МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, зохиолч, сэтгүүлч О.Энхжавхланг “Өглөөний зочин”-оор урилаа.
-Энэ онд МЗЭ-ийн 95 жилийн ой тохиож байгаа. Цаашид ямар бодлого, чиглэл баримталж ажиллах вэ?
-Өнгөрсөн 100 жилд Монгол Улс ямар хүндрэл бэрхшээлийг давсан бэ, монголчууд юу үзэж туулсан бэ, тэр бүгдийг энэ байгууллага үзсэн гэж болно. Төр, засгийн бодлого дэмжлэгээр туурвиж, бүтээж ч явлаа. Үзэл бодлоо хянуулж, цагдуулж, бичих, нийтлэх эрхээ хязгаарлуулж ч байлаа. Гэхдээ утга зохиолын талаар баримталдаг төрийн бодлоготой, төсөв санхүүгийн том дэмжлэгтэй байсан.
1990 оноос хойш МЗЭ нь дур сонирхол, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага зах зээлийн нийгэмд хэрхэн зохицон амьдрахын жишээ болон оршин тогтнож байна. Өнөөдөр “Зохиолчдын эвлэл” гэж байгууллага байх ёстой юу, үгүй юу гэдэг талаар ихээхэн маргаан өрнөдөг. Яагаад гэвэл, зах зээлийн тогтолцоотой, өндөр хөгжилтэй орнуудад манайх шиг байгууллага байхгүй.
Зохиолчдыг нэгтгэж байгаа клуб, нэгдэл нь тэднийг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг болохоос бодлогоор чиглүүлэх үүрэггүй. Мэргэжлийн ур чадварт нь хэвлэлийн газрууд зохих хяналт шаардлагаа тавиад явдаг. Харин үндэсний эрх ашиг, хэлний бодлогын хувьд төрийн байгууллага нь эрхзүйн зохицуулалт, чиглүүлэг хийнэ. “МЗЭ ирээдүйд яах вэ” гэдэг асуултад өнөөдөр би ганцхан хариулт л өгмөөр байна. Зурсан зураг, төөрөг нь мэднэ.
-Та өөрөө энэ байгууллагад хэрхэн гишүүнээр элсэж байв. Зохиолчид ер нь хэр нийгмийн идэвхтэй хүмүүс вэ?
-Би 2004 онд, Х.Чилаажав даргын үед МЗЭ-д элссэн л дээ. Эргээд санахад зохиолч Ц.Түмэнбаяр эгч маань намайг элсэх хэрэгтэй гээд батлан даасан бичиг бичиж байсан юм даг. Гишүүний хувьд туйлын идэвхгүй гишүүн байсан. Хороогоор жилд 2-3 удаа ордог, орохоороо Ц.Түмэнбаяр эгч, В.Сэлэнгэ эгч хоёртой уулзаад, дарга нарын нүдэнд өртчихгүйхэн шиг гардаг. Татвараа ихэнхдээ төлөхгүй.
Яг над шиг идэвхгүй хүмүүс манай нийт гишүүний 80 гаруй хувийг эзэлж байна. Уг нь МЗЭ 1000 гаруй гишүүнтэй. Энэ олон хүн бүгдээрээ идэвхтэй, нийгэмдээ манлайлалтай бол МЗЭ өнөөдөр ямар байх бол...
2021 оны намар МЗЭ-ийн удирдлагын баг шинэчлэгдсэн. Энэ багт би багтаж байгаа. Бид МЗЭ-ийн бодлого, үйл ажиллагааг нэг шат ахиулахыг зорьж байна.
-Энэ шинэ багийн бодлогыг амьдрал дээр гардан хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл, бас боломж мэдрэгдэж байх юм бэ?
