Анагаах ухааны доктор, дэд профессор, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн удирдлагын газрын дарга Д.Оюунбилэг гэж ирээдүйн эмч нарт эх оронч үзлийн жигүүр ургуулж яваа эрдэмтэн бүсгүй бий. Наран мандах нутаг, Уул Баянмөнх хайрхан, Уулбаян сумын уугуул тэрбээр нутагтаа ЕБС дүүргэж, сурагч байхдаа мэргэжлээ тодорхойлж өөрийгөө дайчлан суралцаж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нэгэн юм. Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа түүнийг онцоллоо.
-“Уулбаян нутгаас ургасан цэцэг, тэндээс жигүүрээ дэлгэж ниссэн шувуу ч гэж хэлж болох тийм өнлөрлөгт хүрч чадсан бүсгүй юм байна даа” гэж тантай ярилцахаар ирэх замдаа бодож явлаа. Сумынхаа сургуулиас эрдмийн аянд дөрөөлсөн гэж хэлсэн үг чинь бас их сайхан санагдлаа?
-Миний өвөөг Гомбосүрэн, эмээг минь Лхамсүрэн гэдэг, нутаг усныхандаа хүндлэгдсэн буурлууд байсан. Ээж минь Бумцэндийн Дуламсүрэн гэж сайхан эмэгтэй байлаа. 1991 онд манай ээж олон жил ажиллаж ирсэн АПУ ХК-аас гавьяаны амралтаа авч өвөөг асрахаар манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сум руу нүүж очиж байлаа.
Тэр бол намайг тавдугаар ангид орох жил тохиосон үйл явдал. Тэр үеэс эхлэн би Уулбаян сумынхаа ЕБС-д Сарангэрэл багшийн ангид орж суралцсан. Тэгэхээр хүүхэд ахуй нас минь Уулбаян суманд өнгөрсөн. Өнөөдрийн өдий зэрэгтэй ажиллаж, амьдарч яваагийн үндэс суурь бол яах аргагүй нутаг ус, багш нартай минь холбоотой гэж боддог. Тийм болохоор би сумынхаа сургуулиас эрдмийн аянд дөрөөлсөн гэж хэлэх, ярих дуртай. Учир нь Сарангэрэл багш маань химийн ухааныг зааж, Эрдэнэчимэг багш минь хөглөж, бүр цаашлаад Монгол Улсын гавьяат Ш.Адилбиш багшаараа химийн хичээл заалгаж, физик математикийн хичээлийг Шижирбаатар, Жамьянчанрав багш нарынхаа зааснаар сурч, эрдмээр жигүүрлэж, хүний их эмч мэргэжил эзэмшсэн. Улмаар нийгмийн эрүүл мэндийн магистр, анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, өнөөдөр дэд профессор цолтойгоор салбартаа олон шавь төрүүлэх, “Цагаан нөмрөгт баатар”-уудыг эрүүл мэндийн салбарт бэлтгэх их үйлсэд хамт олонтойгоо хамтдаа зүтгэж байна.
-“Ирээдүйн эмч нарт эх оронч үзлийн жигүүр ургуулж яваа эрдэмтэн бүсгүй шүү” гэж танаар бахархах хүн таны шавь нар дотор, эрүүл мэндийн салбарт олон таардаг юм байна. Эхлээд их гайхаж байлаа. Таны сургалтын гол зорилго яг юунд чиглэж байгааг сонирхоё?
-Хүний амьдралын хамгийн чухал, хамгийн эрхэм зүйл бол эрүүл мэнд. Энэ утгаараа бид эрүүл мэндийн салбарт бэлтгэгдэн гарч байгаа боловсон хүчний эрдэм мэдлэгийг хүн чанарын боловсролтой тэнцүү эзэмшүүлье гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна. 2021 оноос хойш Эрүүлийг хамгаалахыг гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор профессор Хүрэлбаатар багш санаачлан “Оюутны хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь оюутан залуус, ирээдүйн эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэн гаргахад хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч хичээнгүй, үлгэрлэгч, авьяаслаг, эрүүл байхаас гадна амьдралд сургах, хүн чанарын боловсролыг эзэмшүүлэхэд чиглэдэг. Хөтөлбөр маань дотроо эх оронч оюутан, үлгэрлэгч оюутан, эрүүл авьяаслаг оюутан, хөдөлмөрч оюутан гэсэн дэд хөтөлбөрүүдтэй. Үр дүн нь мэдэгдэхүйц ажиглагдаж байна. Судалгаагаар бидний зорилго биелсэн дүн гарч байгаад баяртай байгаа.
