Д.Тайвансайхан: Хамгийн ойрын буян бол зул өргөх ёсон

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 10 сарын 24

Өчигдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж замбуу тив буюу энэ дэлхийд залран ирсэн хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэглэжээ. Энэ тухай Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин хийдийн тэргүүн, гэвш Д.Тайвансайхантай ярилцлаа.


-Эхийн ачийг хариулах дүйчин өдөр хүмүүс юуг анхаарч, ямар дэг ёсыг сахих нь зүйтэй бол. Бурханы номд юу гэж айлдсан байдаг вэ?

-Намрын адаг сарын шинийн 22-нд Бурхан багш тэнгэрээс заларсан Лхалаа Вавын дүйчэн өдөр тохиодог. Энэ өдөр хүн болгон эхийн ачийг санаж буян үйлдэх учиртай. Нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган тухайн өдрийг өнгөрүүлэх, Ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж бурханы номд үздэг. Учир нь Бурхан багш ээжийгээ нас нөгчихөд манай гарагаас гурван үе дээш орших Төгсбаясгалант Гандангийн буюу 33 тэнгэрийн оронд заларч 49 хоног хойтын буяныг үйлдэж “Хайлан” хэмээх хурал, бясалгалыг гүйцээн эх нутагтаа бууж ирсэн гэдэг.Тэгснээрээ оюуны гайхамшиг дор биеэрээ орон зайг туулж болдгийг илт харуулсан хэмээн бурхны номд өгүүлдэг.

Бурхан багш ийнхүү өөрийн биеэр үзэж, туулсны эцэст амьтан болгоныг энэрч эх болсон зургаан зүйлд хувааж сургаал номлолоо айлдсан гэдэг. Түүнд “Хүн болгон энэрэн нигүүлсэж, бусдыг хайрладаг болох хэрэгтэй. Бидний зорьж, мөн олон лам, ардуудтай нийлж уншлага буян хийж байгаа явдал нь бусад хүн, амьтанд тустай өгөөжтэй үйл юм. Бусад бүх хийд орон ч энэ зан үйлийг сайн гүйцэтгэх учиртай”  хэмээн сургасан байдаг юм.

-Тэгвэл Бурхны шашин дахь чойрын номуудад юуг гол болгож номлодог юм бэ? 

-Бурхны шашинд эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд залбирдаг. Эх болсон гэж юуг хэлж байна вэ гэвэл, хүмүүст ойлгуулахын тулд эх мэт санаж хайрлан хамгаал, шүт гэсэн утгатай. Энэ нь Бурхан багшийн амьд сургаал, зарлиг юм. Бурхан багш өөрөө  арилан дэлгэрсэн хүн. Зарим нь хүн биш бурхан гэж ярьдаг. Гэтэл хүн байгаад зогсохгүй, хаан язгуураасаа татгалзаж, зургаан жил хатуужил үзэж, өвчин зовлонд тарчилж, үхэл хагацалд нэрвэгдсэн хүмүүсийг харж, биеэр уулзаж, тэдэнд тусалж явсаар гэгээрлийн тухай  гайхамшигтай номыг зааж багшилсан. Номоо заахдаа хүмүүс бүх зүйлийг шууд сураад авчих бус, жишиж мэдэхийн ухаанд нэвтрэх  тухай чойрын хоёр номыг айлдсан байдаг. Онсом гэдэг нь илт  мэдэх,  Жийваг гэдэг нь жишиж мэдэх гэсэн утгатай. Аль, аль нь амьдралын агуу ухаанд суралцахыг айлдсан. Бурхан багш гэгээрлийн номоо айлдсаар бурхны хутгийг олж, Санжаа буюу арилан дэлгэрсэн гэсэн гайхамшигт нэрийг авсан түүхтэй.