-Боломж бол их бий. Гэхдээ шийдэх шаардлагатай олон асуудал угтсан. Юун түрүүнд гишүүд, аймаг орон нутаг дахь салбар зөвлөлүүдээ идэвхжүүлэх шаардлагатай байлаа. Дараа нь уран бүтээлийн байгууллага бүхэнд байдаг “авьяастныг яаж олж нээх вэ, хэрхэн дэмжих вэ” гэсэн мөнхийн асуулт урган гарсан. “Болор цом”, “Утгын чимэг”, “Алтан өд” гэх мэт мэргэжлийн уралдааны зохион байгуулалтыг сайжруулахад анхаарлаа.
МЗЭ-ээс “Шинэ давлагаа” төсөл санаачилж, Э.Дашзэвэг, Ц.Намуундарь, Б.Болд, Г.Төгөлдөр гээд залуу авьяастнуудын утга зохиолын янз бүрийн төрөл жанраар бичсэн бүтээлүүдийг хэвлээд байна. Ахиад зургаан залуу зохиолчийн номыг хэвлэнэ дээ.
Аймаг, орон нутаг, мэргэжлийн байгууллагуудын дэргэдэх салбар зөвлөлүүдээ бие даалгаж, гэрчилгээ, тамгатай болгосноор өөр өөрийн хэмжээнд ажиллах боломж бүрдлээ. МЗЭ Монголын үндэсний уран зохиолын бодлогыг тодорхойлж явдаг мэргэжлийн байгууллагын хувьд уран бүтээлтэй холбоотой хууль, журмын төсөл бүр дээр саналаа өгч, байр сууриа илэрхийлж ирсэн. Тэр бүхний үр дүнд Д.Нацагдоржийн шагнал олгох журам шинэчлэгдлээ, Утга зохиолын шилдэг бүтээлийг улсын санд худалдаж авах журам батлагдлаа.
Гаднаас нь харахад нэг байгууллагын дотоод ажил мэт буух байх. Гэвч том зургаараа бол гадны соёл хүчтэй түрж түгэж байгаа өнөөгийн нөхцөлд өөрөөрөө, монголоороо тэсэн үлдэхийн төлөө хийж байгаа бидний хичээл мэрийлт юм. Эх хэл, соёл, тэдгээрт зангилагдсан өв мэдлэгийг зохиолч, яруу найрагчид маань тээж явдаг. Тэдний эрх ашгийг хамгаалах, үнэ хүндийг өргөх, нэр алдрыг нь түгээх, цаашлаад даян дэлхийд таниулах нь бидний зорилго юм даа.
-Монгол хэлний ирээдүйн тухай бодлоосоо хуваалцаач?
-Төв Азийн өндөрлөгт орших Монгол нутаг бол хүн төрөлхтний ууган голомтуудын нэг гэж би боддог. Чи бод доо, аль гуч, дөчин мянган жилийн тэртээ, галав юүлэхээс өмнө бидний өвөг дээдэс Хойт цэнхэрийн агуйн хананд зураг зурж байж шүү дээ. Монгол орны хаа сайгүй хүн чулуу, хадны зураг байна. Ийм баялаг өвтэй, эрт галавын түүхтэй үндэстэн хэр олон билээ. Улирч одсон он жил бүр мэдлэг ухаан болон ард түмний билиг оюун, зан заншилд хуримтлагдсан.
Би чамд нэг дурсамж ярья л даа. Залуухан сэтгүүлч байхдаа Антарктид тивд анх хөл тавьсан Ж.Цэрэндэлэг гуайтай уулзаж билээ. Тэгэхэд туйл судлаач ах холын холд мордохын өмнө аав нь явсан хүн эргэж ирдэггүй цас мөсний оронд энх мэнд зорчих ном Ганданд айлтгуулсан гэж ярьж байсан. Явсан хүн эргэж ирдэггүй цас мөсний орны тухай монголчууд хаанаас мэдсэн байх вэ? Өнөөдөр Монгол нутагт амьдардаггүй бар, арслан, тэмээн хяруул, имж гээд олон амьтныг оноон нэрлэсэн үгс байдаг нь олон галавт хуримтлуулсан эртний өв мэдлэг эх хэлэнд маань шингэн үлдсэний гэрч биш гэж үү.
