Байцаалтын өрөөнд яриа бичдэг төхөөрөмжийг засварлах боломжгүй болгоно

2024 оны 11 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гурав дах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүн ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.


 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

Улсын төсвийн алдагдлыг бууруулах хэрэгтэй. Үр ашиггүй, бууруулж, хэмнэж болох зардлыг хэмнэх санал гаргаж байна. Өөрөөр хэлбэл, бусаар гүйцэлдүүлэх ажил, үйлчилгээний зардал  юм. Улсын төсөв 35.8 их наяд төгрөг бий. Энэ дотор 1.9 их наяд төгрөг нь бусдаар гүйцэлдүүлэх, ажил үйлчилгээ байна. Үндсэндээ улсын төсвийн чинь таван хувь нь бусдаар гүйцэлдүүлэх ажил, үйлчилгээний зардал боллоо. Энэ бол УИХ-ын онцгой анхаарал хандуулах ёстой зардал болж хувирч байна. Тоо худлаа ярьдаггүй. Үндсэндээ 2017 онд 324 тэрбум төгрөг байсан бусдаар гүйцэлдүүлэх, ажил үйлчилгээний зардал өнөөдөр 1.9 их наяд төгрөг болсон байна. Зургаа дахин нэмэгдсэн байна. Энэ эрүүл өсөлт үү, зөв үү. Нөгөө төсвийн үр ашиг, сахилга бат гэдэг нь хаана байна вэ. Энэ бол хуулийн этгээдээр, гэрээгээр гүйцэлдүүлэх зардал юм. Магадгүй хурал зөвлөгөөн, зөвлөх үйлчилгээний зардал байна шүү.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

Зарлага, урсгал зардал дээр дэд ажлын хэсэг байгуулж хянасан, Б.Түвшин гишүүн ахалсан. Сумын халаалт ч явж байх шиг. Г.Тэмүүлэн гишүүний хэлээд байгаа шиг гуравдагч этгээдээр гүйцэлдүүлэх зардал биш юм билээ. Энэ зардлаас 32 тэрбум төгрөгийг л хасах нь зөв гэж үзсэн. Нийтдээ энэ төсөв чинь гурав дахин өссөн байна. Үүнийг судалж үзэхгүй бол болохгүй. Энэ байдлаараа боловсролын салбарын 30 хувийг хасахаар доголдоод л явчихна. Бид танах гэж үзсэн, боломжгүй юм билээ.

УИХ-ын гишүүн Б.ТҮВШИН:

Тэгэхээр 2024 онд бусдаар гүйцэлдүүлэх ажлын зардал нэг их наяд төгрөг байсан. Ирэх 2025 онд 1.4 их наяд төгрөг болж орж ирсэн. Үндсэндээ 39 хувийн нэмэлттэй болж орж ирсэн. Тэгэхээр бүхэлдээ урсгал зардал асар их нэмэгдээд төрийн бүтээмж буурч байна. Өмнөх оны аудитын дүгнэлтийг харахад төсвийн урсгал зардал их дүнтэй байна. Энд тэнд ууж, идсэн асар их асуудал байна. Зардлын нэр төрөл бүрээр үзэхэд хүндрэлтэй байдаг. Урсгал зардлын нэмэгдлийг 30 хувь хасах ёстой. Засгийн газар өөрөө оруулж ирэх ёстой юм. Бүхэлд нь хасахад боломжгүй, үйл ажиллагааг гацаагаад байна. Тэгэхээр урсгал зардлыг хасч оруулж ирээч ээ гэж байгаа юм. Агуулгын хувьд Г.Тэмүүлэн гишүүнтэй санал нэг байна.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

Энэ жилийн дүн өссөн нь гадаад зээлийн ашиглалтад явж байгаа болохоор өсөлттэй гарч ирж байна. Бид гадаад зээлээр явж байгаа томоохон зээлээ бүгдийг нь хурдан дуусгая гэж ярьсан. Зээл ашиглалт нэмэгдэхэд бусдаар гүйцэлдүүлэх зардал өсөөд байгаа юм. Жишээ нь, хөдөө аж ахуйн яам дээр вакцин бий. Үүнийг төрийн албан хаагч хийхгүй, хувийн компани хийдэг. Ийм ажил руугаа л шилжиж байгаа гэсэн үг. Одоо 360 сумын халаалт байна. Тэр халаалтыг худалдаж авна. Үдийн цай байна. Хоол, үйлчилгээг худалдаж авна, төр хийх шаардлагагүй. Тэдгээр мөнгө нь хувийн секторт л шилжиж байгаа мөнгө юм. Нэг хувь хасч болно, хоёр хувь хасч болно. Ойлгож болно. Харин 30 хувь гэдэг бол Засгийн газрынхаа гурван ажлын нэгийнх нь хөлийг тушиж байгаагаас ялгаагүй. Ийм эрсдэл байж болохгүй, зөв талаас нь харах хэрэгтэй шүү.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.АЛТАНГЭРЭЛ:

