Олон ч хүний анхны номыг уншиж, баярлах, гомдох гээд янз бүрийн л сэтгэгдэлтэй үлдэж байж. Яруу найраг өөрөө хүнийг сэтгэл хөдлөлийн ямар нэгэн хэмд авчирч гэмээнэ түүний мөн чанар оршдог учраас баяр гуниг, бас бухимдал төрдөг байсан болов уу. Өдгөө миний өмнө Өмбөөгийн Улаанхүүхэн хэмээх бүсгүйн “Гурвалжин доторхи гурвалжин” нэртэй шүлгийн анхны түүвэр дэлгээтэй байна. Тус ном намрын эхэн сар шувтрах үеэр надад ирсэн ч сөхөж амжилгүй явсаар өвлийн эхэн сард уншиж, сэтгэлийн хэм хасах нэмэх, чухам хаашаа хэлбэлзэхийг үзлээ. Тус номыг Дашзэвэгийн Гомбосүрэн найрагч ариутган шүүсэн аж. Тэр тусмаа уран сайхны редактороор ажилласан нь гарцаагүй нүдээ олсон зүйл болов уу.
Номыг эхний хуудаснаас гарчиглаж суухад баярлах шүлэг ч таарна, бухимдах шүлэг ч таарна. Аливаа зүйл нь хоёр талтай. Харин “Гурвалжин доторхи гурвалжин” ном нь баярлуулан бухимдуулаад, бухимдуулан баярлуулах аж. Энэ нь амьд, сэтгэлээс урган гарсан, ямар нэг хийсвэрлэл үгүй гэдгийг л харуулсан хэрэг. Тус номын цаана ямар нэг сэтгэл зүйн тэнцвэрээ алдаагүй, эсвэл хэт нэг талдаа туйлшраагүй, эрүүл сэтгэхүйтэй хүн байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд дагаар ороогүй, эвдрээгүй нэгэн бичигч байгаад олзуурхаж сууна. Тэр бусдын гэрт амьдрахыг хүссэнгүй. Тэр ч бүү хэл бусдын буурин дээр ч ханаа шийрлэхийг хүсээгүй нь шүлгүүдээс нь харагдана. Техник технологийн дэвшил өдөр хоногоор бус цаг минутаар хэмжигдэж байгаа энэ даяаршлын эринд монгол ахуйгаараа, өөрөөрөө байна гэдэг юу юунаас чухал. Монгол үндэстний нэгэн том дархлаа болсон эх хэл, түүний манаач болсон зохиолч, яруу найрагчид даяаршлын хөлд ихээхэн ширвээгдэх болов. Тэр тусмаа залуу уран бүтээлчид харь шүтэх, түүнд дагаар орох хандлага зохиол бүтээлээс нь илэрхий харагдах болсон энэ цагт бол “Гурвалжин доторхи гурвалжин” үнэхээр том олз болно. Тиймдээ ч Ө.Улаанхүүхэн номынхоо 127 дугаар талд
“Өөрөө би
Өөртэйгөө цуг төрсөн
Өөртэйгөө цуг төөрсөн
Өөртэйгөө хамт алдсан
Өөртэйгөө хамт ариуссан
Өөрөө би
Өөрийгөө голсон
Өөрөө өөрийгөө олсон
Өөрөө өөрөөсөө урвасан
Өөрөө өөрөөсөө ухаарсан
Өөрөө би” гэсэн мөртүүдээс илтэд харагдана.
“Ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг, харин тэнэг хүн өөрийнхөө алдаан дээр суралцдаг” гэсэн үг ч бий. Бусдын алдаан дээр суралцах гэж хумсаа нууж явснаас өөрөө алдаж өөрөө засах нь илүү урт настай байж таарна. Магадгүй энэ нь амьдралын сайхан амт ч байж мэднэ.
Мөн тус номын 147 дугаар талд
“Гэгээрлийг би бусдаас хайж
Гэрэл гэгээ рүү зүтгэдэг байж
Гэгээрэл харин сэтгэлд
Гэрэлтэж дотор минь асдаг байж” гэх мөртүүд ч түүний мөн чанарын нэгэн хэлтэрхий, бичигчийн өөрийгөө тоосон авир. Тодотговол, өөрөөсөө өөрийг дагахгүй хүний л хэлэх үг. Энэ л уран бүтээлч хүнд ихэд чухал гэдгийг эрдэмтэн мэргэд, их зохиолч, яруу найрагчид олонтаа хэлсэн байдаг даа.