Монгол хэлтэйгээ, байгаль дэлхийтэйгээ зохицон орших нүүдэлчдийн мэдлэгтэйгээ байгаа цагт монгол хүн дэлхийг гайхшируулсан нээлт хийх цаг ойрхон.
-Гэхдээ Монголын залуу үеийн дийлэнх үүний тэс эсрэг бодолтой байгаа байх...
-Энэ бол тэдний буруу биш шүү дээ. Тэдэнд хичээл зааж, эмзэглэл шаналлыг нь ойлгох гэж хичээж явсан болохоор би залууст итгэдэг. Хүүхэд залуусын цагаан цаас шиг хиргүй тунгалаг ертөнцийг мэднэ. Тэдэнд цаг гаргаагүй байж, маш тодорхойгүй, толгойг нь эргүүлсэн боловсролын тогтолцоог хүчээр тулгасан байж өнөөдөр “Чи монгол хэлээ мэдэхгүй байна”, “Чи ном уншихгүй байна” гэж чичилж шүүмжлэх утгагүй.
Үнэнийг хэлэхэд, сүүлийн 30-аад жил Монголын залуу үеийг ахмад үеэс нь таслах, унаган ахуй, язгуур соёл, төрөлх хэлээс нь холдуулах, саармагжуулах зөөлөн хүчний бодлого явжээ гэж боддог. Энэ бодлого эн түрүүн манай боловсролын салбарт хэрэгжсэн олон улсын төслүүдээр дамжин нэвтэрсэн. Тэдгээр төслүүд монгол хүний, монгол хүүхдийн оюуны чадавхид нийцсэн сургалтын арга зүй, хүмүүжлийн тогтолцоог эвдсэн.
Эцсийн үр дүн нь хүний толгой дээр халуун кофе асгачхаад уучлал гуйх байтугай өөрийгөө өмөөрч уурлах охин, түүн шиг үзэл хандлагатай хэсэг бүлэг.
-Гадны тэр төслүүдийн үр дүн ямар байдлаар илэрч байна вэ?
-Бидний үед 45 хоногт “Цагаан толгой”-гоо үзэж дуусгаад, Үсэглэлийн баяраа хийдэг байлаа. Одоо бол бүтэн жил үзэж байна. Хэрэв үндэстний онцлогийг тооч гэвэл монгол хүүхэд аливааг тусгахдаа гайхалтай сэргэлэн, дээрээс нь оюуны өндөр чадавхтай. Тэр чадавх, хурдыг сааруулсан хөтөлбөр нь хүүхдийг сурах мэдэхэд биш уйдах, залхахад, цаашлаад ном гэхээр дөлдөг цэнгээн гэхээр дөхдөг хандлагад хөтөлж байгаа мэт. Өнөөдөр есдүгээр ангийн хүүхэд 19 төрлийн хичээл үзэж байна. Цаана нь төдий тооны багштай, номтой байгаа. Хичээлийг тэгэж их задалснаар монгол хүүхэд хөгждөг бол олон орны үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад ямар байгааг PISA шалгалт харуулчихсан. Олон улсын PISA шалгалтын дүнгээс харахад манай ерөнхий боловсролын сургалтын алдаа шууд дурайж байна билээ. Уншсан эхийг ойлгох чадвар бол эх хэл, уран зохиолын боловсролтой шууд холбоотой зүйл. Өвөө эмээ нар маань аливаа санааг шууд утгаар, дам утгаар, ёжилсон егөөдсөн утгаар хэлдэг байсан. Өнөөдрийн хүүхэд залуус маань ердөө ганцхан сувгаар буюу шууд утгаар нь л ойлгож байна. Тэрийгээ ч буруу зөрүү тусгаж байгааг хайхрахгүй орхиж боломгүй. Учир нь буруу ойлголтоос буруу дүгнэлт, буруу шийдвэр гарна шүү дээ.