-Бурхан багшийн ээж  түүнийг гурван настай байхад таалал төгссөн. Эхийнхээ ачийг санаж, буян үйлдэж 33 тэнгэрийн оронд очиж, 49 хоног “Хайлам” буюу  ам авсан тангараг сахиж, ном айлдсан байдаг гэж та түрүүнд хэлсэн. Эхийн ач хариулахын ерөөл оршсон тэнгэрийн орон гэдгийг жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-33 тэнгэрийн орон гэдэгт бидний дээрх тэнгэр, дэлхий ертөнцөөс дээш долоон орон бий. Түүний гурав дахь буюу Төгсбаясгалант Гандангийн оронд Майдарын гэгээн буюу сайн цагийн мянган бурхны тав дахь бурхан заларч байгаа газар юм. Тэр газраас анх бурхан багш хүний төрлийг олж, замбуу тивийн хүмүүсийн гай барцадыг нимгэлэх гэж ирсэн. Ээжийнхээ ач буяныг асар их санаж, амьтны зовлонг мэдэрч, зовсныг энэрч, асарч түүнийгээ бусдад ойлгуулахын тулд буяны ном айлдаж, залбирсан. Бүх  амьтныг эх мэт санаж энэрч хайрлахыг сургасан. Тиймээс бурхны номд аливаа амьтан байхад  заавал эх болох учиртай гэж үздэг. Түүнд хүн болгон арилан дэлгэрнэ, амьтан болгон арилан дэлгэрнэ. Амьтан болгон эхээс төрсөн байдаг. Аль нэгэн төрөлдөө заавал эх болдог гэсэн сургаал бий. Хүн болгон, амьтан бүгд ийм чадвартай. Амьтны зулзага ч гэсэн ээждээ тусалдаг шиг зургаан язгуурын амьтнаас хамгийн оюунлаг нь болох хүн аливаа зүйлийн зовлонг даадаг ч жаргалдаа ташуурч, эхийгээ гомдоож  болохгүй. Монголчууд бурхны сургаалаас ишлэн буян хийж чадвал бурхнаас хойт насны төрлөө авдаг гэлцдэг. Бусад амьтныг эх мэт үз гэсэн агуу сургаалын учир энэ. Амьтан болгоныг эх мэт үзэж, энэрч хайрлах юм бол бүгд амар жаргалтай, тайван сайхан амьдарч болох юм.

 

ЭХИЙН АЧ ХАРИУЛАХ ӨДӨР ГЭЛТГҮЙ БҮХИЙ Л ЦАГ ҮЕД БУЯН ХИЙЖ, БУСДЫГ ЭНЭРЧ ЯВАХ УЧИРТАЙ

 

-Бүх хүн  тэгж бодож, ижил ойлголтоор урагшилж  чадах болов уу?

-Хүмүүсийн олонхид өөриймсөх буюу минийрхэх  үзэл, бодол давамгайлдаг нь нууц биш. Энэ нь хүмүүс мунхгийн харанхуйд бүрхэгдсэнийх. Тиймээс мунхгийг арилгаж бүхнийг эх мэт үзэж, энэрч хайрла гэж сургасан байна шүү дээ, бурхан багш. Энэ сургаалыг айлдсаныхаа дараа Бурхан багш 33 тэнгэрийн орноос буцаж заларч ирсэн гэдэг. Энэ  нь түрүүнд миний хэлсэн  намрын адаг сарын 22 буюу Төвөдөөр Лхалаа Вав  гэж нэрлэдэг дүйчин өдөр юм. Бурхан багшийн онцгой чанарыг тэмдэглэж  шавь нар нь найман суваргыг  бүтээсэн. Тэр доторх шаттай суварга нь тэнгэрээс заларсныг  нь тийнхүү мөнхөлсөн хэрэг. Одоогийн шинжлэх ухаанд  гараг ертөнцөд  амьдрал бий эсэхийг судалж, нисэж оччихоод буцаж ирж байна. Тэгвэл, бурхан багш  хэдэн мянган жилийн тэртээ оюунаараа тэнд хүрч очоод буцаж ирсэн гэж түүхчилдэг. Тэрхүү нисэх чадварыг  бурхны номд рид хувилгаан гэж ярьдаг. Дэлхийн татах хүчийг нэвтэлж, бусад оронд зорчсон хэмээн тэмдэглэдэг нь ийм учиртай.

