Хараа үл салгаж болох хариуцлага - Хүүхэд харах үйлчилгээ

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 11 сарын 01

Намрын сүүлч сарын нэгэн долоо хоногийг уйтай эхлүүлэв, Монголын эх үрс. Даваа гарагт ажил тарахын үеэр цахим орчинд “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах гэр цэцэрлэгт ой гаруйтай хүүхэд хахаж нас баржээ. Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид үзлэг хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар хүүхэд нас бараад удсан гэдэг мэдээлэл байна. Харин цагдаагийн байгууллагаас “Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024.10.28-ны өдөр 16:03 цагт “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1.2 настай, эрэгтэй хүүхэд нас барсан”  гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэдэг харамсалтай мэдээ сонстов. 

Өчигдөр болсон явдлын талаар хэвлэл мэдээллийнхэн Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад “Юуны өмнө ээж аав, элгэн саданд нь харамсал илэрхийлье. Их айхтар юм болсон. 1.2 настай хүүхэд нас барсан газар нь цэцэрлэг биш, зөвшөөрөлгүй хүүхэд харах үйлчилгээ явуулдаг газар байсан. Эцэг эхээс нь төлбөр аваад хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг хувийн өмчийн газар. Цагдаа дээр хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа” гэдэг тайлбарыг өгч байна. Цэцэрлэг нь зөвшөөрөлтэй байсан уу. Боловсролын яам үүн дээр хариуцлага хүлээхгүй юм бол хэн хүлээх вэ гэсэн утгатай асуултыг ч зарим нэг сурвалжлагч асууж байна. Эрдэнэт нэгэн үрийн амь үрэгдсэн байхад их л муухай, хахир яхир сонстож, чих шуугиж, эрүү зуурч байна... Хөндлөнгийн хүнд ийм байхад ээж аавд ямар байгааг хэлэх ч юм биш.

Хариуцлага... Хүүхэд харах үйлчилгээ бол хараа үл салгаж болох хариуцлагатай ажил. Даанч, харамсалтайгаар хүүхдийн амь эрстэж, бяцхан зүрх зогсов. “Хүүш ээ, цэцэрлэг биш гэж байна. Хүүхэд харах үйлчилгээ гэж байна”, “Цэцэрлэгийн багш нарыг анхны тусламж үзүүлж сургая”, “Нас нь болоогүй байхад яах гэж цэцэрлэгт өгсөн юм бол оо”, “Ажил хийхгүй гээд яах билээ, яаж амьдрах вэ”, “Багш нь юугаа хийж байсан юм бэ” гэх мэтээр өөр өөрийнхөө өнцөг, үзэл бодлоор асуудлыг хольж хутган хандаж байна, олон нийтийн зүгээс. Үнэндээ хөлд, хэлд ороогүй бяцхануудыг асарч тойглоно гэдэг цэцэрлэгийн насны хүүхэд харахаас өөр.

Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 ба түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли буюу хүүхэд асрах, сувилах үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байдаг. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байхаар заасан. Анги бүлгийг тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэжээ. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3600 хүүхэд хамрагдана, 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэнэ гэсэн судалгааг ч гаргаж байв. Харин одоо нөхцөл байдал ямар байна вэ. Орон сууц, барилга байшингийн булан тохой бүрд болсон болоогүй хүүхэд харах үйлчилгээ нэртэй ч зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй энэ мэтийн газар ямар ч анхаарал болгоомжгүй, хайнга байдлаар онцгой анхаарал халамж шаардлагатай бага, балчир насны хүүхдийг хэн нь мэдэгдэхгүй, амьдрахын эрхээр ажил хайгаад ирсэн дурын хүнээр харуулж байгаа юм биш биз. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт хаачсан бэ?

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top