“Гурвалжин доторхи гурвалжин” дотор “Аргал түүхэд” /8 дугаар тал/, “Навч” /9 дүгээр тал/, “Мод” /10 дугаар тал/, “Намар” /12 дугаар тал/ гэх мэт ахуй дундаас ургасан ямар нэг хольцоо үгүй бичигчийн сэрж мэдэрсэн шүлгүүд цөөнгүй таарна. Энд л “Гурвалжин доторхи гурвалжин”-гийн амин сүнс оршиж буй. Ийм амьтай шүлгүүдтэй байж ном хэмээн нэрлэгдэнэ. Ийм ном байж Ө.Улаанхүүхэн өөрөө уран бүтээлч гэж нэрлэгдэнэ. Тэгэхээр энд би утга зохиол судлаач биш, уншигчийн хувиар түүний нэг шүлгийг авч үзэхээр шийдсэн хэрэг. Номын “Гол урсана” /11 дүгээр тал/ хэмээх шүлэг юуны өмнө анхаарал татна. Тус шүлэг эхлэхдээ:
“Гол урсана
Голоор минь нэвчиж урсана
Урсгал нь тархинд үлдэж
Ухаарал нэмж, тэлж урсана” гэжээ. Найрагчдын шүлгээс харж байхад ихэнх нь “гол ус тархин дундуур туучаад гардаг” тухай шүлэглэсэн нь элбэг байдгаас “Урсгал нь тархинд үлдэж” гэж байхгүй шиг санаж байна. Тэгэхээр Ө.Улаанхүүхэн голын урсгалаас тархиндаа ямар нэг зүйл авч үлдэж байгааг дээрх мөртүүдээр илэрхийлж байна. Хүн байгалийн амьд харилцаа, сэтгэхүйн цаад чанад руу яргаж бичсэн мөртүүд болов уу гэж анзаарлаа. Харин цааш өгүүлэхдээ:
“Өр зүрхээр минь туучиж урсана
Өдөр өдрийг зөөж урсана
Устай нэгдэж, гуниг минь үерлэж
Уултай даваад инээд минь цангинаж
Удам үржиж, биеэ хувааж
Урсаж л явна аа голдирол нэмээд
Жам заяа хоёрт хашигдан
Зогсолтгүй урсах гол” гэхдээ өнөөх л “зүрх сэтгэл дундуур туучиж урсах” уламжлалт мөртүүдийг шигтгэж өгсөн байна. Энэхүү “Гол урсана” шүлэг бол тэр чигтээ Ө.Улаанхүүхэний амьдралын зураг, түүний урсгал юм байна. Хүн байгалийн амьд харилцаа, шүтэн барилдлага гэж юу юунаас чухал зүйл бий. Гагцхүү яруу найрагч үүгээр төлөөлүүлэн амьдралаа, сэтгэлээ хүүрнэж чадаж байгаа нь бусдаас ялгарах давуу тал юм. Тодотговол, энэ гол усаар Ө.Улаанхүүхэн тэр чигтээ, түүний баяр гуниг, сэтгэл, хайр дурлал тэр чигтээ урсаж байна. Гэхдээ урсгал нь тархинд үлдэж байгаагийн цаана том шалтгаан байж таарна. Тархинд үлдсэн урсгал түүнд цааш явах итгэл үнэмшил, ухаарал хайрлаж байна гэсэн үг. Гэхдээ урсгал бүхэлдээ бус түүний торгон хаялга ч юм уу, бидэр цалгиа ч юм уу тархинд ухаарал болж үлдэж байгаагаар дүрсэлсэн хэрэг. Түүнээс бус “өр зүрхээр туучин урсаж”, заримдаа түүний гуниг голын ус шиг үерлэж байгаа нь дааж давашгүй мэт. Энэ их гуниг аяндаа арилж, “инээд цангинаж” “биеэ хувааж” үртэй болж, “голдирол нэмээд” цааш үргэлжилнэ. Энэ бол түүний амьдрал. Мөнхүү “жам заяа хоёрт хашигдан, зогсолтгүй урсах гол” гэжээ. Хүний амьдралын зураг төөрөг, жамын харгуйгаас хазайна гэж үгүй нь хүний амьдралын жам. Гол усан ч эрэгтээ захирагдан урсдаг. Гагцхүү үерлэж эрэг савнаасаа халих нь бий. Үүнийг Ө.Улаанхүүхэн “гунигаар үерлэж” хэмээн тун эвтэйхэн дурдаад авна лээ. Тэгвэл дараах мөрүүдэд өнөөх л хүний сэтгэлийн ай сав, байх ёстой хэм хэмжээнээсээ хэрхэн давж одож байгааг зүйрлэсэн нь харагдана. Ингэхдээ:
“Намуун дөлгөөн ч халин урсаж
Намайг чамтай шингээж чадна
Эхлэлээс төгсгөл рүү урсана
Хамж урсана
Хамт урсана
Сорьж урсана, шалгаж урсана
Инээж урсана, элээж урсана
Гол урсана
Гол дундуур нэвчиж урсана, урсана” гэжээ. Хүний амьдрал, тэр тусмаа бичигчийн амьдрал ахуй хэчнээн намуун дөлгөөн байгаа ч
“Намуун дөлгөөн ч халин урсаж
Намайг чамтай шингээж чадна” гэснээс харахад тэр хайр дурлалт хэн нэгэн рүү хэдий намуун ч халин урсан очиж байгаагаар зүйрлэсэн. Хорьж дийлэхгүй сэтгэлийн халилыг энгийнээр зүйрлэж. Үүнийхээ хүчинд нэгдэж чадаж байгааг л энэ мөртөөр илэрхийлжээ. Цааш нь “Эхлэлээс төгсгөл рүү урсана” гээд шүлэг төгсөж байна. Гэтэл найрагч маань “хамж урсана, хамт урсана, сорьж урсана, шалгаж урсана, инээж урсана” гэх мэтээр үргэлжүүлсэн. Өөрөөр хэлбэл шүлгээ төгсчихөөд байхад бичээд байсан хэрэг. Энэ бүхэн буюу “хамж урсана, хамт урсана, сорьж урсана, шалгаж урсана, инээж урсана” гэх үгс мөртүүд байх ёстой юу гэвэл байх ёстой. Гэхдээ байх ёстой гэж үзсэн бол “Эхлэлээс төгсгөл рүү урсана” хэмээх шүлгээ зангидан төгсгөж байгаа мөрнийхөө өмнө орох байж. Ингээд “Гурвалжин доторхи гурвалжин” дотор суугаад бичигчийг ажихад хэн нэгэн хөндөхгүй, хэн нэгэн рүү уусан шингэхгүй, өөрийн гэсэн тусгаар тогтнолоо зарлачихсан мэт мөртүүд байгаа нь өчүүхэн уншигч намайг баясгалаа.
Сэтгэгдэл ( 0 )