"Бүтээмж, өгөөжийн хуваарилалт" олон улсын хэлэлцүүлэг боллоо

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 11 сарын 08

Монголын бүтээмжийн төв /МБТ/ нь Азийн бүтээмжийн байгууллага /АББ/-тай хамтран байгууллага, аж ахуйн нэгжийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаадын улс орнуудад сургалтад Монгол Улсаас төлөөлөгч хамруулах, сургалт, арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Тус үйл ажиллагааны хүрээнд АББ-ын “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын бүтээмжийн өгөөжийн хуваарилалт” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ сарын 5-нд Улаанбаатар хотноо эхэлсэн тус арга хэмжээ өнөөдөр өндөрлөнө.

Хэлэлцүүлэгт АББ-ын гишүүн орнууд болох Бангладеш, Камбож, Фижи, Энэтхэг, Лаос, Малайз, Непал, Пакистан, Филиппин, Тайвань, Шри-Ланк, Тайланд, Вьетнам зэрэг улсаас 19, Монгол Улсаас долоон  төлөөлөгч оролцож байна. Япон, Канад, Солонгос болон Монгол Улсын томоохон их дээд сургуулиудын доктор, багш нар хэлэлцүүлэг, арга хэмжээг удирдан, мэдлэг туршлагаа түгээж байна.
 


“Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын бүтээмж, өгөөжийн хуваарилалт”-аар Монгол Улсын Засгийн газрын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого, ЖДҮ-ийн бүтээмжийг нэмэгдүүлэх дэлхийн хэтийн төлөв болон өгөөжийн хуваарилалтын үр дүнтэй загваруудыг хэлэлцсэн юм. Оролцогчид бүтээмжийг нэмэгдүүлэх үзэл баримтлал, загваруудын хамгийн сүүлийн үеийн хэрэглээг ойлгон судаллаа. Мөн ЖДҮ-д бүтээмж нэмэгдүүлэх загваруудыг хэрэгжүүлэх, тэдгээрийг зорилго, үнэт зүйлстэй уялдуулах, тасралтгүй сайжруулах соёлыг төлөвшүүлэхэд анхаарч буйгаа зохион байгуулагчид нь онцлов. "Ханян" их сургуулийн менежер  Юу Гүү Чан "Энэ удаад бид нар Жижиг, дунд үйлдвэрүүдэд илүү нийцсэн бүтээмжийн үр өгөөжөөс хүртээх тогтолцоо ямар байхыг тодорхойлж байна. Азийн болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг хангах зорилгоор бүтээмжийг дээшлүүлэх гол зарчим болох цалин урамшлуулын тогтолцоон дээр бүтээмжийн үр өгөөжөөс ямар хэлбэрээр нэмэгдүүлж болох орлогыг нэмэгдүүлэхэд бүтээмж дээшлүүлэлт яаж нөлөөлөх вэ гэдэг талаар анхаарч ярилцаж, хэлэлцэж байна. Бүтээмжийг дээшлүүлэх зарчмыг нэмэгдүүлснээр жижиг дунд үйлдвэрүүдийн багийн үйл ажиллагаа оролцооны үр дүнгээс гарсан ашгийг хүртэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэх юм. Мөн өнөөдөр дэлхий дахинаа өрсөлдөөнтэй, хүнд нөхцөлд байгаа тул бид жижиг, дунд үйлдвэрүүдийг тогтвортой байх боломжоор хангаж ажиллана" гэв.

Бүтээмж, өгөөжийн хуваарилалт нь ЖДҮ-ийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй юм. Тиймээс судалгаагаар ашгийн хуваарилалтын санаачилгуудыг хэрэгжүүлэх нь ажилчдыг илүү хичээнгүй, ухаалгаар ажиллахад урамшуулж, эцэст нь нийт бүтээмжийг сайжруулж байна хэмээн үзжээ. ЖДҮ хоорондоо мэдлэгээ хуваалцах нь өрсөлдөх давуу болон нийт гүйцэтгэл нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй гэлээ. Тэгвэл мэдлэг хуваалцах болон гүйцэтгэлийн удирдлагын интервенцүүдтэй хамт ашгийн хуваарилалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь ЖДҮ-ийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Ц.Батбилэг “Жижиг, дунд үйлдвэрлэлд ажиллаж байгаа ажилчдын маань гүйцэтгэл ямар байх юм бэ, тэрийг бид ямар хэмжээнд өсгөх боломжтой вэ, үүний тулд бид ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэх ямар арга хэрэглэх юм бэ гэдэг боломжийг бий болгож байгаа” гэж үзэж байна.

Уг олон улсын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдсанаар оролцогчид бүтээмжийг нэмэгдүүлэх үзэл баримтлал, загваруудын хамгийн сүүлийн үеийн хэрэглээг ойлгох, ЖДҮ-д бүтээмж нэмэгдүүлэх загваруудыг хэрэгжүүлэх, тэдгээрийг зорилго, үнэт зүйлстэй уялдуулах, тасралтгүй сайжруулах соёлыг төлөвшүүлэхэд суралцаж байна.

Мөн түүнчлэн арга хэмжээний хүрээнд “Эвсэг кашемир” ХХК, АПУ ХК болон “Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төв–Хөхний клиник”-ийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээмжийн арга хэрэгслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж, амжилтад хүрч байгаа тухай туршлага судлан олон улсын төлөөлөгчид сурч мэдсэн зүйлсээ, өөрийн дадлага туршлагатай хослуулан хэрхэн хэрэгжүүлэх боломж байгаа талаар төлөвлөгөө гарган, түүнийгээ танилцуулсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top