Элэгний хавдрын өсөлтийг зогсоох арга илрүүлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 10 сарын 24

Европын молекулын биологичид хүүхдүүдэд голдуу тусдаг элэгний хавдрын хөнөөлт хэлбэр болох гепатобластомын эсийн өсөлтийг урьд нь нээсэн WNTinib богино молекулын тусламжтайгаар зогсоох боломжтой гэдгийг илрүүллээ гэж Европын хорт хавдрыг судлах, эмчлэх байгууллагын (EORTC) хэвлэлийн албанаас мэдээлжээ.

“Бидний бүтээсэн эм бэлдмэл хавдрын өсөлтийг ихээхэн удаашруулж, гепатобластомтой амьтны амьдрах хугацааг сунгаж байгааг клиникийн өмнөх гурван өөр загвар дээр бидний явуулсан туршилт харуулсан юм. Ийм хэлбэрийн хавдартай хүүхдүүдийн амьд гарах боломжийг ихээхэн нэмэгдүүлэх шинэ эмчилгээг бүтээх боломжтой гэдгийг энэ туршилт нотолж байна” гэж Испанийн Барселоны Их сургуулийн эмнэлгийн эрдэм шинжилгээний ажилтан Угне Бальсевичюте тэмдэглэсэн байна.

Өмнө нь Барселоны судлаачид болон АНУ-ын эрдэмтдийн элэгний хорт хавдрын эсийн гурван хэмжээст ургацаг дээр туршилт явуулахдаа нээсэн WNTinib бодисын туршилтууд хийхдээ Бальсевичюте болон бусад судлаачид дээрх дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтэд өөрсдийн бүтээсэн хорт хавдрын эсрэг регорафениб и сорафениб зэрэг эмтэй бүтцийн хувьд төстэй богино молекулууд хавдрын өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг туршилтын явцад ажигласан аж. Биологичдын нийлэгжүүлсэн молекулуудын нэг нь ДНХ-д нь CTNNB1 гений хувирал үүссэн элэгний хавдрын эсүүдийн өсөлтийг дарангуйлж байгааг туршилтууд харуулсан байна.

Хүүхдийн гепатобластом даамжрах үед гений бүтцэд ийм хувирал бараг үргэлж үүсдэг учраас эрдэмтэд хулганын биед суулгасан энэ хавдрын гурван өөр хэлбэрийн загварт WNTinib хэрхэн үйлчилж байгааг судлахаар шийдсэн ажээ. Уг бодис нь хавдрын өсөлтийг ойролцоогоор 23-46% удаашруулж байгааг болон ийм бодис тарьсан хулганууд тариулаагүй хулгануудаас дунджаар хоёр дахин илүү хугацаанд амьдарч буйг биологичдын явуулсан туршилтууд харуулсан байна. Тэр бүү хэл бодис тариулсан гурван хулгана гепатобластомын нэг дэд хэлбэрээс бүрэн ангижирч, ажиглалт эхэлснээс хойш гурван сар гаруй хугацаанд амьдарч чадсан бол бодис тариулаагүй хулганууд 20 хоноод үхсэн байна. Ойрын хугацаанд эрдэмтэд WNTinib бодис хавдрын эсүүдэд чухам яаж үйлчилж байгааг нарийвчлан тогтоохоор төлөвлөж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн тооцоогоор жил бүр ойролцоогоор 826 мянган хүнд элэгний янз бүрийн хэлбэрийн хорт хавдар илэрдэг болохоор энэ нь дэлхийн хамгийн их тархалттай хорт хавдрын хэлбэр болоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top