WORLD BANK: Уур амьсгалын болон эдийн засгийн эрсдэлүүд 3 жил дараалан тохиолдвол Монголын эдийн засгийн 20%-ийг танах эрсдэлтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 10 сарын 30

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий дахин нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжихтэй холбоотой өвөрмөц сорилт, бэрхшээлтэй тулгараад байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвараа бэхжүүлэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатайн зэрэгцээ эдийн засгийн үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүч болох нүүрснээс хамаарах хамаарлаа бууруулах шаардлагатайг тодотгож байна хэмээн Дэлхийн Банк Группийн шинэ тайланд дурджээ.

"Уур амьсгал ба хөгжил" тайлан (УАХТ)-д байгаль орчны асуудлыг эдийн засгийн өсөлттэй зэрэгцүүлэн тавьж, Монгол Улсын  уур амьсгал болон хөгжлийн асуудалд чиглэсэн бодлого, стратегийг дэмжих цогц шинэчлэлийн арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй тусгасан байна.

Дэлхийн Банкны Хятад, Монгол болон Солонгос улс хариуцсан захирал Мара К.Уорвик “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээнүүд нь хялбар байхгүй боловч хөгжлийн чухал үр өгөөжийг бий болгох боломжийг Монгол Улсад олгож байна” хэмээгээд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг эдийн засгийн хөгжлийн зорилтуудтай зэрэгцүүлсэн, үр дүнтэй стратегийн бодлого нь Монгол Улсыг илүү төрөлжсөн, хүртээмжтэй, тэсвэртэй хөгжилд хүрэх замналд туслах юм” гэв.  

Хүйтний эрч чангарсан, хүчтэй салхи шуурга, цас мөс ихтэй зуд, үер усны аюул зэрэг байгалийн гамшигт үзэгдэл ойр ойрхон тохиолдож, улам бүр ноцтой болж байгаа нь иргэдийн амьжиргаа, улс орны хөгжлийн ахиц дэвшилд заналхийлж байна. Энэ зууны дунд үе гэхэд зуд, үерийн эрсдэл улам бүр төвөгтэй болж, цаг уурын эдгээр эрс тэс үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж болзошгүйг уур амьсгалын өөрчлөлтийн төсөөлөл харуулж байна.

Үүний зэрэгцээ Монгол Улс нүүрсний экспортоос хараат тул бусад улс орнууд чулуужсан түлшнээс татгалзаж, дэлхий дахинд нүүрсний эрэлт буурах үед энэ нь тус улсын эдийн засгийг эрсдэлд оруулахаар байна.

Симуляцын үр дүнгээс харахад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд хэдий магадлал багатай ч өндөр хор хохирол учруулах уур амьсгалын болон эдийн засгийн эрсдэлүүд гурван жил дараалан тохиолдвол Монгол Улсын эдийн засгийн 20 хувийг танах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, орлогыг бууруулах, илүү олон хүнийг ядуурал руу түлхэх эрсдэлтэй.

Олон Улсын Санхүүгийн Корпорацын Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Ким-Си Лим “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үйл ажиллагаа болон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ирэх 25 жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам.доллар (өнөөгийн ханшаар)-ын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай“ гэв. Тэрээр мөн "Төсөв, бодлогын шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлэх нь эрчим хүчний шилжилтийг хийхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулахад нэн чухал юм. ОУСК нь шинэлэг арга хэрэгсэл, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын тогтвортой санхүүжилтийг дэмжих болно” хэмээв.   

Тус тайланд ногоон шилжилтэд чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлт, 2030 он гэхэд суурь төсөөлөлтэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалтыг онцлоод, энэ нь 2010 оны түвшинтэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарал 122 хувиар өсөх дүн болохыг мөн дурджээ. Гэсэн хэдий ч Монгол Улс одоогоор нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд есдүгээрт жагсаж буй тул хүлэмжийн хийн ялгарлыг илүүтэй бууруулах, байгальд суурилсан нүүрстөрөгч шингээгчийг барьж байгуулах, экосистем, хүн ам, эдийн засгийнхаа цочрол, гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд илүүтэй хүчин чармайлт гаргах шаардлагатай байна.

Уг тайланд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг  бууруулах асуудлыг эдийн засгийн хөгжлийн зорилттой зэрэгцүүлсэн богино болон дунд хугацааны бодлогын цуврал арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shal hudalaa buraad (66.181.186.67) 2024 оны 10 сарын 30

hudalaa bideniig aolgaj nogoon ercim hvch geh balai bodologoo tulgaj bnaa.iim yunand onts ach holvogdol uguhgui baih heregtei dee.

0  |  0
Top