-Субьетив чиглэлд хандсан ажил юм гэж ойлголоо. Тэгэхээр тэр нь практикт буюу бодит байдалд ямар үр дүнгээр илэрч байх юм?
-Энэ хөтөлбөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн зургаан их сургуулийн хүрээнд “Жишиг хөтөлбөр” болон хэрэгжиж байгаа. Ялангуяа цус хандивлах аяны хүрээнд “Дусал цус дүүрэн амьдрал” аяныг дөрвөн жил дараалан зохион байгуулж, давтагдсан тоогоор 30 гаруй байгууллага хамт олны цусыг авч Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хандивласнаар гурван мянга гаруй иргэний амийг аварсан түүхэн онцгой үйл явдлыг бид бүтээсэн. Мөн ”Дархан хил” аяллыг зохион байгуулсан. Эх орноороо бахархах эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд үр дүнтэй аялал болсон. Энэ аялалд явахдаа залуус зүгээр л нэг автобусанд сууж яваад аялаад ирнэ гэж бодсон бол ирэхдээ сэтгэл нь хөдөлсөн, эх оронч сэтгэлтэй болж ирсэн нь илэрхий мэдрэгдсэн.
-Тухайлбал?
-Нэг жишээ хэлэхэд, манай нэг шавь өмнө нь гадагшаа явна гэж бодож байгаа гэж ярьж байсан юм. Аялалд явж ирсний дараа “Багш аа, би гадагшаа явахгүй. Хөдөө сумаас эхлэн эх орондоо ажиллаж амьдарна. Тэр тусмаа хил хамгаалах байгууллагад их эмчээр ажиллана” гэж үзэл бодол нь өөрчлөгдсөн байсан. “Эх оронч байна гэдэг нь эзэмшсэн мэргэжилдээ төдийгүй хариуцсан ажилдаа хариуцлагатай байж, чин сэтгэлээсээ ажиллахыг хэлнэ. Бид хэтэрхий том зүйлийг бодож мөрөөдөж байдаг байжээ. Би эх орондоо өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн дагуу бүр сумаас эхлэн ажиллах нь зүйтэй юм байна. Энэ бол миний эх орондоо оруулж байгаа хамгийн чухал үнэтэй хувь нэмэр юм байна, үүнийг би ойлголоо. Нөгөө талаар эх орныхоо хилийг манаж байгаа эр цэргүүдээрээ их бахархлаа. Тэд бидний амар амгалан, эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар зүтгэж байгааг нүдээрээ харлаа” гэж ярихыг нь сонсоод бидний зохион байгуулж байгаа ажил үр дүнтэй байна гэдгийг мэдэрч их баярласан.
-Нөгөө талаас эрдэм мэдлэгтэй байхаас гадна хүнлэг энэрэнгүй байх нь эмнэлгийн мэргэжилтний маш чухал чанар гэж та түрүүнд хэлсэн?
-Бид бэлтгэж байгаа болон төгсөөд ажлын талбарт гарч байгаа боловсон хүчин, оюутнууддаа нэг л зүйлийг хэлдэг. Эмчлүүлж байгаа өвчтөнөө өөрийн хайртай ээж аав мэт санаж эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг ийм “Цагаан нөмрөгт баатрууд” байгаарай. Нөгөө талаас багаар ажилладаг, бие биеэ дэмждэг, тусладаг нөхөрсөг байгаарай гэдгийг захиж байдаг даа. Эзэмшсэн мэргэжил хариуцаж байгаа ажлаараа ямар ч хүн бахархах сэтгэл төрдөг. Бидний бахархал бол энэ.