Сайд нар болгонд л асуудал байгаа байх. Манай салбарт бусдаар гүйцэлдүүлэх ажлын зардал гээд өгөхөд Сангийн яам дээр танаад ороод ирсэн. Өнөөдөр цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын өрөөнүүдийг камертай, хүний яриаг автоматаар бичдэг, засварлах боломжгүй болгон шинэчилж байна. Үүнийг төр хийж чадахгүй. Бид хувийн хэвшлээс худалдаж авахаас өөр аргагүй. Энэ төсвөө оруулж ирсэн. Эргүүл хийгээд явж байгаа цагдаагийн бүх машиныг даатгаж байна. Даатгалгүй машинд суугаад яв гээд явуулах уу, боломжгүй.

Шадар сайд Т.ДОРЖХАНД:

Монгол Улс хөгжиж байгаа эдийн засагтай. Гадна, дотроосоо мөнгө босгодог. Монгол Улсын түүхэнд анх удаагаа олон улсын валютын сан эдийн засгийн өсөлтийг долоон хувь болгосон, хэзээ ч тийм зүйл байгаагүй. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засгийн өсөлтийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:

Д.Амарбаясгалан дарга аа, хуулиа бид хэрэгжүүлэх юм уу үгүй юм уу. Зураг төсөвгүй хоёр барилга барих гэж байна. Сангийн сайд аа, би юм зохиогоогүй. Магадлалд ороогүй 14 зам, талбайн төсөл байна. Цаагуураа 2, 3 тэрбумыг тавьчих гээд хоорондоо ярилцдаг юм шиг байгаа юм. Төрд оролцох, оролцохгүй асуудал гэж байдаг биз дээ. Дуртай юм аа л хийгээд явах юм. Би Гадаад яаманд ажиллаж байсан. Зарчим барих хэрэгтэй биз дээ. Гадаад яамны дэргэдэх соёлын төв барьж яах гээд байгаа юм бэ. Хуулиа дагаад яагаад зураг төслөө хийгээгүй юм. Магадланд яагаад ороогүй юм. Одоо энэ үед 13 тэрбумаар барилга барьж төсөвт дарамт учруулж яах гэсэн юм. Зарчмаа барь л даа.

Тэргүүн Шадар сайд Л.ГАНТӨМӨР:

Төсвийн орлого, зарлага өсөж байгаа. Гэхдээ тэнцвэржүүлсэн зарлагаа орлогоос 1.9 их наяд төгрөгөөр багаар тооцоолж тусгасан. Тиймээс Монгол Улсын төсөв ашигтай батлагдаж байгаа. Ер нь бол энэ их тэлэлт Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхийн төлөө л байгаа. Үндсэндээ 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотод хийж байна. НИТХ-аар батлагдаж байгаа төслүүдийг бид анхаарах ёстой. Энд мөнгө тавиад байдаг, тэнд ажил явах л ёстой.

УИХ-ын гишүүн О.НОМИНЧИМЭГ:

Ах нар одоо болимоор байна. АН-ын Б.Пүрэвдорж гишүүн үргэлжилж байгаа ажлаас төсөв авч шинэ ажил эхлүүлнэ. Тэр нь өчигдөр санал хураалтаар дэмжигдээгүй байхад Тамгын газраас дэг байхгүй ээ гээд байхад дэг зөрчин маасайж байгаад дахин санал хураалгалаа. Ийм ч УИХ-ын дэд даргатай байх гэж.

