэмэгдэх хэрээр төрийн алба хэрхэн чадавхжих вэ" гэсэн асуултад Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн "Төрийн албаны хүний нөөцийн нэгдсэн тоо бүртгэлийг тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгодог. Энэ 10 дугаар сарын байдлаар 4271 төрийн байгууллагад 228 820 төрийн албан хаагч ажиллаж байна. Эдгээр төрийн албан хаагчдын 1,7 хувь нь улс төрийн албан хаагчид, 10 хувь нь төрийн захиргааны албан хаагч, 20 хувь нь төрийн тусгай албан хаагч, үлдсэн 68 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Төрийн албан хаагчдын дундаж нас сүүлийн 3 жил залуужиж, 38,6 болсон. Төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл байдалд анхаарах хэрэгтэй байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн 40 хувийг төрийн албанд оруулж байна. Төрийн албаны хүний нөөцийн хөдөлгөөнийг эргэлтэд оруулах, залуучуудыг төрийн албанд мерит зарчмаар ажиллуулахын тулд хичээн ажиллаж байна. Хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцооны цахим системийн дэд бүтцийн болон тоон системд шинэчлэл хийхийн тулд хөрөнгө нэмж төсөвлөсөн" гэв.  

Тус байнгын хороо ийнхүү Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Ёс зүй, дэгийн байнгын  хороо үргэлжлүүлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон олонх гишүүдийн саналаар тус ажлын хэсгийг байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа.
 


Байнгын хорооны хуралдаан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Золжаргалаас Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын гишүүн төрийн бус байгууллагын хамтын шийдвэр гаргахаас бусад удирдах албан тушаал эрхлэх”-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа талаар ирүүлсэн өргөдлийн талаар хэлэлцэв. 

Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаас “Гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг байнгын хорооны дарга хүлээн авч байнгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлнэ” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн А.Ариунзаяад хянуулахаар хүргүүлсэн байна.

УИХ-ын гишүүн  А.Ариунзаяа уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай биечлэн  уулзаж, тайлбар авсан тухайгаа танилцуулсан юм.

Тэрбээр "УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий зөвлөлдөө гаргасан байна. Ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаагийн их хурал хийх боломжгүй тул дараа жил их хурлаа зарлана гэж шийдвэрлэсэн. Харин БНСУ-д МҮЭ-ийн урилгаар, мөн Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүний хувиар ажилласан гэсэн тайлбар өгсөн хэмээлээ. Хөдөлмөрийн 3 талт хэлэлцээрт өмнө нь хариуцан ажиллаж байсны хувьд тайлбар өгч оролцсон гэж тайлбарласан гээд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх өргөдлөө нэн яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай" гэдгийг тэмдэглэн хэлсэн.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мөн “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, Байнгын хорооны хуралдаанд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11.1.1-д заасны дагуу “сануулах” сахилгын хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна гэв. Энэхүү тайлбартай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, ёс зүйн хариуцлага тооцох эсэхийг эргэн харах талаар саналаа илэрхийллээ.

Байнгын хороо энэхүү асуудлыг хэлэлцээд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсгийг зөрчсөн байх тул УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат-д “сануулга өгөх” сахилгын хариуцлага ногдуулах нь зүйтэй гэж үзэн, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top