Доголон Төмөр хааны ач Бабурын байгуулсан Их Могол улсаас гаралтай Энэтхэгүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27


 

Энэ сарын 27-30-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний дээд командлагч, хатагтай  Пратибха Девисингх Патил манай улсад төрийн айлчлал хийх гэж байна. Одоогоос яг нэг жилийн өмнө тус улсын парламентийн доод танхимын дарга хатагтай Мейра Кумар Монголд айлчилсан юм. Хариу айлчиллыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн 12 дугаар сард хийж байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд харин Ерөнхийлөгчийн албыг авсаныханаа дараа хамгийн анхны айлчиллаа Энэтхэгээс эхэлж байлаа. Энэ нь Энэтхэг улс Монголыг, Монгол улс Энэтхэгийг сонирхож байгаагийн томоохон илрэл болов уу.

Энэтхэг бол дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж байгаа орнуудын нэг. Дэлхийд технологийн аутисорсингоороо эхний 15-д багтдаг. Автомашины үйлдвэрлэлийн хурдаараа дэлхийд 2-т орж байна. Сүүлийн үед эдийн засгийн засаг, аж үйлдвэрлэлийн өсөлт нь Энэтхэгийг бүс нутагтаа төдийгүй дэлхийн анхаарлын төвд  тавьжээ. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд долоод, хүн амынхаа тоогоор Хятадын дараа хоёрт орж байна. Тус улсын 1,2 тэрбум иргэнийх нь амьдрал жилээс жилд өсч байгаа ажээ.

Энэтхэг гангийн үйлдвэрлэл, уран, нүүрсийг ихээр сонирхдог. Үүнийгээ ч манай талд байнга илэрхийлсээр ирсэн. Ялангуяа гангийн үйлдвэрлэлийн талаар нэлээд нааштай саналуудыг тавьж байсан юм. Гэвч Монголд нефть боловсруулах үйлдвэр баригддаггүй шиг гангийн үйлдвэрийнх нь тодорхой санал Д.Зоригт сайдын албан тасалгааны хаа нэгтээ дарагдаад үлдсэн байх. Энэтхэгүүд Тавантолгойн орд дээр ч Япон, Солонгосуудын адилхан горьдлого тээж байсан нь нууц биш ээ.  Энэтхэг мэтийн дэлхийд нэр нөлөөтэй гуравдагч хөрштэйгөө ойр байх нь шатахуунаар боодог, хилээ хаадаг, аливаа түүхий  эдийг маань үнэгүйдүүлж, эсвэл үнээр зодож зөөдөг хатуухан хөршүүдтэй Монголын хувьд байнга бодож байх асуудал юм. Төмөр, ган, нүүрс зэрэг баялаг дээр хамтарч ажиллахын тулд Энэтхэгүүд Хятадаар дамжуулан 1500 км төмөр зам тавих боломж бий гэж ярьж байсан. Эсвэл далайгаар тээвэрлэх боломж ч байгаа гэдэг.

            Энэтхэг манайх хоёр сүүлийн үед агаарын хөлгөөр шууд нислэг хийх талаар ярилцах болсон. Энэ удаа ч бас үүнийгээ ярих байх. Шууд нислэг бол харилцаанд өндөр ач тустай. Мөн Доголон Төмөр хааны ач хүү Бабур хааны байгуулсан Их Могол улсаас гаралтай энэтхэгүүд Чингисийн удмынхантай батлан хамгаалах салбарт нэлээд ойртон ажиллаж байгаа. Энэ талаар ч хоёр орны Ерөнхийлөгчид ярилцах биз. Энэтхэг улс АНУ болон Европын холбоотой эдийн засаг, цэрэг стратегийн салбарт ойртон түншилж байна. Тус улсын цөмийн зэвсгийг энхийн зориулалтаар ашиглах гэрээ нь бусад улс орны анхаарлыг татсаар байгаа.

Энэтхэг бол яах аргагүй  манай гуравдахь том хөрш. Тиймээс улс төрд 27 настайгаасаа эхлээд 40 жил зүтгэсэн Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил гуай ч хамтын ажиллагааны талаар нэгийг тунгаан ирэх биз ээ.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top