-Ганц Лхалаа Вавын өдөр гэлтгүй хүн болгон өдөр бүр ээжийгээ шүтэж залбирах ёстой болов уу?

-Тэгэлгүй яахав. Бусад өдөр ч гэсэн буян хийж, ач санаж явах ёстой. Жанчив Сэнбоъян буюу бодь сэтгэлтэй хүмүүс ингэж чадна. Түүнийг залгамжилж ном сурч байгаа лам нар мөн энэ талаар ихээхэн чадваржиж байна. Бусад хүмүүс тэрхүү чадварт хараахан хүрэхгүй ч өөр, өөрийн  сэтгэл санаа, оюун санаа, чадамжаараа бусдыг энэрч, тус хүргэж байх учиртай. “Миний ээж юм шүү” гэж бодож чадахгүй ч чадах чинээгээрээ тус дэм болж байх учиртай. Хүний тус гэж бурхны номд юуг хэлж байна гэвэл, гол нь өглөгт суурилж байдаг. Дээдийн өглөг номын өглөг, сэтгэлийн өглөг, эдийн өглөг гэж бий. Тэдгээрийг чадах чинээгээр бусдад өгч байх юм бол  эхийн ачийг  хариулсан сайхан буян гарна. Хамгийн ойрын буян бол зул өргөх байдаг шүү дээ. Зул өргөснөөр өнгөрсөн хүмүүсийн зам мөрийг гэрэлтүүлж байна гэсэн үг.  Мөн мунхгийн харанхуйгаас салж байгаа үйл  хэрэг. Энэ нь гэгээрэхүйн үндэс болж байдаг. Бусдад ном заах, амьдрал ахуйг нь дээшлүүлэх талаар зөвлөх зэрэг бусдад тусалж буй хэлбэр, өчнөөн янзын тусын нэгээхэн хэсэг, харамгүй сайхан өглөгийн нэг жишээ.  Гэтэл хүмүүс би зулын гол ороож чадахгүй, орон хийдэд очих завгүй гэх мэтээр жижиг шалтаг хэлээд сууж байдаг. Ингэж болохгүй, хүн болгон дор бүрдээ хичээх ёстой. Хүмүүс 30 нас хүрч үр хүүхэдтэй болж, үхэл зовлонтой учраад ирэхээрээ аливааг ойлгож, мэдэрдэг. Тэгвэл залуус амьдралд олон зүйлийг харж, сонсож байгаа шүү дээ. Тэрний өвөө таалал төгслөө, тэдний хүүхэд өнгөрсөн гэнэ гээд. Өөрт учраагүй ч тэрхүү учрал, тохиолыг өөрийн биеэр амссан мэт бодож, жишиж харьцуулах хэрэгтэй. Ингэж байж  амьдралыг ухаарна, бусдыг ойлгож энэрнэ. Өөрөө гэгээрнэ.

 