-Та ажлын анхны гарааг хаанаас эхлүүлж байв. АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн удирдлагын газрын даргаар хэзээнээс ажиллав?
-Мэргэжлээрээ ажиллах анхны гарааг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн төвөөс эхлүүлсэн. Тэндээсээ хотод шилжиж ирсэн. АУШУҮИС-ийн Оюутны хөгжлийн удирдлагын газрын даргын албыг хашаад гурван жил болж байна. Ер нь бол 20 жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаагийн 17 жилд нь багшилж, олон мянган шавь төрүүлжээ. Шавь нар маань салбартаа нэр хүндтэй, мэргэжилдээ хариуцлагатай, амжилттай, үр бүтээлтэй явааг хараад багш хүний хувьд баярлаж байдаг даа.
-Та ээж ааваас хэдүүлээ вэ, нийгмийн аль салбарт ажил хөдөлмөр эрхэлж байна?
-Бид гарын таван хуруу шиг эхээс тавуулаа, бүгд хүн ардынхаа сайн сайхны төлөө, нийгмийн салбарт гар бие оролцон ажиллаж, амьдарч байна.
-Өвөө, эмээгийнхээ тухай дурсамжаас юуг нь онцлох бол?
-Хайртай өвөөгөө дурдахгүй, дурсахгүй байхын аргагүй. Бидний өвөө лам хүн байсан. Нутгийнхан бол “Хөл” Гомбосүрэн гэж авгайлдаг. Их олон судар номыг төвд хэлнээс монгол руу орчуулсан, тухайн үеийн эрдэмтэн гүүш байсан гэлцдэг. Би эрдмийн зэрэг цол хамгаалж байхдаа удам дамжсан номын абшиг болов уу гэж бодож байсан. Манай өвөө миний дээд талын Гантөмөр ах бид хоёрт төвөд хэл зааж өгөх гэж бидний араас уйгагүй хөөцөлддөг хүн байлаа. Эхлээд “Ороод ир номоо үз” гэнэ, очихгүй байвал гартаа барьдаг жижигхэн суран ташуураа барьсаар гарч ирээд “Хаана байна” гэхэд нь тэр дуунаар бид гэр тойроод зугтдаг байлаа. Тэгэхээр өвөө минь ташураараа ташуурдахгүй ч гэсэн орж номоо үз гэж хатуу шаарддагсан. Өвөө минь бидэнд эрдэм ном сургахад тэгж их анхаарч байхад “үнээгээ саахаар гарлаа”, “тугалдаа явлаа” гээд арга саам хийж, зугатаж явсандаа одоо би харамсдаг юм. Гэхдээ тэр л үеэс сууж сурах, эрдэмд шамдах эхлэлийг өвөө минь тавьж өгчээ гэж одоо боддог. Өвөөгийн өмнө очиж суугаад “Хагархай Га, Ха” гэж ирээд л уншихад буруу дуудаж байна, тэгж унш, ингэж унш гээд заадаг байлаа. Миний өвөө эрдэм мэдлэгтэй, бас зоос татаж мэргэлдэг хүн байсныг нутгийнхан андахгүй.
-Бас танай ээжийг зочломтгой, орсон гарсанд дуутай, цайтай сайхан хүн байсан гэж нутгийн хүмүүс хэлдэг юм билээ?