УИХ-ын гишүүн Б.БАТБААТАР:

Дотоодын нийт бүтээгдэхүүн 90 их наяд төгрөг болно гэж төсөөлөхөд засаг барьж байгаа намууд сонгуулийнхаа амлалтаар 25 хувиас хэтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Уг амлалтыг байнга сануулна. Улсын төсөв 35,8 их наяд. Гэтэл мөнгөний нийлүүлэлт нь 42 их наяд буюу бараг 85 хувь нь улсын төсөвтэй холбогдоод байна. Төв банк нь бодлогын хүүгээ өсгөхөөр арилжааны банкууд төв банк руугаа хадгаламжаа байршуулдаг. Тэгэхээр иргэдийн сайн сайхан ажиллаж амьдарч, бүтээх боломж нь мөнгөний эргэлтээр дутагдаж байна. Төсөв болон түүнийг дагаж байгаа хуулиудад иргэд төсвөөс буюу төрийн өмчит байгууллагаас хамааралтай байхаар зээлийн хүү өндөрсөнө. Үүнийг яаж шийдэх боломжтой вэ. Бүсчилсэн хөгжлөө дэмжихээс илүү улс төрийн амлалтаа л биелүүлэх гэсэн хөрөнгө оруулалт болон бусад зүйл нь харагдаад байна.

УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:

Би соёл урлагт дургүйдээ биш. Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байгаа юм уу. Эцэг эхчүүдийн ажил орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Олон улсын байгууллага өсвөр үеийнхэндээ ваучер тараа, тэгвэл амиа хорлолт  багасан гэж яриагүй байх. Хүнээр юмаа даалгуулан гэдэг соёлгүй үзэл. Ийм сэтгэлгээнд дөнгөж 18 нас хүрэх гэж буй залуучуудыг сургаж, соёлгүй болгох гэж байна. Аудитын дүгнэлтэд хэдэн төгрөг тараах Засгийн газрын журам байхгүй гэж байсан. Залуучуудад хүчээр юм үзүүлэх гэж байгаа юм уу. Дөрвөн жил 18 тэрбум төгрөг тараах уу. Үүнийг болиод хавдрын эмнэлэг баръя. Энэ мөнгийг залуучууд авлаа гээд соёлжиж, гэгээрэхгүй.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.НОМИН: Боломжтой айлын хүүхдүүдэд шаардлагагүй зүйл байх. АН-ынхан 30 мянган төгрөгийг сар бүр хүүхдэд өгөхөөр явж байсан. Тандан судалгаанд 19.5 мянган хүүхэд оролцож 94 хувь нь хэрэгцээтэй байна гэж үзсэн. Өсвөр насны хүүхдүүд санхүүгийн боломжгүй байна. Учир нь, нийт хүүхдийн 70 хувь нь соёлын болон спортын арга хэмжээнд оролцож чадахгүй байна.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

Монголд мөнгөнөөс их юм алга. Юунд зарцуулах тал дээр бодлого алга байна. Өмнө нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа шүүхийнхнийг үүдэндээ суулгаад тамладаг байсан. Д.Цогтбаатар, Б.Энхбаяр бид хэд нийлээд "Шүүх засаглал чинь нэг сайдаас мөнгө гуйдаг байвал яаж цааш явах вэ дээ" гээд  татаж байсан юм. Одоо манай гишүүд эрхээ эдлэх эрхтэй. Улсын төсөв бол Б.Жавхлангийн мөнгө биш татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой зүйлд нь зарцуулах эрхээ эдэлмээр байна. 

УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

Ирэх 2025 оны төсвийг баталсны дараа хуулийн төсөл боловсруулахаас өргөн барих, батлах хүртэлх шатны хугацааны асуудалд бүх шатны байгууллагын төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулна. Ирэх оноос Засгийн газрын 2024 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг УИХ-д өргөн барих төслүүдийн цаг хугацааны интервалыг зөв болгохгүй бол хоорондын уялдаа холбоо сул байгаагаас үүдэж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа уялдаж явахгүй байна. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө том зургийг нь гаргаж авах хэрэгтэй байгаа.

Тухайлбал есдүгээр сарын 1-ний дотор төсөв өргөн барьж байгаа. Гэтэл аравдугаар сарын 1-н хүртэл хэлэлцэж чадахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Мөн энэ хүрээнд төсвийн жилийн хугацаатай холбоотой асуудлыг Үндсэн хуульд нийцүүлж хөндөж ярих нь зүйтэй гэж тал талаас санал солилцож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.112.84) 2024 оны 11 сарын 04

ANUSDI80955877

0  |  0
Top