Монгол хэлний хичээлийг хэтэрхий онолын мэдлэг олгоход биш хэлний сангаа баяжуулах, уран яруу бичих, ярих чадварт чиглүүлье. Уран зохиолын хичээлээр дамжуулж төсөөлөн бодох, бусдыг ойлгох, орчин үед нэн шаардагдаж байгаа зөөлөн ур чадварыг суулгах ёстой.
-Уран зохиол, яруу найргийг сонирхох залуусын тоо буурсан гэлцэх юм. МЗЭ-ийн зүгээс ямар дүгнэлт хийдэг юм бол?
- Одоогоор албан ёсоор судалж дүгнээгүй болохоор буурсан, үгүй буураагүй гэж хэлмээргүй байна. Хүний догдлол, гайхширал мөнхийн болохоор аль ч цаг үед залуус шүлэг бичиж л таарна. Харин илэрхийлэх арга хэлбэр өөрчлөгдөх байх. Энэ цагийн залуус өөр өөрийнхөө өвөрмөц ертөнцөөрөө уран зохиол, яруу найргийг бичиж л байгаа. Магадгүй өмнөх үеийнхэн шигээ хэн нэгэнд юм уу уралдаан наадамд унших гэхээсээ чимээгүйхэн өөртөө уншаад, түүнээсээ таашаал аваад алхаж байгаа байх. Эсвэл нэрээ нууцлан цахим орчинд тавьж байгаа ч юм уу. Өнөөгийн залуусын хувьд өөрийнхөөрөө байж чадсандаа, өөрийнхөө дотоод мэдрэмжээ илэрхийлсэндээ сэтгэл ханадаг болов уу. Түүнээс тэдэнд цол гуншин, шагнал урамшил сонин биш. Өөрөө өөртөө л сэтгэл дүүрэн үлдэх шиг шагнал юу байх билээ.
-МЗЭ-ээс баримталж буй гол бодлого бол зохиолчдын үнэлэмж, оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх гэсэн. Ямар байдал үүсээд байна вэ, гарц шийдэл нь юу байх бол?
-Өнөөдөр Монголд бүх салбарт хулгай гаарч байна, тэр дотроо урлаг, уран зохиолын салбарт оюуны хулгай даамжрах янзтай. Энэ талаар эхнээсээ дуугарч эхэллээ. Хамгийн чанга дуугарч чадаж байгаа нь олны танил, нэр алдартай зохиолчид маань байна. Тухайлбал, зохиолын хоёр дуучин тоглолтоо хийхдээ яруу найрагч Тангадын Галсан гуайн “Аав, ээждээ” гэдэг түмэнд түгсэн дууны шүлгээс мөр аваад өөр шүлэгтэй нийлүүлэн Жамцын Бадраагийн үг гэж зарлаад, тэрийгээ телевизээр цацсан тухайд Т.Галсан гуай гомдол гаргасан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, шог зохиолч Цэндийн Доржготов гуайн өгүүллэгүүдээр хошин шогийн үзүүлбэр бэлдэж, түүгээрээ контент хийгээд багагүй ашиг олсон атлаа зохиолчоос нь уучлал гуйдаггүй Монгол Улсын гавьяат жүжигчид ч байна шүү дээ. Олны танил, нэртэй алдартай хүмүүсийн бүтээлд ингэж чөлөөтэй халдаж байгаа юм чинь эгэл уран бүтээлчдийг яаж элэг барьдаг нь тодорхой. Зохиолын дуучид олонд түгсэн дууг нь сэргээж дуулахдаа үгийг нь дураараа засах гэх мэт бүдүүлэг алдаа гаргаж байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа.
Зохиолчийн үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд зохиогчийн эрхийг хамгаална. Цаашлаад чанартай бүтээл туурвиж, өөрөө өөрийгөө хөгжүүлэх нөхцлийг хангахад анхаарна. Бүр том зургаараа бол даяарчлагдаж байгаа дэлхийд монгол хэмээх үндэстэн өөрийнхөөрөө ялгаран орших язгуур шалтгааныг эрэлхийлэх гэх мэт олон асуудал бидний өмнө байна.