-Манай ээж, эмээ хоёр бол нутгийнхандаа цай хоолоороо, ааш аягаараа магтагдаж хүндлэгдсэн сайхан бүсгүйчүүд байсан. Хааяа би амралтаараа нутгаа зориод очиход хүмүүс “Чи хэний хүүхэд вэ” гэж асуудаг. “Дуламсүрэнгийн охин байнаа” гэхээр “Өө нөгөө, “хөл” Гомбосүрэн гуайн охин уу, танай ээж сайхан ааштай, сайхан хоол цайтай хүн байсан шүү.. Зах үзээлийн хүнд хэцүү үед ороод очиход хийсэн хоолоо орсон гарсан бүх хүнд хүртээж өгдөг өглөгч хүн байсан. Бидэнд өгөхгүй хүүхдүүдээ хооллож ундлаад явбал болох тийм хүнд үе байхад барьсан талхаа ч хуваагаад хотныхоо айлуудад өгчихдөг өгөөмөр хүн байсан” гэж нутгийн настай буурайнууд ам уралдан ярьдагсан. Тэр үеийн хүүхдүүд, манай үеийнхэн бол манайхаар очих их дутай. Ээж минь тухайн үед модон торхтой, тэр дотроосоо ховор нандин чихэр жимс гаргаад тарааж өгдөг байлаа. Манай үеийнхэн тэрийг нь авах гэж их очдог байж. Орсон хүүхэд бүрийн алгыг дээш харуулж, гурван чихэр, ааруул хурууд гээд юу байгаагаа өгнө. Эсвэл савласан цагаан самар ч юм уу өгнө. Тэрийг авах гэж өдөр болгон танайх руу очдог байсан гэж одоо ч манай найзууд, үеийнхэн дурдаг юм. Бас “Дууяа эгчийн бүрсэн тараг мөн ч амттай шүү” гэлцдэг байлаа. Энгэ ташрамд эмээ өвөө, ээж аваа ярихын сацуу сайхан нутаг усаараа бахархахгүй, ярихгүй байхын аргагүй юм даа. Хүнийг түшиж байдаг зүйл нь нутаг, уул ус нь байдаг гэдгийг нас яваад ирэхээр л мэдэрдэг юм байна. Залуу байхад настай хүмүүсийн ингэж ярихыг төдий л анзаарахгүй, үл ойшоосон байдалтай өнгөрүүлдэг байж. Сүүлийн үед яалт ч үгүй нутаг ус бодогддог болжээ. Би өглөө бүр сүү цайныхаа дээжийг нутгийн зүг өргөдөг. Төвлөрсөн газар эргэн тойрон цементэн талбай дээр сүү өргөхөөр сэтгэл ханамж төдийлөн авдаггүй. Хөдөө гадаа явахдаа цай сүүний дээжээ сэтгэлдээ хүртэл өргөж, байгаль дэлхийдээ залбирч явдаг даа. Байгаль, газар шороондоо идээ будаа, сүү цайны дээжээ өргөх л хамгаас сайхан. Энэ бол хүний нас явж ухаан суухад өөрийн эрхгүй нэхэгдэж хийж байдаг жаяг, зан үйл байх.
-Нутагтайгаа хэр холбоотой байдаг вэ. Очдог уу?
-Боломж гарах бүрт очилгүй яах вэ. Өнгөрсөн жил манай нутгийнхан сумаасаа төрж гарсан докторуудад хүндэтгэл үзүүлэх ёслол зохион байгуулсан юм. Хөдөө аж ахуйн ухааны доктор Норовсүрэн, монгол хэлбичгийн ухааны доктор Дорждуламрагчаа нарыг болон намайг урьж, ЕБС-ийн сурагчид, одоо ажиллаж байгаа болон ахмад багш нартай уулзуулж, сайхан уулзалт зохион байгуулсан.
Маш сайхан, их ч дурсамжтай уулзалт болсон. Би олон уулзалтад оролцож байсан, тэр дундаас сумандаа, төрөлх сургуульдаа очсон минь хүүхэд насандаа эргэж очих мэт, амьдралын зам мөрийг зуралцсан багш нартайгаа уулзсан хамгийн нандин мөч байсан. Хүний амьдралд хийсэн бүтээснээс илүү дурсамжтай үйл явдлууд үлддэг юм билээ. Энэ ташрамд Уулбаян сумын нутгийн зөвлөл, халуун дулаанаар хүлээж асан ЕБС-ийн сургуулийн Эрдэнэчимэг захиралтай хамт олон, багш нар, сурагчдад халуун талархал илэрхийлье. Нутгийнхандаа халуун мэндчилгээ дэвшүүлье.
Сэтгэгдэл ( 0 )