ТОЙМ I Дайны эдийн засгийн ХОХИРОГЧИД хэн бэ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 11 сарын 04

Дэлхийн геополитикийн эрсдэл цаашид  нэмэгдэж улс орнууд дайны эдийн засагт шилжих үзэгдэл эрчээ авах нөхцөлд эцсийн хохирогчид хөгжиж буй орнууд байх болно. Иймд олон улсын харилцаанд геополитикийн хурцадмал байдлыг бууруулах, сөргөлдөгч талуудыг зуучлах зэрэг асуудлаар хөгжиж буй орнуудын хамтын санал, санаачилгууд чухал байх болно гэдгийг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн тоймд дурджээ.

Батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүний эцсийн зорилго ямагт сүйрэл учруулахад оршдог учраас эцэстээ аль нэг бүлэг улсад сүйрэл, хохирол учирч таардаг. Дайны эдийн засаг дахь сөрөг нөлөөний талаар хийсэн эмпирик судалгаануудаар дайны эдийн засгийн сөрөг үр дагавар довтлуулсан улсад хамгийн өндөр байдаг нь нотлогдсон.

Энэхүү хандлага нь ихэнхдээ хүчтэй нь хүчгүй тал руу түрүүлж довтлон, хөрөнгө мөнгө, хүний амь насны хохирол учруулдагтай холбоотой ажээ. (2022 онд Украины ДНБ-ний өсөлт хасах 29.1 хувь байхад ОХУ-ынх хасах 2.1 хувь тус тус гарсан нь үүний хамгийн сүүлийн бодит нотолгоо юм.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Дэлхийн II дайнаас хойших дэлхий даяар болж өрнөсөн 400 гаруй дайн тулаанд судалгаа хийж дайн болсны дараах бодит эдийн засгийн нөхцөл байдлыг дайн үл болсон байдлаар төсөөлсөн хийсвэр эдийн засагтай харьцуулжээ. Тус судалгааны үр дүнд нь дайн, мөргөлдөөн болж өрнөсөн улс, бүс нутагт дайн дууссаны дараах жил нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ дайн болоогүй байх хийсвэр төсөөллөөс дариу 7 хувиар буурдаг гэх дүгнэлт гарчээ.Мөн аливаа дайн тулаан болсны дараах эдийн засгийн сөрөг нөлөө дунджаар 5 жилийн дараа арилж хэвийн байдалд ордог гэх харамсалтай дүгнэлт гарсан.

Үүнээс гадна аж үйлдвэржсэн орнууд дайны эдийн засагт шилжсэнтэй холбоотой хөгжиж буй орнуудын эдийн засаг довтлуулсан эсэхээс үл хамаарч хохирол амсдаг нь тавилан гэмээр. Үүнээс хамгийн том эдийн засгийн хохирол хөрөнгө оруулалт дээр илэрдэг. Энэ нь улс орнууд хооронд чөлөөтэй эргэж буй капиталууд геополитикийн эрсдэлээс улбаалан зогсдогтой холбоотой.

Нөгөөтэйгүүр үүнд эдийн засаг дахь мөнгөний урсгал дайны эдийн засагт шилжсэн улсуудын батлан хамгаалах салбарууд руу шилжих хандлага нөлөөлдөг.2022 оноос хойш дэлхийн даяарх геополитикийн эрсдэл нэмэгдсэнээс шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, 2023 онд дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 2 хувиар буурч 1.3 их наяд ам.доллар хүрсэн.

Хамгийн сонирхолтой нь геополитикийн эгзэгтэй үед аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнууд дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 9 хувиар өссөн байхад, хөгжиж буй орнууд дахь хөрөнгө оруулалт 7 хувиар буурсан байна. Энэ бүгд дайны эдийн засаг аж үйлдвэржсэн орнуудад батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж бүтээмжийг өсгөж байгаа хэдий ч хөгжиж буй орнуудын эдийн засагт хохирол учруулдаг болохыг харуулах тоон үзүүлэлтүүд юм.

Дайны эдийн засгийн горим онолын хувьд батлан хамгаалахын үйлдвэрлэл хөгжсөн аж үйлдвэржсэн орнуудад дунд хугацаанд ажил эрхлэлтийг дэмжих, үйлдвэрлэлийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлэх хандлагатай байна. Гэхдээ “Дайны эдийн засаг” довтолгоонд өртсөн орны эдийн засгийг сүйрүүлэх замаар дэлхийн эдийн засагт аюул учруулахаас гадна урт хугацаандаа батлан хамгаалах аж үйлдвэрлэлгүй хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалтын орчныг муутгадаг.

Мөн геополитикийн хурцадмал үеүд дэх дайны эдийн засгийн горим нь цаашид батлан хамгаалах салбараас ашиг хүртэгч нарыг монопол болгох, илүү их хөрөнгө оруулалт татах, худалдан авалт хийлгэх, өөрт ашигтай лобби хийх гэх зэргээр дараа дараагийн сөрөг үр дагаврууд бий болох эрсдэлийг дагуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top