МЗЭ-ийн гишүүд бол тусгаар, ардчилсан Монгол Улсын иргэнийхээ хувьд даян дэлхийд тархан суурьшсан монгол туургатны оюун санааны чиг луужин, итгэл найдвар болж яваа. 2022 онд бид гишүүдийнхээ бүртгэлийг цэгцлэх, идэвхжүүлэхэд анхаарсан. 2023 онд аймаг, орон нутаг дахь салбар зөвлөлүүдийнхээ үйл ажиллагааг бие даалгах, нутаг нутагтаа өөр өөрийнхөөрөө ажиллах эрх зүйн боломжийг нь бүрдүүлэхэд анхаарсан. 2024 оноос гадаад, дотоод харилцаагаа идэвхжүүлж, уран зохиолд элэгтэй байгууллага, хамт олон, хувь хүн, олон улсын төсөл хөтөлбөртэй хамтарч ажиллаж байна.
-2025 онд ямар төлөвлөгөө хэрэгжүүлэх бол?
-Ирэх онд МЗЭ зохиолчийн бүтээлийг үнэлгээжүүлэх, оюуны өмчийг баталгаажуулахад анхаарна. Тэр үүднээс Баримтат уран зохиолын үндэсний төвийг шинээр байгуулж, гишүүдийг нь баталсан байгаа. Цаашид баримтат бүтээл хийлгэх хүсэлтэй байгууллага, хамт олон байвал тус төвд хандах боломжийг бүрдүүлнэ. Утга зохиолын шилдэг бүтээлийг улсын санд худалдаж авах журам батлагдсан нь зохиолчийн бүтээлийг бодитой үнэлэх буюу судлаачдын үнэ цэнийг өргөх эхний дорвитой алхам боллоо.
Нөгөө талаас, бид зөвхөн Монголоороо хязгаарлалгүй хүн төрөлхтний оюун санааны нийтлэг чиг хандлагыг анзаарч мэдэрч явах ёстой. Тийм ч учраас НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төсөлтэй хамтран “Жендэрийн мэдрэмжтэй зохиолчид” төслийг хэрэгжүүллээ. Энэ бол эрэгтэй, эмэгтэй хүйсийн тухай асуудал биш, харин нийгэмд байгаа хүн бүрд тэгш боломж олгох, тэгш хандах асуудлыг хөндөж буй юм.
-МЗЭ-ийн төсөв, санхүү яаж явдаг юм бэ. Гишүүд нь татвараа өгөхтэй, үгүйтэй явж ирсэн шүү дээ. Ажил явуулахад зардал хэрэгтэй болно?
-Энэ хамгийн том асуудал. МЗЭ яавал оршин тогтнох вэ, үүний тулд өөрийн гэсэн орлогын эх үүсвэрүүдийг яаж нэмэх вэ гэдэгт анхаарч байна.
Зохиолчдын номын төвийг ажиллуулж эхлэх гэж байна. Д.Нацагдоржийн музейн бүх үзмэрийг соёлын өвийн бүртгэлд оруулахыг зорьж байна. “Утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлийнхээ нийтлэлийн бодлогыг шинэчилж, сэргээнэ. Мөн зохиолч, яруу найрагчдынхаа түүхт ойг тэмдэглэхэд анхаарч байгаа.
Түүхт ой тэмдэглэх ажлын гол нурууг манай зохиолчдын үр, хүүхдүүд нэрэмжит сангууд үүрч байгаа. Тэдэндээ үнэхээр их баярлаж явдаг.
Нэрэмжит сангуудтай хэрхэн хамтарч ажиллах, нэрэмжит шагналуудыг ямар шалгуураар олгох, цаашид зохиолчдын нэрэмжит сургууль, соёлын төвүүдээ яаж дэмжих, цаашлаад Монгол даяар байгаа бүх шатны боловсролын байгууллагын эх хэл, уран зохиолын боловсролыг дээшлүүлэхийн тулд хийх зүйл гээд олон ажил өмнө байна.