“ЭХИЙГЭЭ ХАЙРЛА” ГЭЖ СУРГАДАГ ШАШНЫ НОМ АЛЬ Ч ОРОНД БАЙХГҮЙ


-Өмнөх жилүүдэд эхийн ач хариулах  буяны өдөр Гандантэгчинлэн хийдэд очиход хүн цөөхөн байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Мунхгийн харанхуй гэж хэлнэ. Тэнд очиж мөнгө өг, өргөл барьц өргө гэж би хэлэхгүй. Гэхдээ яагаад ээж, аавынхаа хойтын буяныг бодож маанийн ерөөл уншуулж болдоггүй юм бэ. Гандан хийд болоод бусад сүм хийдэд Монголын ард түмний сэтгэл, оюунаар бүтсэн гайхамшгууд залаастай байгаа. Түүх дурсгалын зүйлүүд, нандин шүтээнүүдтэй  танилцах хэрэгтэй. Сүжиггүй байлаа ч сэтгэлээрээ тэнд очиж яагаад болохгүй гэж. Би түрүүнд хэлсэн. Ээж шиг минь гэж бусдыг энэрч хайрлаж чадахгүй ч гэсэн ээжийнхээ өмнөөс буян үйлдэж байна гэж бодож бие биеэ хайрлаж, дэмжиж тусалж байвал монгол орон, улс хөгжинө. Бурхан багшийн ном яагаад хүчтэй байсан гэвэл бүгдийг нэгэн үзүүрт сэтгэлд зангидаж чадаж байсан. “Эхийгээ хайрла” гэж сургадаг шашны номлол аль ч  оронд байхгүй. Ээжийгээ хайрлах тухайд олон ном гарсан, ганц түүнийг гэлтгүй сурах, аж төрж, амьдралын ухааны  номуудыг  унших хэрэгтэй. Арилан дэлгэрсэн, амьдралыг таньж ухаарсан бурхны ном сургаалыг уншвал хүмүүс гэгээрнэ. Монголчууд дэлхийд гайхагдсан Ганжуур, Данжуурыг бүтээсэн, одоо кирилл үсгээр буулгаж байна. Бүх мэдээлэл ил болсон энэ цагт  зугаа цэнгэл, найр наадмаа  багасгаж, ном унших, хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Бурхны номд эхийн ачийг хариулах тухай Молом тойны намтар гэж бий. Тэр домог уу, эсвэл жишиж ойлгох ёстой  сургаал  үлгэр үү?

-Бодит амьдралтай жишиж харьцуулж хэлсэн болсон явдал. Тамын орон гэж юу болохыг эхийгээ аврах замдаа үзэж, зовлонг туулсан тухай өгүүлдэг. Хэрэв тэр үр нь биш байсан бол өөр хүмүүсийн төлөө тэгж явахгүй л дээ. Тиймээс ээж гэдэг тийм агуу юм, би тэр агуу хүнээс мэндэлсэн учраас ачийг нь хариулах ёстой гэсэн сэтгэл гарч, замбуу тивээр явж там, бирдийн оронд очсон, судалсан. Тэр гай зовлонг биеэр амсаж, ээждээ туслах гэж яваа нь тухайн цаг үеүдэд нь тааруулан  хүмүүст ойлгуулах гэсэн нэг талаар сурталчилж ухуулсан үлгэр мэт боловч болсон явдал юм. Мөн улааны шашны номд “Мял Богд”-ын намтар гэж бий. Тэр хүн энэ насандаа бурхны хутгийг олсон.  Эхийн ачийг хариулах өчнөөн зан үйлийг хийж, түүнийгээ сургаал болгож үлдээсэн байдаг. Авга нар нь хамаг хөрөнгийг нь аваад явахад ээж нь түүнийг хараал сурч ир гэсэн байдаг. Хэдийгээр тэр ээжийнх нь зарлиг байсан боловч сүүлд нь гэмшиж ихээхэн буян номыг үйлдсэн байдаг. Гэхдээ ээждээ хар буруу санаагүй. Монголчууд уламжлалт шашнаар дамжуулан ээж, аав, бусад хүмүүсийг хайрлаж, энэрч, шүтэж байхыг сургаж ирсэн. Хэлмэгдүүлэлт, захиргаадалтын хүнд үеүдэд шашныг хязгаарлаж  байснаас энэ байдал саарсан. Сүүлийн үед хүүхэд, залуус ном үзэхгүй, бурханд сүсэглэхгүй, олонх нь шүтлэггүй, мухар сүсэг гэхчлэн ярьж байна. Бурхныг биш гэхэд эхийгээ шүтдэггүй хүн байж боломгүй. Эхийгээ шүтэх үзэл мухар сүсэг биш шүү дээ.

 

ДАРЬ ЭХҮҮД ХАМАГ АМЬТНЫГ АСАРЪЯ ГЭЖ ТАНГАРАГ ӨРГӨЖ БУРХАН БОЛСОН...

 

-Шашны номд эмэгтэй дүрээр дүрсэлсэн бурхад мөн л эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг энэрэх  утгатай юу?