Угтаа бол зөвхөн нэг ТББ-ын, уран зохиолд дуртай хүмүүсийн ажил биш, энэ бол төрийн, салбар яамны, ШУА, Багшийн хөгжлийн төв... гээд олон талын оролцоотой хийж хэрэгжүүлэх, шийдэх ажил. Тэр бүхэнтэй бид хамтарч ажиллахад бэлэн байна.
-Удахгүй “Болор цом”, “Утгын чимэг”, “Алтан Өд” гээд наадмууд болно. Энэ дээр баримталж буй шинэлэг дүрэм журам байна уу?
-ХХ зуунаас эхлэн тасралтгүй зохиогдож, МЗЭ-ийн брэнд болсон наадам бол “Болор цом”, Утгын чимэг”. Тэгэхээр өнгөрсөн он жилүүдэд тогтсон загвар байна. Энэ загварыг эвдэхэд маш хэцүү юм билээ. Нөгөө талаасаа “Болор цом” бол ийм гээд төсөөлчихсөн олон нийтийн хүлээлт байдаг. Миний анзаарснаар, жил жилийн “Болор цом” тухайн цаг үеийнхээ тусгал, дуу хоолой болдог.
Иргэний ухамсар сэргэсэн, үндэсний үзлээ дээдэлсэн 1990-ээд онд ямар дуу хоолой цуурайтаж байсныг бид мэднэ. Тэгвэл хүмүүс сэтгэлзүйн хүнд дарамттай, өөрөө өөрийгөө эрэлхийлсэн өнөөгийнх шиг эгээрэл гэгээрлийн оюуны эрин зууны олон нийтийн сэтгэлгээ, хандлага арай өөр байна. Өөрийгөө танин мэдэх гэсэн эрэл, хайгуул зонхилж байна. Тиймээс магадгүй хуучны шүлэг таашааж уншиж, сонсоод сурчихсан хүмүүст тэрийгээ үгүйлэхүйц хэт этгээд гэх юм уу, эсвэл гаж гэмээр, эсвэл харахад хариугүй жижигхэн сэдвээр бичиж байгаа мэт санагдаж болох ч эргээд тэрний цаана энэ нийгмийн тусгал, үзэл санаа, энэ цаг үедээ амьдарч байгаа уран бүтээлч хүний эмзэглэл, шаналал явдаг гэж боддог.
Энэ жилийн хувьд шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд шударгаар явуулахын төлөө ажиллана. Ер нь бол уралдаан болгоны дараа хэл ам гардаг. Оролцсон бүх хүнийг түрүүлүүлж, бүх гомдлыг тайлах боломжгүй. Тэгэхээр “Болор цом” болдгоороо болно. Өнгө төрх байдгаараа байна. “Болор цом” өөрөө болор тунгалаг, шударга байх нь л чухал.
-Бидний урилгыг хүлээж авч цаг ярилцсанд баярлалаа.
-“Өглөөний сонин”-ы хамт олонд “Болор цом” наадмыг, МЗЭ-ийг дэмжиж, сурталчилж байдагт нь гүнээ талархаж явдгаа илэрхийлье. Энэ сонины үе үеийн удирдлага үндэсний утга зохиолыг дэмжиж, уран зохиолын нүүр тогтмол гаргаж ирсэн. Одоо ч гаргаад явж байна. Харамсалтай нь бид олигтой тусалж чадахгүй байна л даа. Гэхдээ Монголын радиод байдаг “Бага зохиолчдын хороо” шиг МЗЭ-ийн нэг жижигхэн салбар “Өглөөний сонин”-д байдаг гэж боддог. Яагаад гэвэл үе үеийн авьяаслаг зохиолч, яруу найрагчид “Өглөөний сонин”-д ажиллаж ирсэн, одоо ч ажиллаж байна. Та бүхэнд уран бүтээлийн амжилт ерөөе!
Сэтгэгдэл ( 2 )
Бодолтой бодлоготой ярилцлага байна.
ANUSDI80955877