-Дарь эхүүд гэхэд л би эх болж, хамаг амьтныг асаръя гэж тангараг өргөж, бурхан болсон гэж үздэг. Лхам бурхан гэж бий. Тэр бол Чойжин буюу номыг тэтгэсэн сахиус юм. Дарь эх бол найман хор хөнөөлийнг арилгах агуу шидтэй бурхан. Олон бурхдын дотроос би эх болж хамаг амьтны гай түйтгэрийг арилгая  гэж тангараг өргөсөн байдаг. Түүнийг дагаж 21 дарь эх гарч ирж олон хүний зовлонг тус тусад нь арилгахаар зохиол бүтээл туурвиж, уншлага, тарнийн хүчээр зорилгодоо  хүрсэн. Лхам бурхан ертөнцийг 3000 удаа тойрдог рид хувилгаантай. Битүүний шөнө түүнийг тахьдаг. Мөн сар болгоны шинийн 29-нд тахидаг. Тэр бурхныг тахиж байгаа нь өргөсөн тангарагийг нь биеүүлүүлэх гэж, нөгөө талаас бид бүхний санаатай, санаандгүй хйисэн үйлийн үрийг арилгах гэж түүнийг залдаг. Бурхандаа балин тахил адислан өргөж, санасан бодсоноо хэлж, Чойжин сахиусаар биелүүлдэг гэж үздэг. Ямар ч үед залбирахад Дарь эх авралаа маш хурдан хайрладаг. Чөтгөрийн хажуугаар хүүгээ тэврээд гарсан эх түүнээс хагас дутуу уншихад  хүүгээ мэнд авч гарсан гэж түүхчилдэг.

-Эхийн ач, буяныг хариулах тухай та бурхны номоос, ээж, аавынхаа сургаалиас бас олж авч, эзэмшсэн байх?

-Миний ээж, аав Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул. Би хар багадаа ээжээсээ өнчирч хоцорсон. Ээж минь лам хүний эхнэр болохоор уншлага номтой, 49-нийхөө жилийг давчихвал сайхан болно гэж өөдрөг сэтгэлтэй явдаг байсан. Харамсалтай нь тэрхүү 49 насныхаа босгыг давж чадаагүй.Ээжээсээ хойш эмэгтэй хүн гэлтгүй хэнийг ч баярлуулахыг хичээж. өглөгийг дээдэлж ирсэн. Оюутан байхад миний халаасанд байнга чихэр, бохь байдаг байлаа. Лам болсноос хойш би утлага, рашаан байхгүй бол айлд ордоггүй, зорьсон хүнтэйгээ уулзаж чаддаггүй болсон. Хөгшин настай хүн, ядарсан эмэгтэйчүүдэд тусалж, хүссэн номыг нь уншаад өгдөг. Өглөг, буяны зам мөрт орсных энэ дадлыг олж авсан байх. Сэтгэлийн болоод буяны, эдийн өглөгийг аль болох таслахгүйг хичээдэг. Бурхны номд өглөг бүү тасал гэсэн гайхамшигтай сургаал ч бий. Тэр дагуу байна. 

“Элээний сүүдэр дайрчихвал хүү минь үхнэ” гэж эх хүн амь хайрлахгүй өөрийн биеэр хааж байсан гэж домогт бий. Энэ байдал одоо амьдрал дээр ч байна. Шүүдрийн мянган дуслаар цай  чанаж өгөхөд ганц шөнө босож хөхүүлсний ачийг хариулдаг гэдэг. Эх хүн тийм их ачлалтай. Аав бол тэр болгонд харж асарч, сүйд болохгүй. Гэтэл эх хүний нинжин сэтгэл, хайрын дээд, эхийн сүү гэдэг юугаар ч орлуулшгүй гайхамшигт рашаан. Эхийн тухай монголчууд уран зохиол, түүх сургаалд олонтаа магтсан. Түүнийг гүйцэж хэлэх хүн гарахгүй биз. Тийм болохоор эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд гэж залбирдаг нь учиртай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top